sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “Fantastic” продакшны жүжигчин, МУСТА Ж.Алтаншагайтай ярилцлаа.

-Ярилцлагаа “Fantastic” продакшны болон жүжигчин Ж.Алтаншагайн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаж эхэлье. Уран бүтээлийн олз арвин байна уу?

-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Fantastic” продакшн “Миний ах атаман” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгч олондоо хүргэлээ. Шинэ он гаргаад дараагийнхаа уран бүтээлд орох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Дараагийн уран бүтээл төлөвлөгдөж байгаа гэлээ. Энэ тухай дэлгэрүүлж ярихгүй юу?

-Мөн л дэлгэцийн уран бүтээл байна.

-Төрөл жанрын хувьд ямар байх бол. “Fantastic” продакшн comedy, асtion төрлийн кинонуудыг үзэгчдэд хүргэсэн. Тэгэхээр дараагийн уран бүтээл нь ямар байх бол гэсэн хүлээлт байна?

-Одоо ярилцаж л байна. Бид ямарваа уран бүтээл хийхдээ маш их судалгаа хийдэг. Яг одоо энэ судалгаагаа хийгдэж байна. Түүнээс биш өмнө нь инээдмийн төрлөөр хийсэн, сая адал явдалт төрлөөр хийлээ, одоо эротик төрлөөр хийнэ гэсэн зүйл байхгүй.

Аль болох эрэлт хэрэгцээтэй байгаа тэр зүйлийг л үзэгчиддээ хүргэхийг зорьдог. Тийм учраас дараагийн уран бүтээл нэлээд их судалгааны үндсэн дээр хийгдэнэ. Яг одоо ямар төрөл жанраар хийгдэх нь шийдэгдээгүй.

Гэхдээ инээдмийн төрөл байх болов уу гэсэн таамаг бол байна. Би чинь ганцаараа биш шүү дээ. Надаас гадна гурван хүний шийдвэр гарч байж шийдэгдэх асуудал юм даа.

-“Fantastic” продакшныхан кино зохиолоо өөрсдөө бичиж, найруулж уран бүтээлээ хийж байгаагаараа бас давуу талтай. “Аз жаргалын шок”, Миний ах атаман” кинонуудын зохиолыг жүжигчин, МУСТА Б.Тамир бичсэн. Ер нь продакшныхаа дотоод нөөц, боломжийг бүрэн дайчилж байна аа даа?

-Тийм ээ. “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” кинонуудын зохиолыг Б.Тамир бичиж, найруулсан. Бид өөрсдөө л бүх зүйлээ хийхийг эрхэмлэдэг. Продакшн гэдэгутгаараа өөрсдийнхөө нөөц, бололцоонд тулгуурлан өөрсдөөсөө гарах бүх л зүйлийг шавхаж гаргах ёстой.

-Тэгэхээр дараа дараагийн хийгдэх уран бүтээлүүд дунд Ж.Алтаншагайгийн зохиолоор бүтсэн кино ч байж болох нь ээ?

-Би ч тийм зохиол энэ тэрийг оролдоод байдаг хүн биш ээ. Ямарваа уран бүтээл, зохиол бичигдэжэхлэхэд бид бүгд ярилцдаг. Түүний үндсэн дээр уг зохиол босдог. Ер нь дараагийн уран бүтээлийн зохиолыг ч Б.Тамир бичих байх. Манай хүн ер нь гаршаад байгаа шүү /инээв/.

-“Fantastic” продакшны гишүүн Б.Батсайханг үзэгчид “Хэцүү анги” олон ангит киногоор, Б.Тамир, М.Баярбат нарыг “Вооm town” хамтлагийн гишүүд байснаар нь сайн мэднэ. Харин өөрийн чинь хувьд “Миний ах атаман” кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдэд илүү их танигдах шиг боллоо?


-Би 2008 онд Соёл урлагийн их сургуулийг МУСГЗ С.Сугар багшийнхаа удирдлаган дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш тайз, дэлгэцийн уран бүтээлд төдийлөн их оролцоогүй.

Харин 2011 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тухай “Дурсамж төгсгөл үгүй” кинонд тоглож байлаа. Бас ганц нэг туслах дүрүүдэд тоглосон. Тэгээд “Миний ах атаман” кинондоо тоглолоо.

Ерөнхийдөө арга хэмжээ хөтлөх, зохион байгуулах ажлыг л өнгөрсөн хугацаанд түлхүү хийж байж. Манай продакшн тайз, дэлгэцийн уран бүтээл туурвихаас гадна арга хэмжээ, event-үүдийг зохион байгуулах ажлыг бас хийдэг шүү дээ.

-Тэгэхээр шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед улам л завгүй болох нь ээ?

-Одооноос захиалгуудаа аваад эхэлчихсэн байна. Жил болгон хамтарч ажилладаг, монголын топ компаниуд бий. Гол нь бид хүний итгэлийг алдалгүй, 100 хувь сэтгэл ханамжтай үр дүнг үзүүлэх ёстой.

-“Миний ах атаман” кинонд тоглохын тулд тусгайлан бэлтгэл хийж байсан гэж сонссон. Тэр тухайгаа яриач?

-Аливаа уран бүтээл, ямарваа зүйлийг хийхэд их, бага хэмжээгээр золиос гаргадаг. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Яахав зураг авалтын туршид костьюм өмсөх хэрэгтэй байсан. Тэгэхээр бие хаа их цэгцтэй, сайхан байх ёстой.

Уран бүтээл учраас гоо зүйн талаасаа ч үзэгчдэд ямар нэг зүйлийг мэдрүүлж байх ёстой шүү дээ. Тийм болохоор жингээ хасах, турах хэрэгтэй болсон. Энэ кинондоо тоглохын тулд 85 кг-аас 69 кг болтлоо турсан. “Golden gym” фитнесс төвийнхэнтэй хамтраад сар гаруй хичээллэсний үр дүнд жингээ хассан.

Тэр үедэ өдөр болгон давсгүй тахианы махнаас өөр зүйл идээгүй. Басэвгүй байсан шүү. Мөн “Аction crew” гээд киноны орлон тоглогчидтой хамтарч ажилласан. Тэдэнтэй хамт тулааны бэлтгэл хийсэн.

Дээр нь оюутан байхдаа тайзны хөдөлгөөний хичээл үзсэн учраас энэ төрлөөр хичээллэхдээ дуртай байлаа. Нэлээдгүй бэлтгэл, хичээл зүтгэл гаргасны үндсэн дээр зураг авалтдаа орсон. Тийм төгс хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ бид аль болох монголынхоо хөрсөнд буулгаж хийхийг оролдсон.

Солонгосууд шиг эргэж өшиглөөд л, дээгүүр харайгаад байж болохгүй шүү дээ. Тийм учраас зодоон нь хүртэл монгол орчиндоо зохицсон байх ёстой байсан. Ер нь манай киног үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Кинонд хоёр европ хувцастай босс уулзаж байгаа хэдий ч монгол хөөргөө зөрүүлж байгаа, мэндчилгээ нь хүртэл монгол ахуйгаа харуулж чадахаар байсан.

-Бас жүжигчдийн хувцаслалт их дэгжин санагдсан. Зураачийн шийдэл байв уу, найруулагчийн санаа байв уу?

-Бид хувцаслалт, стилийн хувьд ч өөр байлгахыг хичээсэн. Туслах дүрд тоглох жүжигчнийхээ хувцсанд хүртэл маш их анхаарч ажилласан. Яг тэр орчинг бүрдүүлье гэсэн үүднээс классик стилийг гол болгосон. Гэхдээ киног маань үзсэн хүмүүс харсан байх. Бид байдаг л нэг костьюм, пиджак өмсөөгүй. Энгийн биш, донжтой, дэгжин байсан.

-Энэхүү уран бүтээл маань хүн чанар, нинжин сэтгэл, эр хүн, тэр дундаа ах дүүсийн тухай кино. Амьдрал дээр жүжигчин Ж.Алтаншагай өөрөө ах уу. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын том хүү. Хоёр сайхан дүүгийн ах. Харин кинонд миний дүүгийн дүрд тоглосон М.Баярбат маань дээрээ ах нартай айлын бага хүү. Найруулагч Б.Тамир маань ч энийг харж дүр оноосон байх.

Хүмүүс янз бүрээр л ярьдаг байх. “Б.Тамир кино найруулаад, тэрэндээ хоёр найзыгаа тоглуулаад байна" гэж. Гэхдээ найруулагч хүн өөрөө хийх гэж байгаа уран бүтээлээ нүдэндээ харчихсан байдаг. Тэрэндээ тохирох дүрийг л сонгодог. Түүнээс биш зөвхөн найз гэдэг үгээр далайлгаад байгаа юм биш.

-Ер нь яагаад урлагийн мэргэжил сонгосон юм бэ. Гэр бүлийнхэн дунд нь урлагийн мэргэжилтэй хүн байдаг уу?

-Яг урлагийн хүн байхгүй. Гэхдээ миний аав урлагт их дуртай, хайртай хүн байдаг. Багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан минь энэ мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх. Бага байхдаа “Уран жиргээ’’ улсын уралдаанд оролцдог байлаа. Багаасаа нүүр хагарчихсан хүүхэд байсан даа.

-Тэгэхээр санамсаргуй сонголт биш, хүсч мөрөөдөж байж эзэмшсэн мэргэжил байх нь?

-Тийм ээ. Багаасаа л мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэсэн.

-Ингэхэд продакшнаа яагаад “Fantastic” гэж нэрлэсэн юм бэ. Та дөрөв тийм уран зөгнөлтэй, хийсвэрлэх дуртай хүмүүс үү?

-Энгийн баймааргүй л санагдсан юм. Бид аль болох шинэлэг зүйл хийхийг хичээдэг. Энгийн арга хэмжээ зохион байгуулахдаа ч тэр. Нэг хийсэн зүйлээ аль болох давтаж хийхгүйг хичээдэг.

Бидний өнөөдрийн амьдарч байгаа зуун ямар зуун билээ. Энэ үед хүн бүр л шинэлэг зүйлд татагдаж байна шүү дээ. Түүнтэй л адил. Бид фантазлах маш их дуртай. Тэр зүйлээ амьдрал дээр 100 хувь биелүүлэхийгхичээдэг. Тийм учраас л энэ нэрээ сонгосон.

-Тэгвэл продакшн байгуулах санаа анх хэрхэн төрсөн тухай сонирхоё. Ялангуяа та нөгөө гурван гишүүдтэйгээ анх хэрхэн холбогдож байв?

-Бид 2008 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Энэ гурав маань манай нөгөө ангийг төгссөн л дөө. Төгссөнийхөө дараа би нэг хэсэг ганцаараа арга хэмжээ зохион байгуулдаг, хөтөлдөг байлаа.

Тэр үед ““Fantastic guys” гэж компани байдаг байсан юм. Тэнд манай гурав, манай нөгөө ангийг төгссөн хэд хэдэн залуус багтдаг байсан юм билээ. Харин 2010 онд манай гурав гурвуулхнаа үлдсэн байсан. Яг тэр үеэс бид дөрөв хамтарч ажиллах, хамтарч уран бүтээл хийх санаа төрсөн.

Бидний санаа, сэтгэл нийлэх, гар нийлэх боломжтой санагдаж байлаа. Бид хэд зөвхөн уран бүтээлийн хамтрагч гэхээсээ илүү зүү орох зайгүй найзууд. Бие биенийхээ дутууг нөхөж, дундуурыг нөхнө. Бидний дунд нууц гэж байдаггүй.

Хэн нэг нь нууцтай болоод эхлэхээр бидний дунд хагарал гэхээсээ илүү үл ойлголцох хана босоод ирэх байх. Дээрээс нь санхүүгийн асуудалд нэгэнтэйгээ барьцах асуудал гардаггүй. Учир нь бид дөрөв яг нэг зүйлийн төлөө л явж байгаа хүмүүс.

-Ингэхэд хаана төрж, өссөн бэ?

-Аав минь Хэнтий аймгийн хүн. Би Хэнтий аймагг төрсөн. Наймдугаар анги төгсөтлөө Жаргалтхаан суманд суралцсан. Тэндээсээ аймгийн төвд очиж дунд сургуулиа төгссөн. Оюутан болоод хотод ирсэн хөдөөний хүүхэд шүү дээ би. /инээв/.

-“Fantastic” продакшны уран бүтээлүүдэд үзэгчид сэтгэл өндөр байгаа харагддаг. Энэ удаагийн уран бүтээл үзэгчдээс ямар үнэлгээ авч байна?

-XXI зуун бол бярны зуун биш, тархины зуун. Тэгэхээр хүн толгойгоо маш сайн ажиллуулах хэрэгтэй. Шинэлэг зүйл сэдэх хэрэгтэй. Би киног маань үзсэн хүмүүст маш их баярлаж байгаа.

Ер нь бидний хийсэн зүйл хүн болгонд таалагдах албагүй. Хүн хүний бодол, харах өнцөг өөр. Тийм учраас ямарваа шүүмжлэлийг бид баяртайгаар хүлээж авдаг. Учир нь дараа дараагийн уран бүтээлүүддээ бид тэр шүүмжлэлийг тусгаж ажиллана.

Гэхдээ энэ уран бүтээлийг маань үзсэн хүн бүр их сайхан урмын үгс, сэтгэгдлүүдийг 0гч байлаа. Кино үзчихээд “Энэ торгон мөчид тэнгэрт байгаа ахыгаа дурслаа. Би яагаад ахыгаа хайрлаж байгаагүй юм бол оо”, ‘‘Одоо гараад шууд ах руугаа явлаа” гэх зэрэг үгсийг бидэнд хэлж байлаа.

Маш их баярласан. Үнэхээр ах дүүсийн холбоо тийм л байдаг. Аливаа уран бүтээл бүр хэлэх санаатай байдаг. Тэр утгаараа хүмүүст таалагдсан байх. Найруулагч Б.Тамир маань өөрөе бас ахтай. Ах нь хол амьдардаг. Ахыгаа бодожэнэ зохиолоо бичсэн ч юм билүү. Кино бэлэн болсны дараа ах нь их баярласан байна лээ.

-Бас нэг зүйлийг сонирхмоор байна. Кинонд ашигласан хуурамч мөнгөний асуудлаар цагдаад дуудагдсан гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар их тархсан. Энэ үнэн юмуу. Яг ямар асуудал гарсан юм бол?

-Би дуудагдсан /инээв/. Манай цагдаагийн байгууллага маш сайн ажилладаг. Түүний нэг баталгаа ч энэ байх. Кинонд хуурамч мөнгө ашигладаг. Харин дараа нь түүнийгээ устгах дүрэмтэй байдаг юм.

Бид энэхүү кинондоо маш их хуурамч мөнгө ашиглах шаардлагатай болсон. Зураг авалт дууссаны дараа устгал хийхэд санамсаргүй тохиолдлоор хоёр ширхэг үлдчихсэн байсан. Тэрийг нь манай кинонд туслахаар ажилласан охин аваад цүнхэлчихсэн юм билээ.

Харин жаахан дүү нь тэрийг олоод худалдан авалт хийх гэж байгаад баригдсан байсан. Хүүхэд юугаа мэдэх вэ дээ. Тэгээд цагдаагийн байгууллага шалгасан. Би очиж уулзсан. Киноны бичлэгээ үзүүлээд асуудлыг шийдвэрлэсэн дээ.

-“Миний ах атаман” кинонд тоглосноос хойш бусад студи, продакшнуудаас уран бүтээлийн санал ирж байна уу. Хэрхэн хүлээн авч байна вэ?

-Ирж байгаа. Мэдээж баяртай хүлээж авдаг. Намайг тоож уран бүтээлдээ оролцуулах санал тавьж байгаа нь сайхан. Саяхан “Emeraldman” продакшны хийж байгаа “Код” уран сайхны кинонд туслах дүрд ажилласан.

Бас МУГЖ Д.Хүрэлхүү ахын хийж байгаа кинонд бас оролцлоо. Яамарваа уран бүтээлийн санал ирэхэд бид продакшнаараа зөвлөлддөг, зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөөгүй тохиолдолд оролцдоггүй.

-Ер нь уран бүтээлийн санал ирэхэд кино зохиолоо харж байж сонголт хийж байна уу, эсвэл хамтарч ажиллах баг, уран бүтээлчдээ харж байж шийдвэр гаргаж байна уу?

-Кино гэдэг зүйлийн маань хамгийн гол нь зохиол шүү дээ. Тиймээс зохиолоо харна. Гэхдээ аль болох уран бүтээлчдээ дэмжээд оролцохыг хүсдэг. Би ямар Холливуудын од биш.

Би тийм амбиц гэдэг зүйлийг мэддэггүй хүн. Аль болох өөрийнхөө чадахаар туслахыг хичээдэг. “Эр хүний замын хүзүү урт" гэж үг бий шүү дээ. Дараа нэг удаа би тэр хүнээс тусламж хүсээд очих ч юм билүү.

-Танай продакшны бусад гишүүдийг өмнө нь дуулж, бүжиглэдэг хамтлагтай байсныг хүмүүс мэднэ. Харин таны хувьд энэ төрлийн авъяастай юу?

-Огт дуулдаггүй гэх нь хаашаа юм. Урлагийн сургууль төгссөн юм болохоор оролдоно л доо. Гэхдээ тийм мундаг биш ээ.

-Үүнийг асуусан шалтгаан нь “Fantastic” продакшныхан дараа дараагийнхаа уран бүтээлийн төлөвлөгөөнд мюзикл тавйх боломжтой юу гэдгийг мэдэх гэсэн юм. Энэ талаар ярилцаж байна уу?

-Яг одоохондоо энэ талаар төлөвлөсөн зүйл байхгүй. Гэхдээ яг зориглоод, “Бид чадна” гээд эхлэх юм бол болохгүй зүйл байхгүй. Нэг их айхгүй байна. Хийх гээд л үзнэ.

“Миний ах атаман” киноны тухай анх ярьж эхлэхэд бидний санаанд буухгүй л байсан. Их хол санагдаж байлаа. Харин Б.Тамир “Бид чаднаа” л гээд байсан. Тэгээд л бид чадчихлаа.

-Зураг авалтын явцад нэлээд баптсэн гэж сонссон юм байна. Шатаж байгаа модоор цохиулах, машинд мөргүүлэх гээд их хүнд хүнд зураг авалтуудтай байсан?

-Гараа хугалсан, нуруугаа гэмтээсэн, хүзүүндээ бас гэмтэл авсан. Бие рүүгээ мэс зоосон. Тэр галтай модонд түлэгддэг хэсэгт бас жаахан бэртсэн. Надад бол гэмтэх эрх байхгүй шүү дээ. Хийх ёстой зүйлээ техниктэй хийж чадахгүй гэмтэж байгаа бол хохь нь байхгүй юу.

Гэхдээ “Урлагийн хүний нүүр улсын мэдэлд байдаг” гэж үг байдаг шүү дээ. Надад орлон тоглогч таарахгүй үеүд байсан. Машинд мөргүүлэх, зодолдох бүх зүйлүүдээ өөрөө л хийлээ. “Асtion сrеw"-маш сайн ажилласан. Бидэнд маш их тусалсан.

-Өсч яваа залуу жүжигчний хувь бүтээхийг хүсч явдаг дүр байдаг уу?

-Миний хувьд бүх л дүр сайхан. Жүжигчин хүн дүрийг голж болохгүй шүү дээ. Жижигхэн туслах дүрд ороод гарахдаа хүртэл чин сэтгэлээсээ тоглох хэрэгтэй. Гэхдээ нэг л дүрийг их бодож явдаг юм. “Ромео Жульетта” жүжгийн дүр л дээ.

Ромеогийн дүр бол надад хэзээ ч тохирохгүй. Харин Меркуциогийн дүрд ажиллаж үзэхийг хүсдэг. Хамгийн сайн найзын дүр. Хэзээ нэгэн цагт энэ дүрд тоглож үзэх юмсан гэж мбрөөддөг. Амьдралдаа ганц удаа ч байсан яахав.

-МУСТА цол тэмдэгийг ээжийнхээ гараас авсан. Ээжүүд нь их баярласан байх?

-Тэр өдөр нь сайд ирж амжаагүй юм. Тэгээд ээжүүд минь бидэнд зүүж өгсөн. Маш их баярласан. Яг тэр шагналыг авч байхад “Яг одоо эндээс гараад юу хийх билээ. Цаашдаа яах ёстой билээ. Хэзээ дараагийнхаа уран бүтээлийг хийх вэ” гэсэн асуултууд толгойд эргэлддэг юм билээ.

Дараагийн төлөвлөгөөгөө толгойдоо боловсруулж эхэлдэг юм билээ. Тэгэх ч ёстой. Түүнээс биш ямар нэг шагнал аваад ханаж болохгүй. “Цаашдаа илүү ихийг хийгээрэй” гэж эрчилж өгч байгаа юм шүү дээ.

Тиймээс манай “Fantastic” продакшны зүгээс, бид дөрвийн зүгээс цаашдаа маш олон шинэлэг, сонирхолтой уран бүтээлүүдийг хүргэхийг хичээх болно. Бидний уран бүтээлийг байнга дэмжиж, шүүмжилж байдаг сэтгүүлчдэд баярлалаа.

Мөн бидний арын албыг найдвартай авч явдаг гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтарч ажилладаг байгууллагууддаа баярлалаа. Эцэст нь үзэгчиддээ баярлалаа гэж хэлмээр байна. Сайн ч, муу ч бидний уран бүтээлийг дэмжин үздэгт, урам хайрлаж байдагт баярлалаа гэж хэлье.

А.Халиун

Эх сурвалж: