sonin.mn

Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо. Жанжин клубын түүхт 90 жилийн ойн баяртай Соёлын төвийн шинэ барилгын нээлт давхацсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Соёлын төвийн дарга, МУГЖ  Д.Бархас болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Мөн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ, Г.Бүрнээбаяр нарын гавьяатууд хүрэлцэн ирж Соёлын төвдөө хүндэтгэл үзүүлсэн.

Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах аж. Түүнчлэн тус соёлын ордны дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дуу бүжгийн “Их Монгол” хамтлаг дугуйлан 11 дэх жилдээ хичээллэж байна.

Мөн дүүргийн хороодын ардын авьяастнуудын дунд урлагийн наадам, Ардын богино дууны наадам, сургуулийн сурагчдын дунд “Нарны инээд” эстрадын дууны уралдаан, Ардын бүжгийн тэмцээн, Их дээд сургуулиудын дунд “Байгаль эко соёл” Дэвжээ тэмцээн, “Архигүй, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” цуврал сургалт хичээл болон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан явуулдаг юм.

Дашрамд сонирхуулахад, Жанжин клуб буюу Баянзүрх дүүргийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарсан байгууллага юм. 90 жилийн түүхт тус төвөөс Монгол Улсын Ардын жүжигчин хөгжимчин н.Ишдулам, Д.Ичинхорлоо, О.Дашдэлэг, Д.Дамдинсүрэн, З.Цэндээхүү, Гавьяат жүжигчин Т.Хандсүрэн, А.Цэрэндэндэв, н.Шаравдоо, Нацаг, И.Цэрэнлхүндэв, Б.Сийлэгмаа, У.Уранчимэг нарын алдар цуутууд төрөн гарчээ.