sonin.mn

Хүмүүний орчлонгийн энэ богинохон амьдрал баяр гунигийн ээлжлэл юм даа. Өнөөдөр нэг нь нартаас буцахад маргааш өөр нэг нь шинэ амьдралтай учран золгох. Гэтэл бид ийм ахархан амьдралдаа бусадтайгаа хамт байхын оронд хана хэрэм босгож өөрийгөө бусдаас тусгаарлан ганцаардуулдаг нь дэндүү их юм шиг.

Бид өнгөрсөн муу дурсамжаасаа аажим салж, амьдрал бол сайн саар холилдон оршдог гэдэг энгийн үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой ажээ. Гүүр босгоход зориулж болох цаг хугацааг хана хэрэм барих дэмий зүйлд зарцуулахгүй байдаг бол юутай сайхан билээ.

Бид бусдадаа сайн сэтгэл, сайхан зангаар хандаж байж л хүн гэсэн мөн чанараа хадгална л даа. Харамсалтай нь хүн гэдэг амьтан энэ мэт эерэг зан чанараа олон үеийн туршид бага багаар гээсээр ирж. Үнэндээ хүн сүргийн л амьтан юм чинь бусдынхаа тус дэмгүйгээр хэзээ ч урагш ахидаггүй.

Бусдын сайхан сэтгэлийн тус дэмгүйгээр амьдарна гэж үздэг хүн их алдаа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл өөрийг нь л байхгүй бол бусад нь хэцүүднэ гэж хийрхэн бодогч хүн бүүр ч ихээр төөрөлдөн яваа нэгэн ажгуу.

Өөрийгөө ертөнцийн хэт төв гэж ойлгох нь дээр өгүүлсэн хана хэрмийг өөртөө барьчихсан нэгэн юм. Ер нь бол хүн хүнээрээ байх л хамгийн сайн зүйл. Жинхэнэ хүнийг юу ч эвдэж чаддаггүй. Мөнгө хүнийг эвддэг гэдэг боловч жинхэнэ хүнийг хэзээ ч эвдэж чаддаггүй билээ.

Хэрэв зээ бурхан гэж байдаг бол түүнээс хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал гэж нэгэн гүн ухаантай хэлсэн нь бий. Хүн хүнээрээ байж, бусдадаа сайн сэтгэлээр хандаж, инээмсэглэл бэлэглэж, бусдаа дагуулах гүүр босгож амьдрах л жинхэнэ амьдрал юм.

О.Жаргал

Эх сурвалж: