sonin.mn

Ирланд, Шотландаас үүсэлтэй гэгдэх “Halloween”- ийн баярыг жил бүрийн аравдугаар сарын 31-нд олон улсад өргөн дэлгэр тэмдэглэдэг. “Halloween” гэдэг үгийг англи хэлний Оксфордын толь бичигт “All-Hallows-Even” гэх буюу монголоор “Бүх гэгээнтнүүдийн өдрийн өмнөх өдөр” гэсэн утгатай хэмээн тайлбарласан байдаг.

Энэ үг нь 1556 оноос өмнөх бичвэрүүдэд байдаггүй байна. Дээрх баяр анх хаанаас үүссэн тухай түүхч Николас Роджэрсийн үзэж байгаагаар эртний Грекийн эцэг өвгөдийнхөө сүнсэнд өргөл өргөх баяраас үүссэн байж магадгүй гэж үзжээ. Бас нэгэн хувилбар нь ургацын жил дуусч шинэ жил эхэлсэн баяраас үүдэлтэй ч гэж үздэг байна.

Ургацын баярыг гэрэлтэй үед дуусч, харанхуй үе эхлэх хугацаа гэдэг. Энэ үеэр хоёр ертөнцийн хоорондох зай ойртдог учраас сүнснүүд бидний ертөнцөөр чөлөөтэй явдаг гэж үздэг ажээ.

VIII зууны үеэс Бүх гэгээнтнүүдийн өдөр, ургацын шинэ жилийн баярын уламжлал дээр Ирландын христын шашны дэг ёс ороод одоогийн “Halloween”- ийн баяр үүссэн гэж үздэг. Эцэг өвгөддөө хүндэтгэл үзүүлэх өдөр, ургацын шинэ жил гэсэн хоёр баяраас үүдэлтэйгээр аравдугаар сарын 31-ний шөнө дээрх баярыг Шотланд, Ирландад тэмдэглэдэг болжээ.

Ойролцоогоор ХVI зууны үед амттан өгөх, баг зүүж янз бүрийн хувцас өмсдөг заншил үүссэн бол XIX зууны үеэс “Жэкийн дэнлүү”, аймшгийн хувцас өмсдөг болсон гэдэг. “Жекийн дэнлүү” нь анх манжингаар аймшгийн дүрс хийж цонхон дээрээ тавьж танихгүй сүнснүүдээс хамгаалдаг байсан бол энэ нь сүүлдээ хулуу болж сүнснүүдэд өөрсдийнхөө газар очих замыг гэрэлтүүлдэг болон өөрчлөгджээ.

Хулуу нь засч янзлахад амар бөгөөд дотор нь гэрэл тавихад тохиромжтой болохоор америкт нүүж очсон ирланд, шотландууд ашиглаж энэ баярын гол бэлгэдэл болгожээ.

Гэрэлтэй хулууг чөтгөрийг олон удаа хуураад там, диваажин хоёрын алинд нь ч очиж чадахгүй энэ ертөнцөөр тэнүүчлэхдээ гэрэл барьж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулан явдаг овжин зальтай Жек гэдэг ирланд эрийн домгоос үүдэлтэйгээр “Жекийн дэнлүү” гэж нэрлэдэг бол хойд Америкт хахир харамч Чарли гэдэг хүн нас бараад хөрөнгөндөө хорогдоод шар хулуу болон эргэн ирдэг учир түүнийг айлгах гэж хулууг аймшгийн дүрстэй болгодог болжээ.

Энэ л үеэс “Trick-or-treat” буюу “Амттан эсвэл сүнсээ өг” хэмээн хүүхдүүд айл айлын хаалга тогшин амттан цуглуулдаг болжээ. Тиймээс энэ баяр хүүхдүүдийн хувьд хамгийн их хүсэн хүлээдэг баяр болсон байна.

Хүмүүс баг өмсч дэлхийгээр хэсэн тэнүүчилж байгаа сүнснүүдэд танигдахгүй тэдэнтэй адил сүнс гэж бодогдуулахын тулд гэнэ Шотландад эрчүүд нь цав цагаан баг хар хувцас өмсдөг бол бусад улсад аймшгийн зохиолын баатар, чөтгөр шулмын хувцас өмсдөг байна.

Одоо үед энэ баяраар хүмүүс элдэв янзын баг, хувцас өмсч амттан цуглуулах бие биенээ цочоох, нийлж бүжиглэх зэргээр тэмдэглэдэг болжээ.

Т.Ганбаатар

Эх сурвалж: