sonin.mn

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Монголчууд” нэртэй түүхийн цахим номоо шинэчлэн хэвлүүлжээ. Шинэ бүтээлдээ Монгол нутагт хүн анх суурьшсан цагаас 1992 оны ардчилсан хувсгалын үе хүртэлх түүхийг хамруулсан аж. “Монголчууд” түүхийн цахим номын зохиогчтой бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Таны “Монголчууд” түүхийн цахим ном “Жак Уотерфорд” сангийн 2014 оны Монголын түүхийн онцлох бүтээлээр шалгарсан. Худалдаанд гарч буй шинэ цомгоо танилцуулна уу?

-Миний бүтээлийг энэхүү сангийн онцлох бүтээлд нэр дэвшүүлж, санал өгсөн хүмүүст баярлалаа. Шинэ цомогтоо Монгол нутагт хүн анх суурьшсан цагаас 1992 оны ардчилсан хувсгалын үеийг хамарсан нийт 108 сэдэвтэй 40 цагийн бүтээлийг багтаасан. Энэхүү цомгийг СО, МРЗ хэлбэрээр болон гар утсандаа апликейшнээр суулгах боломжтой.

-Цахим ном бүтээх болсон зорилгоосоо хуваалцаач?

-Монголчууддаа эх түүхийг нь үнэн зөвөөр таниулах гэсэн миний оролдлого бол энэхүү цахим ном юм. Мөн залуучуудад Монголын түүхийг таниулан түгээж сонирхлыг нь өдөөхийг зорьсон.

Нөгөө талаар телевизийн нэвтрүүлэг, баримтат кинонууд нь тодорхой хязгаартай учраас олон нийтийг хамарч чаддаггүй. Иймд залуучуудыг өдөр бүр эх түүхээ сонсч, сургамж аваасай гэдэг зорилгоор “Монголчууд” цахим түүхийн номоо дахин хэвлүүлсэн юм.

-Залууст эх түүхээ таниулахыг зорьсон тань цаанаа учиртай л биз дээ?

-Ер нь 1980-аад оны дунд үеэс хойш төрсөн залуус эх түүхээсээ их хөндийрсөн. Дунд сургуульд. түүхийн хичээлийг заавал үзэх хэрэгтэй гэдэггүй, чухалд тооцдоггүй үе байсан. Энэ мэтээр түүхийн ач холбогдлыг нь дутуу үнэлснээс залуус эх түүхээсээ холдож хөндийрчээ.

Мөн ардчилалтай зэрэгцээд монголчууд гадаад хэлийг сонгон судлах нь ихэссэн. Өнөөдөр Монголын түүх байтугай эх хэлээ ч мэдэхгүй өсч буй залуус олон болжээ. Ийнхүү эх түүхээсээ хөндийрөөд байгаагийн бурууг дан залууст үүрүүлбэл өрөөсгөл болно.

Мэдээж түүхээ сонирхдоггүй, уншдаггүй гээд сөрөгталууд бий ч мэдээллийн технологийн хөгжил залуусын сонирхолд нөлөөлж ' байна. Мөн өнөө цагт түүхийн зузаан зузаан ном уншаад тэр бүгдийг толгойдоо тогтооно гэдэг хэцүү. Залуус ч юмыг хялбарчлах дуртай, залхуурдаг төвөгшөөдөг болсон. Тиймээс залуусын хэрэглээнд нийцсэн цахим номыг хэвлүүлсэн юм.

-Ард түмэнд түүхийг таниулж, ач холбогдлыг нь ойлгуулах нь түүхчийн үүрэг. Гэтэл өнөөдөр түүхчдийг ажлаа хийхгүй байна гэх зэргээр шүүмжилдэг шүү дээ?

-Монголын үе үеийн түүхчид гайхалтай судалгааны ажил, ном товхимол туурвисан байдаг. Харин өөрсдийн бүтээлээ ард түмэнд сурталчилж чаддаггүй нь түүхчдийн дутагдал юм.

Ард түмний дунд үүссэн түүхийн төөрөгдлийг арилгах, дутагдлыг засах нь түүхчийн ажил, үүрэг. Сүүлийн үед Монголын түүхчид энэ үүргээ биелүүлж байна гэж боддог.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: