sonin.mn

Саяхан л инээж хөхрөөд бүтээн туурвиж явсан нэгэн өнөөдөр байхгүй болсныг дуулаад анзааргагүй явсан хүмүүс хорвоогийн хатуу үнэнийг хожуухан ч гэсэн хэсэгхэн зуур яггүй сүрхий эргэцүүлэн бодоцгоох юм.

Монголын сэтгүүлзүйн нэгэн том туурвигч, эгэлхэн хэрнээ хачин уншууртай нийтлэгч, уран үгийн инжаан бурханы харьяат болжээ. Түүний орон зай өдөр тутмын нэгэн томхон сонинд ханхайгаад л үлдлээ.

Энэ гашуун үнэнийг эргэцүүлж суухад үдлээд буцах хүмүүний амьдрал ямар ахар богинохон гэдгийг хэнэггүйхэн толгой руу минь таягаар тоншоод авах шиг л дахин нэг мэдрүүлэв. Нэгэн эгэлхэн авьяас, нэгэн халуун амиар монгол дутаад үлдлээ.

Гэхдээ хэдхэн хоноод л амьдралын түмэн асуудал, өмнөх ажилдаа түүртэн саяхан л сэтгэлийг нь зовоож байсан ухаарал, гэмшлээ алгуурхан мартагнана. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэсээр цаг хугацаа хоромхон ч зогсолгүй урагшилж, чанагш юм бүхэн улиран одно. Яг л голын ус мэт.

Тасралтгүй мяралзан урсах голын ус бүхнийг хаман одох төдийгүй ёроолдоо байх чулууг хүртэл мөлийлгөн өнгөлнө. Ус зөөлөн хэдий ч хурц ирмэгтэй хатуу чулууг бөв бөөрөнхий болгон мөлийлгөн өнгөлөх нь тасралтгүй, зогсолтгүй урсах урсгалынх нь шидэт хүч билээ. Хүмүүс бидэн ч энэ амьдралд, энэ цаг хугацааны урсгалд элэгдэж мөлийдөг. Яг л голын чулуу мэт.

Би бүхнийг мэднэ, чадна, би бүхнээс илүү мундаг хэмээн хөөрцөглөх омголон бардам залуу насандаа хүний гарыг зүсчихэж ч мэдэх хурц ирмэгтэй чулуу мэт л явцгаадаг. Бүх л зүйлд болгоомжтой хандан гурвантаа тунгаан бодож нэгэнтээ шийдэх идэрхэн насандаа тал нь хурц ирмэгтэй атлаа тал нь элэгдэж мөлийсөн гоёмсог чамин чулуу мэт л явцгаадаг.

Харин алив зүйлд уужуу ухаан, ууч сэтгэлээр хандах өтөл насандаа хаанаас нь харсан ч өөлөх аргагүй өөхөн цагаан чулуу мэт болцгоодог. Хүмүүс бид өөрсдөө ч үл анзаарах цаг хугацааны урсгалд элэгдэж эмтэрч, өөрсөддөө ч мэдэгдэлгүй өөрчлөгдөн хувьсана.

Цаг хугацааг зогсоож үл болдгийн адил өнгөрч одсон хувь тавиланг яасан ч эргүүлэн засч залруулж чадахгүй. Зогсоож болдоггүй цаг хугацааны урсгалд эргүүлж болдоггүй хувь тавилангаа хэрхэн зохицуулан дааж явах нь эрдэнэт хүмүүний ухааны цараанаас хамаарах ажгуу.

Саяхан яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номыг хэвлэгдэн гарнаас нь их л хойно уншсансан. Номын нэр нь “Үзэхийн хязгаар” шүү. Эргэцүүлэн бодох тусам яагаад энэ гайхалтай үгийг урьд нь сонсоогүй, ядаж л ганц удаа хэн нэгэн ухаантны амнаас сонсоогүйгээ гайхаад ойлгохгүй байгаа юм.

Тэгсэн энэ гайхалтай үгийн эх булаг, төрөн бүрэлдэх өлгий нь биднээс ихээ хол, амар амирлангуйн цөлх нутаг Төвөд байсанд орших ажээ. Төвөд лам нар амар амгалангийн орноо заларч, бүтэн бие нь сансрын хязгааргүй орон зайд уусан одсон бурхан болоочоо “Үзэхийн хязгаар” болсон гэж хэлцдэг байна.

Яаж ч бодсон тэр нэгэн халуун амь эгнэгт царцаж, үүнээс цааш, түүнээс хойш алив бүхнийг үзэж харж, мэдэрч чадахгүй болсон учир яах аргагүй л “үзэхийн хязгаар”-ыг үлдэгсэддээ үзүүлээд эргэж ирдэггүй мөнхийн аянд мордсонд байгаа аж. “Үзэхийн хязгаар”-ыг үзүүлсэн болгоныг үлдэж хоцорцгоосон нь өөр, өөрийнхөөрөө л дүгнэж, дурсан санагалздаг.

Харин үлдэж хоцорцгоосон нь хорвоогийн амьдралыг хэрхэн таньж, буурал хорвоогийн тоосыг яажшуухан хөдөлгөж яваагаа ядаж л таньж, мэдэж ойлгож, бөндгөрийнхөө багтаамжаар ухаарч, уужирч явууштай. Улиран одох цаг хугацаа хэнийг ч ялгалгүй хаман одох юм. Гэхдээ үлдэж хоцорсон бүхэнд ухаарал, гэмшил, хожимдсон цөхрөл үлдээгээд оддог нь харамсаад баршгүй.

Хашааныхаа гадна хаврын наранд дулаацах гэж суугаа хөгшчүүдийг харсан хэн ч бай тэдний тухай өөр өөрсдийнхөөрөө л бодоод өнгөрдөг. “Хөөрхий дөө хэцүү л байгаа байх даа” гэж бодоод өнгөрөх нэгэн байхад, хөөргөн ойворгон зарим нь”хөгширч үхэх гэж байж юугаа хийж суудаг байна аа” хэмээн өөрөө л мөнхийн залуу явах юм шиг мунхаглах нь ч бий. Өрөвч сэтгэлтэй зарим нь “өө та чинь харин ч залуухан байна шүү” гэж урмын үг хэлнэ.

Цаг хугацааны урсгалд элэгдэж мөлийсөн тэднийг харахдаа “бид ч нэгэн цагт эдэн шиг л болно шүү дээ” гэж олонхи хүмүүс бодож чаддаггүйд л хэргийн учир оршино. Юу юунаас илүү тэдний сэтгэлийн бат бөх, нугаршгүй ноён нурууг бид бүхэн сайн анзаардаггүй.

Нэгэн цагийн залуу улиас өвгөн мод болтлоо ургаж, цэцэглэхдээ үндэс нь салаалж газарт бат шигдэн хэрийн хүчтэй салхи шуурганд булгарч унадаггүйн адил тэдний амьдралын туршлага, хурааж хуримтлуулсан ухаарал бүхэн нь юутай ч зүйрлэшгүй билээ. Харин бид өөрсдийгөө мөнхөд залуу явах юм шиг санаж омогшсоор явтал хажуугаар маань цаг хугацаа урсан одсоор л.

Бид залуу насандаа санаатай болон санамсаргүйгээр бусдыг гомдоож, бусдад гомдож явдаг. Тэр үедээ юуг ч эргэцүүлж, зогтусахгүйгээр өөрийнхөөрөө л бүхнийг шийддэг. Заримдаа буруу зүйл хийж байгаагаа ч анзаардаггүй, анзаарсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй.

Харин цаг хугацааны урсгалд аажим аажмаар элэгдэхдээ олон зүйлийг өөрөөр харж, өөрөөр эрэгцүүлдэг. “Тэр үед би мөн ч тэнэг байж дээ” гэх харамсал эргүүлж болдоггүй цаг хугацааны хамгийн эмгэнэлтэй тохуурхал юм.

Цаг хугацааны зогсолтгүй их урсгал хүмүүний сэтгэлд ухаарал болон ууч сэтгэлийг шингээж байдаг нь ийм учиртай байнам. Цаг хугацаа бүхнийг ухааруулдаг “Ганцхан удаа олдох амьдралаа үр ашиггүй өнгөрүүлснийхээ төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй” гэж Оросын зохиолч Н.Островский дуун алдсан байдаг.

Амьдралдаа хожим харамсахгүйн тулд бусдын бүх л зүйлийг дууриах биш өөрийнхөөрөө байх хэрэгтэй болдог. Учир нь хүн гэдэг дахин давтагдашгүй өвөрмөц ертөнц. Таны өөртөө бий болгосон эрдэм мэдлэг, авъяас чадвар , ухаарал бүхэн өөр хэний ч биш зөвхөн таны л баялаг билээ.

Танд тохиолдож байгаа бүхэн өөр хэн нэгэнд тохиолдох албагүй ч та л өөрөө бүхнийг зохицуулах, шийдэх хэрэгтэй болдог. Таны шийдвэр, үйлдэл бүхэн танд л хамаатай болохоор үүнийхээ сайн муу үр дагаврыг та л өөрөө хариуцаж үүрэх нь ойлгомжтой.

Цаг хугацааны урсгал дунд өрөөл бусадтай муудалцаж, өс хонзон өвөрлөж өөрийгөө зовоох хэрэггүйг,өнгөрсөн алдаа бүхэндээ гуньж гутран уруу дорой явах хэрэггүйг, өрөөл бусдад зусардан дагалдаж өөрийнхөө үнэ цэнийг алдах хэрэггүйг одоо ирээдүйн амьдралын зам маань та бидэнд ойлгуулж байдаг.

Бусдад сайхан сэтгэлээр туслаад буцааж хариу нэхэх хэрэггүйг, бор дарсанд толгойгоо мэдүүлж цаг хугацаа алдах хэрэггүйг, бусдын дэмэнд найдаж өөрийн боломж чадал хүчээ алдах хэрэггүйг сануулж л байдаг. Өөртөө эдийн баялаг бус эрдмийн баялаг хураах хэрэгтэйг, элдэв бэрхшээлд сөгдөж суулгүйгээр давж гарч сурах хэрэгтэйг, энэ бүхний эцэст өөрөө өөртөө эзэн нь байж, хүн чанараа хадгалж явах хэрэгтэйг бидэнд ухааруулдаг.

Цаг хугацаа урсан урссаар. Яг л голын ус мяралзан урсах мэт ээ. Харин бид өөрсдийгөө мөнхийн залуу, үргэлж бардам , бас гоо сайхан хэвээрээ байх юм шиг хууртагдан бодсоор л.

Цаг хугацаа нэг л мэдэхэд биднийг элээж голын чулуу мэт мөлийлгөхөд харамсахгүй л байх сан даа. Саяхан л инээгээд сууж байсан ч эргэж ирдэггүй өнө холын мөнхийн аянд эгнэгт мордсон нэгэн эрхмийг дурсан санахад ийм л бодол орж ирлээ.

Эх сурвалж: