sonin.mn

Улаанбаатар хотноо 2015 оны есдүгээр сарын 7-12-нд Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болов.

Италийн Ром хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын туялзуур сэлэмний холбооны конгрессоор уг асуудлыг шийдвэрлэжээ. Тус хурлын үеэр Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ны дэд Ерөнхийлөгч Л.Ганпүрэв, ОУТСХ-ны Ерөнхийлөгч А.Усманов (ОХУ), дэд Ерөнхийлөгч Ван Вей (БНХАУ), ерөнхий нарийн бичгийн дарга Ф.Петрушка нартай тусгайлан уулзаж санал солилцжээ. Мөн БНСУ, БНХАУ, Япон, Их Британи, Узбекистан улсын холбооны төлөөлөгчидтэй албан уулзалт хийжээ.

Энэ удаагийн хурлаас Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 оны ерөнхий ассемблейг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ирэх оны есдүгээр сарын 7-нд болох тус хуралд ОУТСХ (FIE)-ийн ерөнхийлөгч А.Усманов болон Ази тивийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны төлөөлөгчид ирнэ.

МТСХ-г 2009 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ спортын Монголд хөгжүүлэх, сурталчлах, сонирхогч, хичээллэгчдийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна. Тус холбооноос жилдээ олон улсын 10 гаруй тэмцээнд тамирчдаа илгээж, дотоодын 20 гаруй тэмцээн зохион байгуулах болж хүрээгээ тэлсээр байгаа юм.

Д.Өлзий

Эх сурвалж: