sonin.mn

Цахим ертөнц нэг давалгаалбал юуг ч хийчихэж болж байна. Гэхдээ заримдаа үнэхээр хошин юм болдог шүү.

Жүжигчин И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдийг сургуультай болгох төсөл, жүжичин Г.Ундармаа эмнэлгийн хүлээлгийн танхимуудыг тохижуулах ажил хийж байгаа.

Аль ч улсад байдаг л зүйл. Ер нь урлаг соёл, бизнесийн томчуудын буяны сангууд дэлхийд алдартай. Гэтэл манай жиргээчид тэдний ажлын талаар бичээд дараа нь “УИХ дахь эмэгтэй гишүүд тэднээс ичээсэй” гэсэн шум тарааж эхэллээ.

Үнэхээр ч хүчээ авлаа. Хөөрхий нөгөө эмэгтэй гишүүд нь хоёр жүжигчнийг өчигдөр төрийн ордонд хүлээж аваад баярласнаа илэрхийлж байх юм.

Ингэхэд хүн үүрэгт ажлаа л хийх ёстой биз дээ. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага болохоос хороонд худаг гаргах ёстой хүмүүс биш. Эмэгтэй гишүүд Хүүхдийн эрх хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг л сайжруулж байвал барав.

Үнэхээр л статистикийн мэдээнээс харж байхад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдчихсэн байна лээ. Энэ бол асуудал мөн. Тийм болохоор тэднийг хууль санаачлах ажлаа муу хийлээ гэж л баалах хэрэгтэй байгаа юм.

Ер нь манайд иймэрхүү харьцуулалтын чиг хандлага их өргөн дөө. Тийм болохоор аль л өнгөтэй өөдтэй яваа нь гундуухан харагдахыг хичээдэг гээд хэлчихэд буруутахгүй. Ерөнхийлөгчдөөр жишээ авахад л Н.Энхбаяраас хойш сайхан торгон шар дээл өмссөн төрийн өндөрлөгүүд байна уу.

Бүгдээрээ л пөөдийсөн бор дээл өмсөөд золгож байгаа харагддаг. Ингэхгүй болохоор нь л Долоон буудалд байгаа Должин эмээтэй харьцуулаад “Муу новш жаргаж байна, ичээсэй” гэж хараагаад байдаг боллоо. Гадаадын урлаг, соёл бизнесийн одууд алтны хольцтой ариун цэврийн цаас хэрэглэж байна.

Манайхан болохоор “Тийм нэг муу амьдралаас гарч ирсэн болохоор эгэл л амьдрахыг хүсдэг. Ер нь тэгээд амьдрал тааруу байна шүү дээ” гэж ярих юм.  300 сая төгрөгөөр нэг бизнесмэн хурдан морь авчихад л хогийн цэг дээр байгаа хүүхдийн тухай яриад хараадаг. Ийм л сэтгэхүйтэй байна.

Хогийн цэгт хүүхэд байгаа болохоор цөмөөрөө хамгаа аваачиж өгөөд гудамжинд явж байх ёстой юу. Аль хөдөлмөрлөсөн нь ашиг шимээ хүртдэг. Хүн бүр урдах ажлаа л хийх ёстой эрин зуун ирчихээд байхад энэ сэтгэхүйгээсээ ичих цаг нь болсон бус уу.

Ж.Энх

Эх сурвалж: