sonin.mn

Нийслэлийн төвийн дүүрэгт жаахан л зай гарвал барилга барьчихдаг. Хаяа нийлсэн бус хана ханаа дагасан барилгууд босдог болсоор удлаа. Яахав албаны хүмүүсийн учирладгаар бол инженерийн шугам сүлжээндээ баригдаад ингэдэг юм гэнэ лээ.

Мөн аль болох л хотынхоо төв рүү байвал үнэ нь өсдөг тул бизнесмэнүүд сонирхоод байдаг. Гэвч нөгөө талаас төрийн болоод үйлчилгээний байгууллагуудын ихэнх нь хотынхоо төвд шавааралдсан байдалтай болчихлоо.

Дэлгүүр, ресторан, газрын алба нь нэг хэсэг газар шаваарчихсан нь сумын төвийн дэлгүүрийн бараа шиг дүр зурагтай адилтгаж болмоор шүү. Нийслэл хотыг дэд төвүүдэд хуваарилан хөгжүүлэх төлөвлөгөө гарсан боловч энэ нь ойрын хэдхэн сарын дотор бий болчих зүйл биш.

Ийм нөхцөлд төрийн, амины үйлчилгээ авахын тулд хотын төвийг зорихоос аргагүй. Харин машин тавих газар тун хомс байна. Үүнийг ажигласан зарим хүмүүс нэлээд сэргэлэн зан гаргасан.

Байгууллагынхаа урд зогсоолыг хашаатай болгоод л төлбөр авч байгаа Спортын ордон, Дашчойлин хийд зэрэг газрууд байна. Бүр Сууц өмчлөгчдийн холбоонууд байрны урд талыг дураараа зогсоол болгож ашигласан явдал ч гарсан. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дураараа авто зогсоол гаргасан зарим тохиолдлыг хориглосон байна лээ.

Харин одоо зогсоолуудын төлбөрийг нэг мөр болгож журам гаргаасай гэх хүмүүс олон байгааг нийслэлийн удирдлагуудад дуулгая. Зарим байгууллага 30 минут зогсоход 2000 төгрөгийн төлбөр авч байна.

Өндөр төлбөртэй зогсоол хажууханд нь байхад иргэд аз мэдэг гээд нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихдаг. Энэ нь замын түгжрэлийн нэг шалтгаан болж байгаа. Тиймээс бүх төлбөртэй зогсоолуудыг нэгдсэн үнэ тарифтай болговол ямар вэ.

Ж.Энх

Эх сурвалж: