sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон залуу жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа.

-Таныг хэсгийн төлөөлөгч Тодбаярын дүрээр төсөөлөх хүн олон байна. Энэ дүрээр үзэгчдэд илүү танигдсан юм шиг?

-2011 онд Цагдаагийн ерөнхий газрын 90 жилийн ой тохиосон. Уг ойд зориулан бүтээсэн “Амьдрал чиний төлөө” дэлгэцийн олон ангит кинонд хэсгийн төлөөлөгчийн дүрд ажилласан. Миний хувь маш том хичээл болсон.

Ажилласан анхны олон ангит кино байлаа. Найруулагчдаа маш их загнуулсан даа. Сургуулиа төгсөөд л театрт оччихсон байсан болохоор ч тэр үү жаахан нэмүү тоглолттой байгаад байсан байх. Харин киноны зураг авалт үргэлжлээд, 80 хувьдаа ороод ирэхэд цэгцрээд ирдэг юм билээ.

Миний хувьд маш их дурсамжтай үе юм даа. Энэ кинонд Хэнтий аймгийн Биндэр сумын хэсгийн төлөөлөгч Тодбаярын дүрд ажилласан. Хэсгийн төлөөлөгч ихээхэн онцлогтой, бас хариуцлагатай алба юм билээ.

Төрийн байгууллагууд энгийнээс өөр. Сургууль төгсөнгүүт нь шууд хуваарилчихдаг. Эрүүгийн байцаагч болно гэсэн мөрөөдөлтэй хотын залуу байлаа гэхэд шууд хөдөө авааччихдаг ийм л алба юм байна. Сумын төв дээр очиход эрүүлжүүлэх байргүй, ганц дайчин ганцаардахгүй гэгчээр хэсгийн төлөөлөгч зүтгэхээс аргагүй.

Хотод бол хэргийн газарт эрүүгийнхэн, шинжээч гээд тал талаасаа очиж шинжилдэг бол суманд тэр бүгдийг хэсгийн төлөөлөгч ганцаараа хийнэ. Хүн амины хэрэг гарлаа гэхэд тэр орчинд нь сэрэмжлүүлэг хадаж, аймгаас нэмэгдэл хүч иртэл хүлээх гэх мэт хэцүү зүйлүүд байдаг юм билээ.

Бид зурганд орж явсан учраас тэр болгонд оролцоогүй. Гэхдээ тэр байдлыг мэдэрч, тэнд ажиллаж байгаа цагдаа нараас олон зүйлийг сонсч дуулсан. Киноны зураг авалт дуустал цагдаагийн амьдралаар амьдарсан.

-Цагдаагийн байгууллагын дотор орж, нэг эд эс нь болж дүр бүтээхэд юу бодогдож байв?

-Хэцүү зүйлүүд зөндөө тулгарсан. Өмнө нь цагдаагийн талаар өнгөц ойлголттой байсан минь их өөрчлөгдсөн. Кино бүтээхэд цагдаагийнхан зөвлөж, мэргэжлийн талаас олон зүйлийг хэлж өгдөг байсан. Киноны зураг авалт эхлэхийн өмнө бид хуваагдаж, Баянзүрх, Чингэлтэй зэрэг цагдаагийн газар, хэлтсүүдэд дадлага хийсэн нь их тус болсон.

Хулгайн дуудлагад явахад ямар байдаг вэ, зодоон цохионы хэрэг гарвал яах вэ гээд бүр наад захын асуудлаас эхлээд цагдаагийнхантай мөр зэрэгцэж ажилласан. Цагдаа нарын ажил цаг наргүй үнэхээр хэцүү юм билээ.

-Ингэхэд хөвгүүд багадаа цагдаа болохыг мөрөөддөг. Цагдаа болохсон гэж бодож байв уу?

-Нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Гэвч болоогүй, урлагийн хүн болсон.

-Тэгвэл, хэзээнээс жүжигчин болох тухай бодох болов?

-Дунд ангидаа бүжиглэх дуртай байлаа. Реп муугүй хийнэ. “Загалмай” нэртэй хамтлагтай ч байсан. Тэндээс урлагийн хүн болох зам эхэлсэн байх.

-Тэгээд л урлагийн сургуулийн оюутан болсон байж. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай ангийнхны олонх нь Дорноговийнх байсан. Эхэндээ газар, газраас ирсэн, янз бүрийн ааш зантай хүүхдүүд цугласан. Сургууль дээрээ жүжгээ бэлдээд хононо. Сүүлдээ нэг айл шиг, ангийн дарга нь аав шиг болчихдог юм билээ.

-Соёл урлагийн их сургуульд хоёр удаа элсэлтийн шалгалт өгч байж элссэн гэсэн?

-Дунд сургуулиа төгсөөд л Соёл урлагийн их сургуульд элсэлтийн шалгалт өгсөн юм. Харамсалтай нь тэр жилдээ тэнцэж чадаагүй. Тэгээд л нэг жил ажил хийсэн. "Брау хаус”-т зөөгч хийдэг байлаа. Дараа жил нь дахин шалгалт өгсөн.

Яахав өмнөх жил нь шалгалт өгөөд үзчихсэн байсан болохоор юу юугаар шалгадгийг нь мэддэг болчихсон байлаа. Нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү Л.Нурбулан ахаар бэлдүүлээд шалгалтаа өгч тэнцсэн.

Нэг үгээр Нурбулан ахаар уяулсан “морь” шүү дээ /инээв/. Ингээд 2005 онд хүссэн сургуульдаа элсч байлаа. Б.Мөнхдорж багшийнхаа удирдлаган дор дөрвөн жил суралцсан даа.

-Соёл урлагийн их сургуулийг дөнгөж төгссөн залуу Улсын драмын эрдмийн театрын өндөр босгыг алхаж орсныг мэдэх юм байна. Тэр шалгуурыг давна гэдэг амаргүй байх шүү?

-Би сургууль төгссөн жилээ шууд театрт шалгуулсан. Шалгалтад нь тэнцээд жүжигчин болсон. Намайг сургууль төгссөн жил найруулагч Н.Наранбаатар “Парисын дарь эхийн сүм” мюзиклыг тавьсан.

Энэ мюзиклын олны хэсэгт оролцон тайзан дээр гарч байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхдийн хувьд маш том завшаан. Дараа нь Б.Мөнхдорж багш маань ус хэмээх чандмань эрдэнийн тухай “Шар тэнгисийн тарчлаан" жүжиг тавьсан.

Энэ жүжигт бас туслах дүрд ажилласан. Ингээд л Улсын драмын эрдмийн театртаа шалгалт өгч, студийн жүжигчин болж байлаа. Тэр үед тавигдаж байсан бүх л шинэ жүжгүүдэд оролцож байсан.

Орон нутгаар бригадаар явдаг байлаа. Намайг байх хугацаанд “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Цэцэрлэгт учирсан хоёр” гэх зэрэг олон сайхан жүжиг тавьсан. Тэр болгонд оролцож байлаа.

-Ингэхэд хүүхэд, залуусын үлгэр дууриал болсон цагдаагийн дүрийг бүтээснээс хойш кинонд тоглох урилга ирж байна уу?

-Ирдэг л юм. Кино зохиол, найруулагч, багаа харж байгаад шийднэ. Дээрээс нь хүн л юм хойно хөрөнгө мөнгийг нь ч харна /инээв/.

-Ингэхэд хамгийн анх дэлгэцийн ямар бүтээлд ажилласан бол?

-Дэлгэцийн уран бүтээлийн хувьд 2007 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр ахын найруулсан “Хубилай хааны зарлиг” нэртэй кинонд анх ажилласан.

Япон цэргийн дүрд ажиллаж байлаа. Ардын жүжигчин Б.Дамчаа агсны залуу насны дүр л дээ. Маш их баярлаж явдаг. Тэр хүн ямар агуу хүн билээ дээ. 2009 онд сургуулиа төгсөх үедээ “Амилсан хайр” уран сайхны киноны гол дүрд ажилласан.

-Тэгэхээр 2007 оноос хойш нийт хичнээн уран бүтээлд ажиллачихаад байна вэ. Ихэнхдээ дэлгэцийн олон ангит кинонд тоглоод байна уу даа?

-Овоо хэд болж байгаа байх “Амьдрал чиний төлөө” киноны зура авалт дөнгөж дуусах үөд “Line art” продакшн “Найз” уран сайхны кинонь санал ирсэн. Зохиол таалагдсаь хэрнээ ажиллахад их хүнд санагдаж байлаа.

Өөрөө өөрийгөө чамлаад байсан юм. Жүжигчин Л.Баттулга. Н.Ялалт, Т.Бархүү, А.Баттүшиг гэх зэрэг олон сайхан уран бүтээлч ах нартайгаа хамтран ажилласан. Бас л надад сургамж, ололтыг авчирсан уран бүтээл. Кинотеатрт кино хоёр сарын турш гарна гэдэг хэр амжилттай бүтээл болсны илрэл гэж ойлгож байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 80 жилийн ой мөн 2011 онд тохиосон Энэ ойд зориулсан олон ангит кино хийгдсэн юм. Монголын үндэсний төлөвиз бүтээсэн л дээ “Сэтгэлийн гэрэл” нэртэй энэ уран бүтээлд цахилгаанчин эрийн дүрд ажилласан. Их сайхан санагдаж байлаа. Миний аав цахилгаанчин хүн байсан. Хүүхэд байхдаа аавынхаа яг юу хийдгийг мэддэггүй л байлаа.

Харин энэ уран бүтээлд ажиллахад ааваараа бахархах сэтгэл төрсөн. NTV телөвизийн “Ус дээшээ урсдаг”, “Боловсрол суваг” телевизийн “Хайрын эрэлд” зэрэг олон ангит кинонуудад ажилласан. “Хайрын эрэлд” кинонд орчуулгын киноны жүжигчдийн дунд ажиллаж байлаа.

А.Баттүшиг ах найруулж байсан, Н.Ялалт ах дууны найруулагчаар ажилласан. Т.Цэмпилмаа эгч миний ээжийн дүрд, О.Оюун эгч миний том эгчийндүрдтоглосон, Н.Батцэцэгэгч туслах найруулагчаар ажилласан шүү дээ.

Ерөөсөө л тэдний ярихыг сонсохоор кино үзэж байгаа юм шиг санагдаад л /инээв/. Мөн “Бага хаадын түүх” гээд олон ангит түүхэн уран бүтээлд Эсэн тайшийн дүрд ажилласан. Үүнийг маш их олзуурхаж байгаа. Өгөдэйгээс хойшхи бага хаадын түүхэнд алтан ургаас гадуурх ганц хаан байсан нь энэ хүн юм билээ.

Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт ашиглаж болохуйц бүтээл болсон гэж бодож байгаа. Өнгөрсөн зун “Rоуаl” телевизийн “Хөтөч” олон ангит кинонд бас ажилласан. Тун удахгүй дэлгэцээр гарч эхлэх байх.

Энэ кинонд эсрэг дүрд ажиллаж үзлээ. Ер нь ихэнхдээ нүдэнд дулаахан царайтай, эерэг дүрд тоглосон шүү дээ. Энэ удаад өөрийгөө арай өөрөөр үзэгчдэд хүргэхийг хүссэн юм.

-“Гацуурхан” хүүхдийн театр байгуулж байсан санагдана?

-2012 онд ангийнхаа багштай нийлж “Гацуурхан” теарт байгуулж байлаа. Зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг”, “Алтан түлхүүрийн эрэлд”, “Анхны хайранд хүргэж өгдөг галт тэрэгний тасалбар” жүжгүүдээ үзэгчдэд хүргэснийг хүмүүс санаж байгаа байх.

-Мөрөөдлийн дүр байгаа юу. Бас ажиллаж үзээгүй төрөл жанраараа ажиллаж үзэхийг хүсдэг байх. Инээдмийн төрөл жанраар ч юмуу?

-Байлгүй яахав. Жүжигчин болгоны мөрөөдөл түүхэн жүжгийн гол дүрд тоглох. Минийх тэдэнтэй адил. Бас инээдмийн төрөл жанраар тоглож үзмээр байна. Ер нь залуу уран бүтээлчийн хувьд өөрийгөө бүх л төрөлд сорьж үзэхийг хүсдэг дээ.

-Одоо асуултаа жаахан өөрчилье. Түрүүнд “Найз” кинонд ажилласан тухайгаа ярилаа. Өөрөө хэр олон найзтай вэ, найз гэж хэн бэ?

-Найз итгэл дээр тогтдог. Надад найз нөхөд олон бий. Арван жилийн найзуудтайгаа одоо ч дотно. Оюутан цагийн нөхөд байна. Уран бутээлийн найзууд ч олон. Бид бие биедээ хэлэх гэснээ хэлж, шүүмжлэх үедээ шүүмжилж, хэцүү үед нь тусалж чаддаг. Амралтын өдрөөр уулзаж, сагс тоглоно. Ингээд яриад байвал олон сайхан зүйлүүд бий.

-Оюутан байхдаа олон улсын “Найрамдал” хүүхдийн зусланд багшилдаг байсан?

-“Найрамдал” зуслан хүнд их зүйл заадаг газар шиг санагддаг юм. Оюутан байхдаа ажилладаг байлаа.

-Таны хамгийн сүүлд ажилласан “Өнөөдөр” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байгаа. Энэ уран бүтээлийн тухай яриач?

-Хамгийн сүүлд ажилласан "Өнөөдөр" бүрэн хэмжээний уран сайхны кино маань маргааш нээлтээ хийх гэж байна. Энэ киноны зохиолыг н.Буяндэлгэр гэж бүсгүй бичсэн. Алдарт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин. Зохиолоо монголын хөрсөнд буулгах гэж маш их хичээлээ.

Өмнө нь зөвхөн жүжигчний үүднээсээ ажилладаг байсан бол энэ удаад найруулагч Тулгадаа туслаад арын албанд бас ажиллаж байна. Миний ажилласан дүрийн хувьд энэ нийгэмд байгаа залуусын л бас нэг төлөөлөл. Маш сайн найзын дүр.

Би дүр бүтээх гэдэг үгнээс их санаа зовдог юм. Зүгээр л ажйлласан гэдэг нь илүү онох байх. Жүжигчин хүнд ганц л бүтээсэн дүр үлддэг байх. Жишээлбэл, Л.Лхасүрэн гуай гэхэд л “Гарын таван хуруу”-ны Шагдараар, Б.Дамчаа гуай “Мандухай цэцэн хатан”-ы Исмэл тайжаар мөнхөрч үлдсэн шүү дээ.

Кинонд SВN телевизийн кино албаны дарга, жүжигчин Б.Батзаяа, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин н.Баяржавхлан, “А-Сарреllа” хамтлагийн гишүүн, жүжигчин Ц.Мөнх-Од, Э.Мөнхтөр нар гол дүрүүдэд ажилласан.

Цааш цаашдаа бид яг энэ багаараа олон сайхан уран бүтээл хийнэ. Энэ киногоо амжилттай нээснийхээ дараа дараагийн уран бүтээлдээ орно. Дараагийн зохиолд ерөнхийдөө бэлэн болчихсон байгаа. Кино нээлтээ хийж үзэгчдэд хүрсний дараа шүүмж, урмын үг сонсох хамгийн сайхан.

-“Найз”,“Буруу эргэлт”, “Миний ах атаман” гэх зэрэг найзын тухай, эрчүүдийн тухай хэд хэдэн кино хийгдлээ. “Өнөөдөр” кино эдгээрээс юугаараа ялгарах бол?

-Нэгдүгээрт кино зохиолоо ялгарна. Хүмүүс үзээд ялгааг харах байх.

-Зураг авалт талаасаа өвөрмөц байж чадах уу. Сүүлд “Эх орон дуудаж байна” кино гэхэд л өнгө шүүлтийн хувьд өвөрмөц байсан?

-“Green creative art” групп киноны зураг авалтыг хариуцаж ажилласан. Үнэхээр атгасан гар шиг баг бүрдэж ажилласанд баяртай байгаа. Кино гэдэг чинь хамтын бүтээл шүү дээ.

Зураг авалтыг ч хөдөлгөөнтэй зураглалаар шийдэж өгсөн. Эрсдэлтэй зураг авалтууд хийгдсэн. Байшин дээрээс үсрэх, машинтай хөөцөлдөх гэх зэрэг зураг авалтууд их ажиллагаатай байлаа.

-Хүнд зураг авалт ихтэй байсан гэлээ. Тулаантай хэсгүүд хэр их орж байгаа вэ. Орлон тоглогч ашиглав уу. Бэртсэн үү?

-Киноны төгсгөлд зодоон гарна /инээв/. Энэ хэсэг их сонирхолтой санагдсан. Бас нэг гоё сюрприз бий. Тайчих урлагийн үзүүлбэрийг бас кинондоо шигтгэж өгсөн.

-Сүүлийн үед дандаа дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна. Театраа, тайзаа үгүйлж байна уу?

-Миний чин сэтгэлийн мөрөөдөл бол театр. Миний багш өөрөө цэвэр театрын хүн шүү дээ. "Саран хөхөө”, “Хунгийн дуу” гэх зэрэг бүтээлээрээ "Гэгээн муза” шагналыг хүртсэн гайхалтай уран бүтээлч. Ийм багшийн шавь хүн театрыг мөрөөдөлгүй яахав.

Хэдийгээр хувийн шалтгаанаар театраасаа гарсан ч гэлээ эргээд театртаа хөл тавих байх аа. Ялангуяа ганц хүний жүжгийн төрөлд хүчээ сорьж үзмээр байна. Гэхдээ арай болоогүй. Дахиад суралцах, өөрийгөө задалмаар байна.

Ер нь “Эрэгтэй жүжигчид нас ахих тусмаа хий нь гардаг" гэж ахмадууд ярьдаг юм. Г.Эрдэнэтогтох ах ч надад “Залуу хүүхдүүд дүр хийнэ гээд илүү юм нэмж салбаганаад байх юм. Яг өөрөөрөө тоглох хэрэгтэй. Дүр гээч зүйлийг чинь нас жаахан явсны дараа мэдэрдэг болоод хийдэг юм” гэж хэлж байсан.

Ер нь театраа бараадна. Тэр талаараа уран бүтээл илүү хийх байх. Яагаад ч юм тэндээс авах мэдрэмж, сэтгэл ханамж арай илүү байдаг юм. Тайзан дээр тоглох, үзэгчдийн ойлгож байгаа нь мэдрэгддэг. Жүжиг дуусаад хөшиг хаахад тэр гоё алга ташилт ямар гоё аз жаргал өгдөг гээч.

-Жүжигчид театрын босго давсныхаа дараа ахмад жүжигчиддээ хадаг барьж, багш шавийн барилдлага барьдаг шүү дээ. Таны хувьд ямар уран бүтээлчид хадаг барьж очив?

-Харамсалтай нь яг намайг театрт орсон жил энэ уламжлал маань алдагдсан. Харин одоо буцаад сэргэж байгаа байх.

-Хэрвээ уламжлал алдагдаагүй бол хэн дээр очих байсан бол?

-Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай дээр очих байсан. Бие хүн, уран бүтээлч хүн ямар байх ёстойг үгээрээ биш үйлдлээрээ үзүүлж чаддаг хүн.

-Тантай нэгэн үеийн эрэгтэй жүжигчид нэлээд олширсон. Тэр л хүнтэй барьцаж өөртөө урам өгч ажилладаг, тэр л хүнийг хараад цагаан атаархал төрдөг уран бүтээлчээ нэрлээч гэвэл?

-Сүүлд “Миний ах атаман” киног үзээд “Энэ кинонд найруулагч ямар мундаг ажилласан юм бэ, зураач ямар гоё ажилласан юм бэ” гэж бодсон. Монгол ахуйг их гоё шингээж өгсөн санагдсан.

Харахад европ хувцастай, классик стильтэй залуус байгаа боловч хоорондоо хөөрөг зөрүүлж байгаа байхгүй юу. Тэр болгон нь яг л загатнасан газар майжиж байгаа юм шиг санагдсан.

Энэ киноны найруулагчаар ажилласан Б.Тамир бид хоёр театрт нэг өрөөнд суудаг байлаа. Бригадаар явахад нэг өрөөнд буудалладаг байлаа. Энэ утгаараа Б.Тамир найзаараа бахархдаг. Миний үеийн хөдөлмөрч, сайн уран бүтээлч гэж үнэлдэг.

А.Халиун

Эх сурвалж: