sonin.mn

Хар чулуутын бөөрөг тэр чигтээ цэнхэртэж, шинэхэн яргуйд согтсон ямаа, хоньд хошууран гүйлдэхэд Сэржмядаг

-Чаа, чаа хэмээн чимээ өгөхөд эзнийхээ дуугаар сүргийн түрүүч эргэнэ. Аглаг уулсын дунд анир чимээгүй нам гүм. Хэт чимээгүйн дундаас үүсэн гарах жингэнэсэн аялгуунд автаж, зулай дээрээс төөнөх нарны илчинд Сэржмядагийн тамир тасарч нозоорно.

Ар хөвчийн нээ унага
Алтан энэ үү тогос бор минь уу
Амраг билээ түүнийхээ
Аашинд нь буугаад мордъё доо хэмээх сайхан дууны шуранхай түүний сонорыг мялаана. Тэр дуу их алсад лимбэ цоорын эгшгээр хангинан жингэнэн байвч үг хэл тодоос тодхон. Сэржмядаг өөрийн мэдэлгүй дууны сайханд автана. Тэр хэтэрхий яруу цээлхэн аялгуу нэг л хүмүүн бусын мэт санагдав.

Зөн билгийн галбинга шувуу өндгөн дотроо ганцхан удаа яруу сайхан донгодоход их аз жаргал ирдэг юм гэнэ лээ. Энэ чинь галбинга шувууны дуу байна шүү дээ гэж бодоод тэр гайхамшигт шувууг сэтгэлдээ дүрслэв.

Сүүмэлзээд үү харагдагч
Сүмтэй будрын чулуу
Сүйдэллэгээд ирэгч
Миний лаа нэгэн алдрай хэмээн таван зүйлийн тансаг өнгийг солонгоруулан, эрүүн доорхи мушгиа цагаан чандраа намируулан зүүд зөнгийн галбинга шувуу хүний хэлээр өгүүлэн дуулна. Гэтэл нөгөө гоё шувуу түүний сэтгэлдээ хадгалж явдаг хүний дүрд хувирав.

-Өө Ган-Очир, чи минь галбинга шувуу байсан юм байна шүү дээ гэж тодхон хэлээд цочин сэрэв. Сүргийн захад суугаагаараа хэсэг дуг хийжээ. Сэржмядагийн зүүд үнэхээр зөн совинтом зүүд байлаа. Тэр өдөр ах нь адуугаа хурааж ирээд

-Аав аа тэр гал саран тамгатай бор шаргал хязаалан манай адуунд олон хонолоо. Энэ хавьд ийм тамгатай айл хэнийх байдаг билээ гэхэд эцэг нь

-За даа. Би мэдэхгүй юм даа. Хүү минь, байр байдал нь манай шарга азарганы үр төл баймаар гэхэд Сэржмядагийн зүрх амаараа гарчих шахан догдолж

-Яана аа. Нөгөөх чинь яг мөн дөө. Гүйгээд ирчихэж.

Ган-Очирын адууны тамга мөн байна гэсэн бодол гялсхийхэд пөөнийсөн бор халтар даага Ган-Очирын унасан морины хатирааг гүйцэхгүй сарвайтал цогисоор хөтлүүлэн одсон нь санагдав.

Нялх амьтныг өрөвдөж хоцорсон Сэржмядагт галтай саран тамгатай, өнжмөл дэлтэй тогос шаргал хүлэг, хур дэлээ намируулан, газар үнэрлэн цахилж яваагаар дүрслэгдэж

-Гайгүй дээ. Бор халтар минь. Даахин дор хүлэг гэдэг гээд дээрхь дүр зургийг хоёр жил гаран сэтгэлдээ тээж явсан сан. Тогос шаргал ёстой л хур дэлээ хийсгэн, газар цавчлан гангарсан хурдан ажнай болжээ. Ямар сайхан хувираа вэ. Бүр танигдахын аргагүй өнгө засчихаж гэж тэр гайхна.

Тэр жил хаврын эхэн сарын нэг зэврүүн өдөр унааширч гундсан морьтой, аяншиж улаа бутарсан царайтай холын гийчин тэдний алдсан адууг туусаар ирсэн нь Ган-Очир байлаа. Тэр оруут чөдөр зангидаж суугаа аавд нь хандан

-Найман зангилаа бат болог. Чөдөр эрчтэй болог гэхэд өвгөн

-Ерөөлөөр болог гээд мэнд усаа мэдэлцэж, хэрэг зоригоо ярилцав. Говь нутагт энэ жил цаг хатуу учир хэдэн адуугаа хангайд оторлож яваа гэнэ. Сэржмядагийн ах цэрэгт мордож, тэднийх хүн бүл муутай байсан болохоор адуу малыг нь эргүүлж тойруулан хань хамсаа болох Ган-Очирын тус дэм их.

Сайхан танилцаж орж гарч байсаар мал ногоолох үед Ган-Очир адуугаа туугаад нутаг буцав. Сэржмядаг аавдаа хэлэлгүй толгой мэдэн нэг пөөнөгөр бор халтар даагыг ногтолж, дотоод хормойгоороо хошууг нь арчаад

-Морь болгож аваарай Аав бид хоёрт тус болж байсанд тань гялайлаа гээд жолоог нь гарт атгуулав.

-Тус болсны шан харамж гэвэл би авмааргүй байна. Харин сайхан танилцсан сэтгэлийн бэлэг гэж халуун хошуутай мал өгч байгаа бол авъя даа гэж Ган-Очир хэлэв.

Гэтэл нөгөө дааганы борив тэнийж, шөрмөс нь чангараад ирэхтэйгээ зэрэг ус нутаг ижил сүрэгтээ гүйгээд ирсэн байнам. Ингээд л нэг гүйгээд ирнэ гэдгийг тэр үед арвандолоохон настай Сэржмядаг охин мэдэж байлаа.

Эдний шарга азарганы үр сад бол гайхалтай ухаалаг, унасан газар уусан усаа мартана гэж үгүй нутаг амьтай адгуус. Харин тэр үед даага бэлэглэснээ эцэгтээ хэлсэн бол гүйдэг зантай шарга азарганы үр садыг тогтохгүй гээд Ган-Очирт өгөхгүй өөр юм өгөх байсан биз ээ. Гэвч Ган-Очирт өгсөн адуу бол гүйж ирэх хэрэгтэй байсан юм. Энэ бол Сэржмядагийн давхар санаа байлаа.

Хадаг яндар хийсгэсэн овооны шил дээрээс Сэржмядаг Ган-Очирыг үдлээ.

-Чамайг хэзээ ирж морио авах юм бол доо гэж би их хүлээсэн шүү гэж Сэржмядагийг хэлэхэд

-Нээрэн чи намайг хүлээсэн юм уу. Тогос шаргалыг энэ хүртэл гүйчих юм гэж бодсонгүй. Адуу гэдэг амьтан үнэхээр ухаантай юм байна даа. Бараг надаас л дээр юм гэхэд тэр хоёр инээлдэв.

-Би чамайг хүлээж ядаад, өгсөн бэлгийг буцааж байгаа юм байна гэж бодож байлаа шүү.

-Яалаа гэж дээ, Сэржмядаг минь. Аав маань бүр даага байхад нь гүйж мэдэх адууны хүү байна даа. Ийм ухаалаг нүдтэй адгуус нутгаа мартдаггүй юм гэж хэлж байсан. Ар гэрт минь аав, ээж хоёроос өөр хүн бүлгүй болохоор ирэх гэж мунгинасаар удлаа гэхэд Сэржмядаг дотроо ихэд баярлав.

-За Ган-Очир минь хол явдалтай хүн эртхэн газар дөх дөө гэхэд Ган-Очир

-Тэгье дээ. Сайн сууж байгаарай. Тогос шаргал морь минь чи бид хоёрыг олон уулзуулах биз дээ гээд мориндоо мордлоо.

-Ерөөлөөр болог гээд Сэржмядаг санаа алдав.

Ган-Очир алсын замд шударч

Дэнжин нуурын шуурай
Дэнжээ дүүрээд сугсарна
Дэмийхэн хүмүүний үртэй
Дэндүүхэнээ илүүхэн дасав уу даа гэж дуулан одлоо. Түүний дуу Сэржмядагийн сэтгэл зүрхэн дотор, учрал хайр, аз жаргал цэвэр ариуны билэг тэмдэг болгон бүтээсэн домгийн сайхан галбинга шувуу лимбэ цоорын аялгуугаар жиргэн донгодож байлаа.

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Даариймаа