sonin.mn

2003 онд анхлан зохион байгуулагдсан “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” буюу "Хийморь тэтгэсэн Улаанбаатар” эстрад дуу дуулаачдын тэмцээнээс гараагаа эхэлж, “Чамайгаа оллоо", “Чиний хайранд", “Чамд хайртай нэгэн” гэх зэрэг уянгалаг хайрын дуунуудаараа сонсогчдын сонорыг мялаасаар ирсэн дуучин Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Дуучин Мөнхбат хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрчих шиг боллоо. Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас эхэлье?

-Тэглээ. Хүссэн хүсээгүй ийм нам жим байдал руу ордог юм байна. Гэхдээ уран бүтээлээсээ ор тас хөндийрсөнгүй. Хийж байгаа зүйлүүд байна. Гэхдээ өнөө маргаашдаа цацчих бодол алга.

-Дуучин Мөнхбат, Үүрцайх гэсэн нэр холбоотой юм шиг л нэгийгээ дагалдаж явдаг. Ингэхэд Үүрээ одоо юу хийж байгаа вэ. Бас л нам гүмхэн байгаад байна?

-Ээжийнхээ үүргийг л их сайн биелүүлж байгаа даа /инээв/. Гэхдээ бас л уран бүтээлээ орхиогүй.

-Өнөөдрийн ярилцлагаа “New Star” студид хийж байгаа нь бас нэг учиртай байх. Эндээс шинэ уран бүтээлүүд төрөх гэж байна уу?

-Тиймээ. Бид хоёр шинэ уран бүтээлүүдээ энэ студид орж байгаа. Ер нь бидний уран бүтээл “New Stаr”-аас л эхэлж байсан. Эндээ л үргэлжилж байна. Бид хоёрын дуунуудын 80 орчим хувь нь энэ студид бүтсэн байдаг. Яг одоо энд мөн л шинэ дууныхаа ажлаар ирчихээд байж байна.

-Өнгөрсөн хугацаанд дуучин Үүрцайхтай хамт уран бүтээл хийж ирсэн. Харин бие даасан, ганцаарчилсан уран бүтээл хийх санаа байгаа юу?

-Хийсэн зүйлүүд бий. Гэхдээ цацах, олонд хүргэх гэж их хүчилдэггүй. Дууны фонд бүрдүүлэх тал дээр одоо л анхаарч эхэлж байна даа.

-Ингэхэд анх дуучин Үүрээтэй яаж танилцсан юм бэ. Хамт дуулж эхэлсэн нь ч бас түүхтэй байх?

-Бид хоёрыг чинь хөгжмийн зохиолч Л.Балхжав ах холбож өгсөн юм шүү дээ. 2003 онд “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд бид хоёр оролцож байсан юм. Тухайн үед би гран при шагнал авсан. Үүрээ дөрөвдүгээр байранд орж байсан санагдаж байна.

Энэ тэмцээнд оролцож байхдаа анх танилцсан юм. Тэр үеэс эхлээд л хамтдаа уран бүтээл хийж эхэлсэн. Анхны дуугаа "Мичид” рекордст хийлгэж байсан санагдаж байна.

Тэмцээнд оролцоод нэг дууны бичлэг хийлгэх эрхээр шагнуулж байсан юм. Тэр эрхийнхээ дагуу анхны бичлэгтээ орж байлаа. Бид хоёрын “Чамайгаа санахаар” гэж дуу ингэж л бичигдэж байлаа.

-Эрэгтэй, эмэгтэй дуэт дуучид тэр бүр байдаггүй. Та хоёрын хувьд хамтарсан цомгоо гаргаад, хоёр ч бие даасан тоглолт хийгээд амжсан шүү дээ?

-Тэгсэн шүү. Бие даасан хоёр тоглолт хийсэн. Бас монгол орноо бүтэн тойрч аялан тоглолт хийж байлаа. Эхний тоглолтоо “Чиний хайранд” дуугаараа нэрлэж байлаа. Харин хоёр дахь тоглолтоо “Хайрын цэцэг” нэртэйгээр гэгээн Валентины баярын өдрөөр тоглож байсан юм. Тэр тоглолтоосоо хойш уран бүтээлээ түр завсарласан.

-Тэгэхээр уран бүтээлээ зав-сарласан хэсэг хугацаандаа хувийн амьдралаа төвхнүүлэв үү?

-Тэгж ойлгож болно шүү. Хоёр сайхан хүүтэй болсон. Одоо эхнэр, хоёр хүүтэйгээ амьдарч байна.

-Ер нь та хэвлэл мэдээллээр гарахаас зайлс хийдэг хүн шиг санагддаг юм. Шар хэвлэлээр гүтгүүлээд хаширчихсан уу?

-Байх л зүйл шүү дээ. Нэг их хүндээр тусгаж авдаггүй л юм. Нэг хэсэг янз бүрээр л бичүүлсэн дээ. Ер нь ч мартчихдаг юм байна. Намайг мэддэг хүмүүс ч хэлэх л байх.

-Хамт дуулдаг болохоор ч тэр үү дуучин Үүрээтэй холбож их бичдэг байсан санагдана?

-Хамт уран бүтээл хийдэг, дээр нь дандаа хайрын тухай дуу дуулдаг хоёр хүнийг нэг нэгэндээ хайр сэтгэлтэй байх гэсэн таамгаар л бичдэг байсан байх. Харин би хүмүүст тийм мэдрэмж төрөхөөр дуулж чадсандаа баярладаг /инээв/.

-2003 онд “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ" тэмцээнд оролцож байх үедээ Соёл урлагийн их сургуулийг төгсчихсөн байв уу?

-Үгүй ээ. Хоёрдугаар курсын оюутан байсан.

-Ингэхэд яагаад заавал дуучин мэргэжлийг сонгож эзэмшсэн юм бэ?

-Би өөрийгөө анхнаасаа л урлагийн мэргэжил сонгох ёстой байсан хүн гэж боддог юм. Өөрийгөө урлагийн боловсролтой, мундаг мэдлэггэй гэдэг утгаар хэлж байгаа юм биш шүү. Яагаад гэхээр би өөрийгөө өөр мэргэжилтэйгээр харж байгаагүй.

Миний мөрөөдөл энэ л байсан. Урлаг надад аз жаргалыг хамгийн ихээр мэдрүүлдэг зүйл юм даа. Хэзээ ч уйдахгүй хийж чадах ажил минь урлаг. Урлаг гэдэг чин сэтгэл шингэдэг зүйл шүү дээ.

-Багадаа Хөгжим бүжгийн коллежид сурч байсан гэсэн?

-Анх нэгдүгээр ангид элсч орохдоо Хөгжим бүжгийн коллежид орсон юм.  Гэхдээ удаан суралцаж чадаагүй ээ. Би багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа.

Аав, ээжийгээ олон ч удаа сургууль дээр дуудуулсан даа. Сүүлдээ аав маань намайг энгийн сургууль руу шилжүүлсэн /инээв/. Урлагийн сургуульд над шиг хөдөлгөөнтэй хүүхзд таарахгүй л байсан юм байлгүй дээ.

-Ер нь гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юу?

-Байхгүй ээ. Гэхдээ манай ээжийн талынхан их сайхан дуулдаг хүмүүс байдаг юм. Би гэр бүлийнхэн дотроо урлагийн сургууль төгссөн анхны хүн. Гэхдээ миний араас гарч ирэх байх аа. Найр наадам болохоор л хамаатнуудынхаа дуулж байгааг сонсоод сууж байдаг байлаа.

Багадаа өөрөө шүлэг зохиогоод гэрийнхэндээ уншиж өгдөг байсан гэдэг. Би өөрөө санадаггүй юм. Ах, дүү нарынхаа өмнө гараад шүлэг уншиж байсан нь миний анхны тайз ч байж болох.

Заавал олон хүн гэхгүйгээр нэг ч бай, хоёр ч бай хүний өмнө өөрийнхөө чин сэтгэлээсээ гарч байгаа зүйлийг үзүүлж, илэрхийлж байгаа учраас тайз гэж нэрлэж болох байх.

-Уран бүтээлээ удаан завсарлалаа гэсэн шүүмжлэл хэр ирж байна вэ?

-Нэг хэсэг их ирдэг байгаа. Одоо бараг мартсан байх аа /инээв/.

-Уран бүтээлч хүн болгонд хүрэхийг хүсдэг мөрөөдөл, зорилго байдаг байх. Харин таны мөрөөдөл юу вэ?

-Яг үнэнийг хэлэхэд болдог бол гадны зах зээлд хөл тавьж үзмээр байна. Гадаадад очоод тэнд амьдарч байгаа монголчууддаа тоглох биш, тэндэхийнх нь иргэдэд тоглодог болохыг хүсч байна.

Уран бүтээлч хүн болсныхоо хувьд өөрөөрөө бахархах зүйл минь тэр байх болно. Хүссэн хүсээгүй бидний дараа дараагийн үеийхэн дэлхийн зах зээлд хөл тавина гэдэгт итгэдэг. Гэхдээ тэдэндээ тийшээ хүрэх жимийг нь бүдэгхэн ч болов гаргаад өгөхсөн гэж хүсдэг юм.

-Орчин үед цахим ертөнц гэдэг зүйл ноёрхлоо бүрэн тогтоожээ. Залуусын мэдээлэл авах суваг ч олширсоор байна. Тэр хэрээр хөгжмийн чиг хандлага өөрчлөгдөж байгааг бэлхнээ харж болно. Та хоёрын дараа дараагийн уран бүтээлүүдийн өнгө төрх өмнөхөөсөө хэр өөрчлөгдөж байгаа бол?

-Хүн өөрийгөө хэт эвдэх бас аюултай. Гэхдээ бид хоёр шинэ элекро стилийн дуу хийгзэд үзчихсэн байгаа. Ерөнхийдөө бидний уран бүтээлийн өнгө аяс нэг их эвдэгдэхгүй болов уу даа.

Харин мэдээжхамгийн чанартай, сайн дуугаралттай, хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц уран бүтээлийг сонсогчдодоо хүргэхийг зорино. Үүнийхээ төлөө хичээнэ дээ.

-Шинэ уран бүтээлүүд хэзээнээс үзэгч, сонсогчдод хүрч эхлэх бол?

-Шинэ он гаргаад цацаж эхлэх бодолтой байна. Уран бүтээлээсээ гадна нийгэм рүүгээ хандсан зүйлс бас хиймээр байна. Хүн хүндээ тусладаг, хүнлэг энэрэнгүй байхыг уриалсан зүйлс хийхийг хүсч байгаа. Чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулмаар байна. Уран бүтээлч хүн нийгэм рүү хандсан юуг хийж болохоор байна тэр болгоныг хийж үзэхээр шийдээд байгаа.

А.Халиун

Эх сурвалж: