sonin.mn

Өргөн нэвтрүүлгийн зах зээлд орчуулгын материалууд хүч түрэн орж ирж байгаа энэ үед Монголын зэрлэг амьтдын нэвтэрхий толь болохуйц танин мэдэхүйн бүтээлийг гэрэл зурагчид нэгдэн хийгээд нэг жилийн нүүр үзжээ.

Тус бүтээлийг телевизээр цацаж эхлээд удаагүй байгаа бөгөөд үзэгчдийн сонирхон үздэг нэвтрүүлгийн нэг болсон байна. Гэрэл зурагчид уг ажлаа “Хүрээлэн” төсөл хэмээн нэрлэжээ.

Тэд саяхан эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, зэрлэг амьтдын зургийн сангаа баяжуулаад ирсэн байна. Аяллын сонин сайхныг сонсохоор гэрэл зурагчин У.Ганбаяртай ярилцлаа.

-Түүхийн хуудсыг цаасан дээр буулган үлдээдэг гэрэл зургийн ертөнцтэй танилцаж, гишүүн нь болоод удаж байна уу?

-Би 20 гаруй жил гэрэл зураг авч байна. Гэрэл эурагчид сонирхдог төрлөөрөө мэргэшдэг. Манай улсын хувьд байгаль, ан амьтны зураг авч дагнан ажилладаг гэрэл зурагчин их ховор. Үүнийг дагаад эх орныхоо байгалийн түүхийг, зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын дүрсийг гэрэл зурагт төдийлөн буулгаж амжаагүй байна.

Хэдийгээр Монголд гэрэл зураг үүсч хөгжөөд 80 гаруй жил болсон ч энэ тал дээр дутагдалтай зүйл бий. Ер нь байгаль хамгаална гэдэг нь тодорхой тооны хүмүүсийн хийдэг ажил гэж бид өрөөсгөл ойлгодог. Гэтэл бид ч гэсэн баримтат кино, гэрэл зургаар дамжуулан хүмүүст байгаль, зэрлэг ан амьтдын талаар танин мэдэхүйн мэдээлэл өгч болно гэдгийг ойлгосон.

Улмаар бид өнгөрсөн жилээс Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг нэртэй төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Мөн “Хүрээлэн" нэртэй төсөл санаачлан эхлүүлээд жилийн нүүр үзэж байна даа.

-Бас нэгэн сонирхолтой аяллаар яваад өнөөдөр иржээ. Уран бүтээлийн олз омог ихтэй юү?

-Зүүн хязгаараар яваад ирлээ. Монгол оронд Сибирийн буюу шивэр хандгай, хар мөрний хандгай буюу Уссурийский гэсэн хандгайн хоёр төрөл байдаг. Бид есдүгээр сарын дундуур Хөвсгөлийн Улаан тайгаар яваад Сибирийн хандгайн зураг авсан.

Сая Нөмрөгийн дархан газарт байдаг хар мөрний хандгайн зургийг авлаа. Мөн томоохон зээрийн сүрэгтэй таарах болов уу гэж найдсан ч санаснаар болсонгүй. Нутгийн иргэд “Сүүлийн хоёр, гурван жил зээрийн том сүрэг орж ирээгүй" гэсэн.

Уг нь өдийд бөөнөөрөө сүрэглэн явж байсан тухай өмнө нь сонссон юм л даа. Гэтэл 2000 орчим зээртэй л таарлаа. Газар нутгийн хувьд Мэнэнгийн тал, Халх гол, Дорнод Монголын дархан газраар яваад ирсэн.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэчнээн төрөл зүйл зэрлэг амьтны зураг аваад байна вэ?

-Нэг жилийн хугацаанд 70 гаруй зүйлийн хөхтөн амьтны зураг аваад байна. Мөн 100 гаруй зүйлийн жигүүртэн шувуудын зургийг авчээ. Монгол оронд байдаг зургаан зүйл хоёр нутагтны гурвынх нь зургийг бас гэрэл зурагт буулгаж амжсан байна.

Ингээд дүгнэхээр эхэлснээсээ хойш чамлахааргүй амжилттай явж байна. Тэр дундаа дэлхийд ховор ирвэс, мазаапай хар мөрний хандгай зэрэг амьтны зургийг авсан болохоор сэтгэл санаа их өөдрөг байна даа.

-Амьтдын зураг авах нь амаргүй ажил. Хүлээлт, асар их тэвчээр зарцуулсны эцэст хүсэн хүлээсэн зургаа авах боломж олддог?

-Зэрлэг амьтад ямар аргамжаатай байх биш хэцүү шүү дээ. Амьтад үргэлж л айж, зугтаж, нуугддаг байгалийн зохилдлогоотой учраас эрж хайх ажил гардаг. Тэгээд хайсан амьтнаа олсны дараа зураг авахад зай нь хол байх тохиолдол гарна.

Тэгэхээр зураг авахад төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болдог гэсэн үг. Зураг авахад хамгийн бэрх байсан нь ирвэс, хандгай, мазаалайны зураг авах байв. Жишээ нь, хандгай чийг намагтай, хүний хөл хүрэхэд хэцүү газарт байдаг.

-Ирвэсийн зураг авахдаа хэрхэн хүч хөдөлмөр, зарцуулж байгааг нэвтрүүлгээс тань үзсэн. Тэр үед газар нутгаа сайн мэддэг нутгийн хүний тус их дэм болдог юм шиг ажиглагдсан?

-Биднийг зураг авахад, амьтанд ойртоход, зэрлэг амьтны зан байдлыг ойлгоход хамгийн их тусалдаг нь биологичид, нутгийн ард иргэд байдаг. Бас анчдыг зөвлөгөө ч их чухал. Тэд л өөрсдийн хүрээлэн буй байгаль, газрын бартааныхаа талаар сайн мэднэ шүү дээ.

-Одоогоор Монголын хэдэн аймгаар аялж, зураг аваад байна вэ?

-Монголын 15 аймгаар аялж, нийтдээ 28000 км зам туулчихсан байна.

-Танай аяллын багийн бүрэлдэхүүнд эмэгтэй хүн байдаггүй. Магадгүй холын замд ачаалал даахгүй гээд авдаггүй юм болов уу?

-Бидний аялалд нэгдэх сонирхолтой эмэгтэй хүн байвал явж бололгүй яах вэ. Гэхдээ эмэгтэй хүний хувьд аялал бол хэцүү ажил. Бид хүйтэнд гадаа хононо, шаардлагатай тохиолдолд морь, завиар аялдаг.

Заримдаа манай аяллын бүрэлдэхүүнд эмэгтэй биологичид явдаг. Түүнээс биш үндсэн гишүүдэд эмэгтэй хүн хараахан байхгүй. Одоогоор гэрэл зурагчин С.Цацралт, сэтгүүлч М.Буянбадрах, зургийн дарга Ч.Батаа, зураглаач Б.Улсболд, мантажийн найруулагч Н.Энхмэнд гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа.

-Одоо хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?

-Увс, Ховд, Баян-Өлгий чиглэлд ирэх сард явахаар төлөвлөж байна. Алтайн аргаль, янгирын зургийг авна. Мөн ирвэсийн зураг авах зорилготой. Ер нь болж өгвөл тэдгээр аймагт байгаа бүх л амьтдын зургийг авах санаатай байна.

Бидний аяллын нэгээхэн хэсэг нь явган аялал. Жишээ нь, бид өнгөрсөн удаад ирвэсний зураг авахаар явахдаа өдөрт 18 км алхаж байсан.

-Та бүхнийг аяллаар явахад байгаль дэлхийтэй зөв харьцаж байгаа хүн цөөнгүй таардаг байх. Нэвтрүүлгийн нэг дугаарт зөв загасчлах спортыг хөгжүүлж байгаа хүмүүстэй таарсан талаар гарч байхыг үзсэн учраас ингэж асууж байгаа юм л даа?

-Зун Хөвсгөл аймагт явж байхад “Fly fishing" холбооныхонтой таарсан. Тэд зөв зүйтэй загасчлалыг хөгжүүлж байсан. Загас гэмтээхгүй жижигхэн, сэртэнгүй дэгээгээр барих ёстой юм билээ. Барьсан загасаа буцааж тавьдаг. Тэр бол их соёлтой спорт юм шиг санагдсан.

-Аяллын үеэр зэрлэг амьтан та бүхэн лүү халдах тохиолдол гарсан уу?

-Чоно, нохой ч. юм уу зэрлэг амьтан дайрсан тохиолдол гараагүй. Сая бид гахайн зураг авсан. Гахайн зураг авах амаргүй ажил юм байна. Бидэнтэй явсан морьтой хүн рүү зэрлэг гахай дайрч хамт явсан нохойг маань хадарсан.

Ер нь аяллын замд аюул их ойрхон байдаг. Гэхдээ тэглээ гээд зорилгоосоо ухрахгүй. Сайн зураг авахын тулд аль болох ойроос зураг авах хэрэгтэй шүү дээ.

-“Хүрээлэн" төсөл 2016 онд дуусна. Тэр үед та бүгдээс урьд өмнө нь хийж байгаагүй Монгол орны зэрлэг амьтдын нэвтэрхий толь, баримтат нэвтрүүлэг гарах байх?

-Бид төслөө 2016 он хүртэл хийнэ гэж харж байгаагаас яг тэр үөд дуусгана гэж бодохгүй байна. Тэгэхээр 2016 онд энэ ажил маань дуусахгүй ч байж магадгүй юм. Амьтан тус бүрээр баримтат кино хийх бодолтой байна. Ингэж үргэлжилбэл асар их хугацаа зарцуулна гэсэн үг.

Ингэж явсаар байтал төсөлд ороогүй ч юм уу эсвэл зэрлэг амьтны шинэ төрлийг нээхийг хэн байг гэх вэ дээ. Ер нь манай төсөл цаашаа үргэлжлэх байх аа. Би тэгж л харж байна.

2016 онд алтай, хангай, тал, хээр гээд Монгол орныхоо дөрвөн бүсээр тухайн бүс нутгийн хамгийн түлхүүр амьтдыг оруулаад дөрвөн анги кино хийх санаа байгаа л даа. Яг түүн шиг гэрзл зургийн дөрвөн боть ном гаргахаар төлөвлөж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: