sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “Скин энтертайнмент”-ийн найруулагч Б.Анартай ярилцлаа.

-“Скин энтертайнмент”-ийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас ярилцлагаа эхэлье?

-“Скин энтертайнмент" байгуулагдсаны 12 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ойн босгон дээрээ “Зүрх зогсохгүй” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж дуусгалаа. Кино бэлэн болчихсон. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.

-Киноны зохиолыг загвар өмсөгч А.Пүрэвмаа бичсэн гэж сонссон, Энэ тухайд?

-Тэгсэн. Манай кино багийнхан ярилцаж байгаа бүх санаагаа гаргаж А.Пүрэвмаад хэлсэн. Тэр дагуу зохиолоо бичсэн нь уран бүтээл болон мэндлэх гэж байна.

-Дүрүүдийн сонголлтын тухай ярья. Кинонд “Iсеtор” хамтлагийн гишүүн С.Чулуунбаяр буюу Коbе, “Outlaw” хамтлагийн гишүүн Э.Ариун-Эрдэнэ нар тоглосон байсан?

-Дан хип хоп хамтлагийн гишүүд тоглоогүй гэдгийг хэлмээр байна. Гадуур тийм буруу ойлголт яваад байх шиг байна лээ. Тэгээд ч хип хопчид, реппэрүүд кинонд тоглохоор кино биш болчихдог юмуу.

Манай кинонд жүжигчин Б.Энхтүвшин гол дүрийг бүтээж байгаа. Үзэгчид түүнийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж", “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүдээр нь мэдэж байгаа байх. Мөн жүжигчин МУСТА Б.Навчаа, МУГЖ ё.Цог гуай зэрэг уран бүтээлчид ажилласан.

Түүнчлэн туслах дүрд “Iсе tор” хамтлагийн гишүүн С.Чулуунбаяр, “Оutlaw” хамтлагийн гишүүн Э.Ариун-Эрдэнэ нар ажилласан. Нэг өнцгөөс хараад байж болохгүй л дээ. Сонголтын тухайд бол манай кинонд цэргийн амьдралыг харуулах учраас энэ талын мэдлэгтэй, туршлагатай хүн хэрэгтэй байсан.

Тийм учраас цэргийн амьдралыг мэддэг, тэр характерийг гаргаж чадна гэж үзээд Коbе-г сонгосон. Үзэгчид Коbе-г цэргийн алба хаасан хүн гэдгийг тэр бүр мэддэггүй байх. Уг нь энэ кинонд “Iсе tор" хамтлагийн гишүүн Э.Хатанбаатар буюу Хаагий маань тоглох ёстой байсан. Харамсалтай нь найз минь кинондоо тоглож амжилгүй бурхны оронд одлоо.

Киноны ерөнхий зураглаачаар ажилласан н.Болор маань бас цэргийн алба хаасан хүн. Киноны уур амьсгалыг бодож байж жүжигчдээ сонгосон. Харин жүжигчин Б.Энхтүвшинг анх зохиол бичигдэж эхлэхэд л шууд товлочихсон байсан.

Энэ киноны Галт гэж дүр дээр ажилласан. Зохиол бичигдэж эхэлж байхад жүжигчин маань Солонгос руу явчихсан байсан л даа. Тэнд урлагийн сургуульд сурсан хүн шүү дээ. Харин зохиол бичигдэж яг дуусахад Монголдоо ирсэн. Тэгээд санал тавихад зохиолоо уншиж үзээд шууд зөвшөөрсөн.

-Ямарваа уран бүтээл, ялангуяа дэлгэцийн уран бүтээлд санхүүгийн эх үүсвэр, ивээн тэтгэгч байгууллагууд их чухал үүрэгтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдэв?

-Ямар ч уран бүтээлд ивээн тэтгэгч чухал байдаг байх. Тухайн байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар хэлбэрээр кинондоо ашиглахыг л хамгийн түрүүнд асуудаг юм байна лээ.

Харин цэргийн амьдралыг харуулсан кинон дээр бид яаж тэгэж ашиглах вэ дээ. Тэгэхээр энэ кинондоо яах аргагүй өөрсдөө продьюсерийн ажлаа давхар хийлээ. Бүх санхүүжилтээ өөрсдөө шийдсэн.

-Аливаа уран бүтээл бүр үзэгчдэд ямар нэгэн санаа, сэдлийг төрүүлэх зорилгыг агуулдаг. Найруулагч Б.Анарын хувьд энэхүү “Зүрх зогсохгүй” киногоор үзэгчдэд юу гэж хэлэхийг, юуг ойлгуулахыг хүсч байна вэ?

-Тийм ээ, бүх л кино тодорхой мессежийг агуулдаг. Үзэгчдийг ямарваа нэг зүйлд уриалан дуудсан байдаг. Манай киноноос үзэгчид цэргийн амьдрал, эр хүн байх тухай үзэх болно.

Ер нь залуус цэргийн албанаас айдаг, зугтдаг шүү дээ. Тэнд очоод хүнд зодуулж, дээрэлхүүлж байхаар зугтсан нь дээр гэсэн ойлголттой болчихож. Бид цэргийн алба гэдэг ямар нэр төртэй үүрэг вэ гэдгийг л харуулахыг хүссэн.

Жанрын хувьд ч адал явдалт кино учраас залууст таалагдах байх. Мөн киногоо аль болох монгол ахуй тал руугаа чиглүүлж хийхийг эрмэлзлээ. Бодит амьдралтай нийцсэн байх ёстой гэдэг шугамыг л барьж ажиллалаа даа.

-Ингэхэд зураг авалт хаана хийгдсэн бэ. Цэргийн амьдралыг харуулсан кино учраас аль нэг цэргийн ангид хийсэн байх?

-Дан цэргийн амьдрал гарна гэж ойлгож бас болохгүй. Энд хайр дурлал, хүмүүсийн харилцаа гэх зэрэг үйл явдлууд хөвөрнө. Бид Хил хамгаалах ерөнхий газартай хамтарч ажилласан гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

Зураг авалт эхлэхээс өмнө бид очиж судалгаа хийсэн л дээ. Кино зохиол бичигдэж байх үед ч, зураг авалт хийгдэж байх үед ч бидэнд зөвлөгөө авах шаардлага гарч байсан. Цэргийн амьдрал. дотоод дүрэм журам, адаглаад л тэднии  хэрэглэдэг үг хэллэгийг мэдэх ёстой шүү дээ.

Зураг авалтыг Улаанбаатар хотоос 800 гаруй км-ийн зайтай газар буюу Сэлэнгэ аймгаас 230 км-ийн цаана байх Орос, Монголын хил дээр орших заставт авсан. Жүжигчид маань тэндээ байрлаж ажилласан. Яг цэргүүдтэй адилхан хооллож, унтаж, амьдарсан. Хамгийн хэцүү нь тэнд цахилгаан байхгүй. Яг л “байгалийн” амьдралаар хэсэг амьдарсан гэж хэлж болно /инээв/.

Зарим зураг авалтаа яг хилийн зурвас руу орж авсан л даа. Жүжигчид маань машин явах боломжгүй газарт мориор явна. Морь унаад 100 гаруй км явж зургаа авахуулдаг байлаа.

Уг нь бид кинондоо зодооны хэсгийн тавилттай оруулахыг хүссэн. Гэтэл зөвлөхүүд маань, “Амьдрал дээр хэзээ ч тийм тавилттай зодоон байхгүй” гээд дургүйцсэн.

Бид орлон тоглогч ч ашиглаагүй. Жүжигчид маань бүх л зураг авалтдаа өөрсдөө бүх хүч чадлаа дайчлан тоглосон нь сайшаалтай юм. Зам харагдахгүй газраар морьтой давхих, даарч хөрөхөөс эхлээд хүнд зураг авалтууд байсан.

-Таны хувьд өмнө нь “Долдугаар сарын 1” киноны найруулагчаар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр “Зүрх зогсохгүй” кинонд харьцангуй туршлагажсан байсан байх?

-Энэхүү киногоор долдугаар сарын 1-ний үймээнийг эргэн сануулж, сөхөхийг гол зорилго болгоогүй, харин тэр үймээний улмаас жирийн иргэд хэрхэн хохирсон тухай бодит байдлаас сэдэвлэн харуулахыг хүссэн. Харин энэ удаа хоёр дахь бүрэн хэмжээний кинонд ажиллалаа. Хүндрэл, бэрхшээлгүй зүйл гэж байхгүй.

Бүх зүйл усны урсгал шиг аяндаа бүтчихгүй шүү дээ. Жүжигчидтэйгээ ойр дотно байж, хамт олноо нэг баг болгож зангидаж ажиллахыг л зорилоо. 30 гаруй хүнийг хаа байсан 800 км-ийн хол, цахилгаан ч байхгүй газарт авааччихсан хүн хариуцлага үүрэхгүй гээд яах билээ.

Кинонд тоглосон Энэрэл гээд охин гэхэд л дунд сургуулийн сурагч шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн байдлаас нь эхлээд л анхаарал тавихыг хичээсэн дээ. Кино гэдэг ганц хүний биш маш олон хүний хамтын хөдөлмөрөөр бүтдэг. Тиймээс хамтарч ажилласан багийнхнаараа бахархаж байна.

-“Скин энтертайнмент”-ийнхан киноны ажлынхаа хажуугаар бусад ажлаа орхигдуулаагүй байна лээ. Саяхан “Харанга” хамтлагийн шинэ клипийг хийж үзэгчдэд хүргэсэн байсан?

-“Скин энтертайнмент" Монголын бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах телөвизийн рөклам сурталчилгаа, баримтат кино, уран бүтээлчдийн видео клипийг орчин үеийн тоног төхөөрөмж дээр мэргэжлийн, чадварлаг, туршлагатай баг, хамт олон ажиллаж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Киноны ажил үргэлжилж байх хооронд бид "Өгөх өдөр" гэж буяны үйл ажиллагаанд нэгдэж оролцсон. Мөн “Харанга" хамтлагийн “Урам хайрла”. дууны клипийг хийж гүйцэтгэлээ.

Залуу хүмүүс учраас бусад залуустаа үлгэрлэх үүднээс хичнээн ажилтай байсан ч амжууллаа. Сая хэд хоногийн өмнө “Зүрх зогсохгүй" адал явдалт киноны дуу болох “Нандин" дууны клипийг хөгжим сонирхогчдодоо хүргэсэн.

-“Скин энтертайнмент” гэхээр л хүмүүс дан хип хоп хамтлаг, дуучидтай хамтран ажилладаг гэж ойлгодог юм шиг ээ. Гэтэл бараг ихэнх уран бүтээлчидтэй хамтран ажилласан байдаг юм билээ?

-Зөвхөн сүүлийн үеийн хариуцаж ажилласан ажлуудаас дурдъя л даа. Бид “Харанга" хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ахын “Содон аялгуу" тоглолтыг зохион байгуулсан. “Iсе tор” хамтлагийн “Веst оf Iсе tор” тоглолт, яруу найрагч, УГЗ Ү.Хүрэлбаатар ахын “Миний дуу, миний аз жаргал” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа. Ер нь хамтарч ажиллаж байгаагүй уран бүтээлч бараг байхгүй дээ.

-Дараагийн уран бүтээл төлөвлөгдөж байна уу. Бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээлийн хувьд юм шүү дээ?

-Шинэ он гаргаад дараагийн киноны ажилдаа орно. Яг одоо бэлтгэл ажил давхар хийгдээд явж байна. Харин төрөл жанрын хувьд инээдмийн кино байна.

-Ингэхэд “Скин энтертайнмент” гэсэн гэсэн нэрийг сонирхмоор байна. Анх байгуулагдахдаа бүгдээрээ халзан толгой-той байсныг нь бас санаж байна?

-Одоо бол эх оронч гэж цээжээ дэлдсэн залуус, бүлгэмүүд олон болж. Харин 12 жилийн өмнө тийм ч их байгаагүй юм. Skin гэж үгийг утгачилж орчуулбал үндсэрхэг үзэл гэсэн утгыг бас агуулдаг.

Уран бүтээл болгондоо эх оронч, үндсэрхэг үзлээ шингээхийг хүссэндээ л энэ нэрээ өгсөн. Манай уран бүтээлүүдийг хараад байвал үндсэрхэг үзэл үнэртэж л байдаг.

Эх сурвалж: