sonin.mn

Цоохор ирвэс нь дэлхийд 6000 орчим байдаг бөгөөд ховор амьтны тоонд ордог ажээ. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог юм байна.

Тиймээс энэ амьтныг хэрхэн хамгаалдаг, байгальд ямар үр нөлөөтэй талаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Мөнхцогоос тодруулсан юм

-Цоохор ирвэсийн тоо толгойг өсгөх, хамгаалахад яг одоо ямар ажлыг хийж байна вэ?

 -Байгаль болон нэн ховор амьтдыг хамгаалах нь Засгийн газрын үүрэг байдаг. Энэ чиглэлээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам их зүйл хийж байна. Улсын тусгай хамгаалалттай газруудыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Засгийн газраас санхүүжүүлдэг.

Энэ нь цоохор ирвэсийг хамгаалах ажилд чухал хувь нэмэр болдог. 2013 онд дэлхийн улс орнууд хамтарч “Дэлхийн цоохор ирвэс түүний амьдрах орчныг хамгаалах” төлөвлөгөөг боловсруулсан. Түүнд холбогдох яамны төлөөлөл оролцсон. Тиймээс энэ ажлыг улсын төсвөөс санхүүжүүлж байна.

Үүнд Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрын газар, Ирвэс хамгаалах сан зэрэг төрийн бус байгууллагууд оролцож байна.

Бүх дархан цаазат газрууд орчны бүсэд судалгааны ажил хийж, хамгаалах арга замыг боловсруулж байна Ялангуяа цоохор ирвэсийн идэш тэжээл болдог аргаль, янгир зэрэг амьтдыг хамгаалах үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

-Манай улсад цоохор ирвэс хэчнээн байдаг вэ. Ер нь энэ амьтныг ямар арга хэрэгслээр тоолдог вэ?

-Хамгийн сүүлийн тоогоор манай улсад 1200 орчим цоохор ирвэс байна гэсэн судалгаа гарсан. Сүүлийн үед цоохор ирвэсийг тоолох хэд хэдэн арга нэвтрүүлээд байна.

Үүнд Өмнөговийн аймгийн Тостын нуруу, Ховд аймгийн Бумбатжаргалант хайрхан, Увс аймгийн Цагааншувуут, Баян-Өлгий аймгийн Сийлхэм ууланд 40-50 автомат зургийн аппарат байрлуулж зургийг нь авч, видео бичлэх хийх замаар тооллого хийж байгаа.

Тухайлбал, автомат аппаратыг ирвэсийн явдаг жим дагуулж тавиад авсан зураг, видео бичлэгийг авч цоохор ирвэсийн биеийн янз бүрийн хэсгийн толбыг хооронд нь харьцуулж тоолж байна. Мөн бааснаас нь генетикийн төвшний шинжилгээ авч тоолдог.

-Цоохор ирвэсийг хулгайгаар агнах явдал хэр байгаа вэ. Тусгай зөвшөөрлөөр агнахыг зөвшөөрдөг үү?

 -1990-ээд онд хоёр цоохор ирвэсийг тусгай зөвшөөрлөөр агнасан. 1993 оноос Монгол Улс цоохор ирвэсийг тусгай зөвшөөрлөөр агнуулахгүй гэж дэлхийд зарласан. Бидний судалгаагаар 2005 оноос хойш цоохор ирвэсийг хулгайгаар агнах нь эрс багассан.

-Цоохор ирвэсийн байгальд нөлөөлөх үр нөлөө, ач холбогдол нь юу вэ?

 -Махчин амьтад байгаль орчинд маш их үүрэг нөлөөтэй. Тодруулбал, цэвэрлэгээний буюу ариутгалын үүрэг гүйцэтгэдэг. Ирвэс зэрэг махчин амьтан янгир, ямаа, гэрийн мал хамуурсан үед малыг идэж нэг ёсондоо халдваргүйжүүлж байдаг. Түүнээс гадна ирвэсийг харж гоо сайхны таашаал авах, жуулчдыг татах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой.

-Цоохор ирвэс ховордож байгаа шалтгаан нь юу вэ?

-Хүний үйл ажиллагааны нөлөөлөл, уул уурхай, улс орны хөгжил эрчимтэй явж буйгаас болж тоо толгой цөөрөх шалтгаан болж байна. Тухайлбал, газар сайгүй авто болон төмөр зам тавьж байгаагаас наашаа, цаашаа гүйдэллэх, генийн солилцоо муудах, үржил төлжил нь цөөрөх зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.

Мөн идэш тэжээл нь болох аргаль, янгир зэрэг амьтдыг их хэмжээгээр агнах, эдгээр амьтны тоо толгой нь цөөрснөөр цоохор ирвэс идэш тэжээлгүй болж байна.

М.Энхцэцэг

Эх сурвалж: