sonin.mn

Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Нийслэлийн шилдэг өрх”-ийг энэ жил Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр шалгаруулсан билээ.

Энэ жил шалгарсан есөн шилдэг өрхийн нэгд Чингэлтэй дүүргийн II хорооны иргэн Ц.Батбаярынх багтсан. Түүний гэргий МУГЖ, дуурийн дуучин А.Бүтэд юм. Түүнтэй амьдрал, уран бүтээлийн замналынх нь тухай ярилцлаа.

-Юуны өмнө “Нийслэлийн шилдэг өрх”-өөр шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баяртай байгаа. Энэ сайхан шагналд манай гэр бүлийг шалгаруулсанд баяртай байна.

-Ханьтайгаа хичнээн жил ханилж байна вэ. Ханийнхаа тухай яриач?

-Миний ханийг Ц.Батбаяр гэдэг. Цахилгааны инженер хүн л дээ. Түлш, эрчим хүчний яамны гадаад харилцааны хэлтэст ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Бид хоёр ханилаад 30 гаруй жил болж байна.

Нэлээд сүүлд ханилсан. Хэн хэнийх нь анхны хань бурхан болсны дараа нэгэндээ түшиг болон амьдарч яваа хүмүүс дээ. Урлагийн хүний хань, арын алба байна гэдэг хэн хүний чадах зүйл биш. Тийм ч учраас ханиараа бахархдаг.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ. Хичнээн ач, зээтэй болоод байна?

-Хүү, охин хоёртой. Зургаан ач, зээтэй.

-Хүүхдүүд нь ямар мэргэжилтэй вэ?

-Хүүхдүүд маань бүгдээрээ их сургууль төгссөн. Охин Ариунсанаа маань эмч мэргэжилтэй. Хүү Насанбилэг маань Японд улс тер, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгссөн.

-Энэ жил “Нийслэлийн шилдэг өрх” шагналыг есөн гэр бүлд олголоо. Танай гэр бүлийн хувьд ямар шалгуураар энэ шагналыг авсан гэж бодож байна?

-Яг ямар шалгуур тавьсныг нь сайн мэдэхгүй байна л даа. Үр хүүхдүүдээ яаж өсгөж хүмүүжүүлсэн, аж ахуйч, ногоон орчин бий болгосон, олон жил ханилсан гээд шалгууруудыг тавьсан байх.

-Танайх Амгаланд их сайхан газартай юм билээ?

-1995 онд Амгаланд буюу Баянзүрх дүүрэгт газар авч байлаа. Харин 2004 оноос өөрсдөө тэндээ амьдарч эхэлсэн юм. Хүн нас ахиад ирэхээрээ агаар салхинд байхыг илүү их хүсдэг юм байна. Миний ээж байгаль эхээ бишрэн шүтэх, аж ахуйч байх хүмүүжлийг надад олгосон гэж боддог юм.

Ингээд 2004 оноос хашаагаа өөрсдийнхөө хэрээр янзалж эхэлсэн. Миний ханийн л зүтгэл юм даа. Анх хов хоосон хашаа авч байлаа. Битүү зэрлэг ургамалтай газар л байсан. Одоо бол сайхан зүлэгжүүлсэн. Аль болох л улам сайхан болгох гээд л хичээх юм. Голт бор, бүйлс, улиас мод суулгаж хашаагаа чимсэн. Гурван хүлэмж бариад ногоо ч тарьдаг боллоо.

Одоо бол үхрийн нүд, мойл, үрэл, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, улаалзгана, чацаргана, интоор, тэхийн шээг гэх мэт жимснүүд, байцаа, сонгино, төмс, лууван, улаан лооль, хулуу гэх зэрэг хүнсний ногоонууд тарьж байгаа.

Жил ирэх тусам улам л ахиулаад, өөр өөр төрлийн ногоо тарьж үзэхийг хүсдэг болоод байна. Нас ахиж байгаа болохоор хөдөлгөөн нь бидэнд хэрэгтэй юм. Ач, зээ нарыгаа ирэхэд өөрийнхөө тарьсан жимс, ногоогоор дайлах нь сэтгэлд их өег.

-Ингэхэд анх хэдэн онд Улаанбаатар хотод хөл тавьж байв?

-Би чинь Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн хүн. Хотод анх 1956 онд орж ирж байсан санагдана. Тэр цагаас хойш хотдоо амьдарч байнадаа

-МУГЖ Бүтэдтэй уулзаад уран бүтээлийн тухай асуулгүй өнгөрч болохгүй. Анх урлагт хөл тавьсан үеийг дурсъя?

-1960 онд Цэргийн ансамбльд орсноор амьдрал минь урлаг гэж зүйлтэй салшгүй холбоотой болсон юм. Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Г.Дарамзагд гуайд шалгуулж байлаа.

Анх найрал дууны дуучнаар орсон. Тэндээсээ Болгарийн сургуульд явуулах дуучдын тоонд багтсан. Дуурь бүжгийн эрдмийн театр 1963 онд байгуулагдсан шүү дээ. Боловсон хүчнээ бэлтгэж байсан нь тэр. Хүний аз, од юм даа.

-Та 1969 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үеийн уран бүтээлийн чанар, дуучдын өрсөлдөөн ямар байв?

-Би Болгарийн Софигийн хөгжмийн дээд сургуулийг 1969 онд дуулаач мэргэжлээр төгсч ирээд л Дуурь бүжгийн эрдмийн театрын босгыг алхаж байлаа. 23 жил ажилласан. 1696 оноос 1993 он хүртэл гоцлол дуучнаар ажилласан. Сайхан үе л дээ.

Тухайн үед Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай, Ардын жүжигчин Х.Уртнасан гээд л “Большой театр”-т очиж дуулдагбайсан гэх жишээтэй. Мөн тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын хотуудаар, Болгарт тоглолт хийдэг байлаа.

Дээрээс нь тэр үед төрөөс сонгодог урлагийг хөгжүүлэх тусгай тогтоол гарч, үзэгчдийг бэлтгэж байсан. Хүмүүс дуурийг их үздэг байлаа.

-1962 онд Б.Жамсрангийн найруулсан "Хөхөө гэрлэх дөхлөө” киноны худалдагч Сувдаагийн дүрийг 18 насандаа бүтээсэн. Ямар аз, тохиолоор дэлгэцийн уран бүтээлд дүрээ үлдээсэн бэ?

-Хүний аз л юм даа. Би 1960 онд Цэргийн ансамбльд орчихсон байлаа. Тэр үедээ кино пробонд дуудагдаад очиж байсан юм. Юу ч мэдэхгүй жаахан охин очоод л шалгуулж байсан. Юунд, яаж ч тоглосон юм.

Одоо бодоход зарим юм нь инээдтэй л харагддаг юм. Тухайн үед найруулагч Б.Жамсран, зураглаач О.Уртнасан нар л намайг шалгаж авч байсан санагддаг юм.

Тэр мундаг найруулагчтай, Р.Дамдинбазар гуай, Ардын жүжигчин Т.Цэвээнжав гуай, Б.Дашдаваа зэрэг мундаг уран бүтээлчидтэй тоглосон минь хамгийн том аз байсан юм даа. Эргээд харахад “Ингэх юм яалаа, тийм зүйл дутуу байж дээ” гэсэн бодол төрдөг л юм.

-Мөн "Солонгын таван өнгө" киноны Эх дагина Дондогдуламын дүр, “Амьдралын нахиа” киноны Цэрмаагийн дүрийг ч бүтээсэн байдаг?

-“Амьдралын нахиа”-гийн Цэрмаа бол жижигхэн дүр л дээ. Гэхдээ их өвөрмөц дүр. Энэ дүрд 40 нас гарсан хойноо тоглосон. Харин “Солонгын таван өнгө”-д 30 гаруй настай байхдаа тоглосон санагдана.

-Дж.Вердийн “Отелло” дуурийн Дездемона, Дж.Рос-синийн “Севилийн үсчин” дуурийн Розина, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Микаэла, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна гэх зэрэг дэлхийн сонгодог дууриуд, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Уянга зэрэг үндэсний сонгодог дууриудын гол дүрүүдийг бүтээж явсан. Нийт хичнээн дуурийн гол болон туслах дүрийг бүтээж, Монголын сонгодог урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн бол?

-23 жилийн турш Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллахдаа 30 гаруй дуурийн гол болон туслах дүрүүдэд тоглосон байдаг юм. Хамгийн анх “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаад тоглож байлаа. Дараа нь 1976 онд дерөв дэх удаагаа шинэчлэн тоглоход нь Нансалмаагийн дурд тоглосон. 38 жилийн өмнө юм даа. Тэр үед УГЗ Д.Лхасүрэн багш маань байлаа.

Ардын зураач Л .Гаваа гуай ажиллаж байлаа. МУГЖ Д.Дагванамдал гуай, МУГЖ М.Найдалмаа дуулж байсан. Олон сайхан уран бүтээлчид ажиллаж байж. Түүнээс хойш Дамдинсүрэн гуайн олон ч үндэсний дууриудад дуулсан даа.

МУГЖ Д.Пүрэвсүрэн, Ардын жүжигчин А.Загдсүрэн, МУГЖ П.Цэвэлсүрэн гээд ахмадуудын араас М.Найдалмаа, Х.Уртнасан, Б.Банзаржав бид хэд нэг үе болон дуулж байлаа. Тухайн үед долоо хоногт дор хаяж хоёр дуурь тоглогддог байсан юм. Бүтэн сайн өдөр бүр хоёр ч тоглолттой байдаг байлаа,

-Хөгжим бүжгийн коллежид хэд дэх жилдээ багшилж байгаа вэ. Шинэ үеийн дуурийн дуулаачдыг бэлтгэх амаргүй үүргийг 70 насныхаа босгон дээр ч үүрсээр яваа шүү дээ?

-Манай мэргэжлийнхэн зрт тэтгэвэртээ гардаг шүү дээ. Би 1993 онд тэтгэвэртээ гарсан юм. Тэгээд л Хөгжим бүжгийн коллежид дуулах урзүйн багшаар ажиллах болсон доо. Одоог хүртэл 21 дэх жилдээ багшилж байна.

Энэ хугацаанд олон арван шавь бэлтгэж төгсгөлөө. Шавь нар минь Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, бусад урлагийн байгууллагууд, хөдөө орон нутагт ажиллаж байна. 60 гаруй дуучин бэлтгэсэн байна.

Нэгэнт хүүхдийн цаашдын ирээдүй, ямар дуучин байх, хэн болох, яаж уран бүтээл туурвих, мэргэжлийн түвшинд аваачих зэрэг нь багштай холбоотой учраас энэ ажлаасаа хөндийрч чадахгүй л байна.

-Орчин цагийн дуурийн дуучин бэлтгэх аргазүй, дуучдын ур чадвар таныг анх дуучин болж байх үеийнхээс ялгаатай болж байна уу?

-Би өөрөө Болгарьт Софигийн хөгжмийн дээд сургуулийг төгссөн. Дуулаачийг итали арга барилаар маш сайн төгсгөдөг байлаа л даа. Би Цэргийн ансамбльд гурван жил ажиллаж байгаад Болгарьт сургуульд явж байсан юм.

Одоо бол монгол арга барилыг манайхан бараг гаргачихаж байна шүү дээ. Өөрсдөө дуучдаа бэлтгэж байгаа учраас. Эргээд өнгөрсөнтэйгөө харьцуулаад харахад маш өөр болсон байна.

Тухайн үед бид Болгарийн дуурийн театр очиж үзнэ, ганц нэг пянз л сонсдог байлаа. Одоо бүх зүйл нээлттэй, сайхан болж. Энэ хэрээрээ илүү хурдацтай хөгжиж байгаа болохоор манай дуучид дэлхийд нэрээ гаргаж байна. Э.Амартүвшин, П.Бадрал, Г.Ариунбаатар, А.Сайнбаяр гэх мэтчилэн залуу дуучдын нэрийг дурьдаж болно.

-Гэхдээ нэгэн үе манай сонгодог урлаг нэлээд удаан зогсонги байдалд орсон шүү дээ?

-1990-ээд оны үед хэсэг хэцүү болсон шүү дээ. Тэр үед үнэхээр сэтгэлтэй, урлагаас салж чадахгүй хэсэг нь л Дуурь бүжгийн эрдмийн театртаа үлдсэн. Ямар ч байсан энэ их айлын галыг унтраалгүй аваад л үлдсэн.

Тэр дунд нь манай Хөгжим бүжгийн коллеж өөрсдөө дуулаачдыг бэлтгэж байсан нь их дэм болсон гэж боддог юм. Одоо их сайхан сэргэж ирж байна. Үзэгчдийн хувьд ч тэр. Дуурь гэдэг чинь нэг удаа үзээд л ойлгодог, дурладаг зүйл биш шүү дээ.

Олон дахин үзэж байж, уншиж байж, өөрийгөө бэлтгэж байж ойлгодог урлаг. Т иймээс залуус маш их унших, үзэх, сонсох хэрэгтэй байх. Одоо бол сонсох, үзэхэд бүх зүйл нээлттэй, боломжтой байна. Сонгодог урлаг гэдэг тухайн улсынхаа хөгжлийг харуулдаг эд шүү дээ.

-2010 онд урлагт хөл тавьсны 50 жил, дуурийн гоцлол дуучин болсны 40 жилийнхээ ойд зориулж “Оргилуун он жилүүд” тоглолтоо хийсэн санагдана?

-Тэгсэн. 1960 онд анх урлагт хөл тавьсан хүн шүү дээ. Энэ ойн тоглолтыг хийхэд Хегжим бүжгийн коллежийн удирдлага, манай тэнхимийнхэн маш их дэмжсэн. 65 настайдаа хийсэн тоглолт.

Ирэх жил би 70 нас хүрнэ. Энэ ойгоороо нэг цомог гаргах, тоглолт хийх бодогттой байгаа. Яг цаг хугацаагаа товлосон зүйл одоогоор алга. Одоохондоо дуулахад түүртэх болоогүй байна.

А.Халиун

Эх сурвалж: