sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Өөрсдийн имижээ бүрдүүлэхийн тулд шилмэл загварын машин унадаг хятадуудын дундаж нас 33,5 байна гэсэн судалгаа гарчээ.

Audi, BMW, Mercedes Benz, Lexus, Volvo, Land Rover, Cadillac, Infiniti  зэрэг найман тансаг зэрэглэлийн брэндийн машиныг харьцуулсан “Хятад дахь тансаг зэрэглэлийн машины брэнд 2014” судалгааг “Хурунь” судалгааны байгууллага гаргажээ.

Хятадад тансаг зэрэглэлийн машин унадаг хүмүүс залуухан, өндөр боловсролтой, хөрөнгөтэй болохыг судалгаа харуулсан байна. Тийм хүмүүсийн 66 хувь нь эрэгтэйчүүд байх бөгөөд 10 орчим хувь нь багадаа гурван жил гадаадад амьдарсан байна.

Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотын дээд дурдсан найман брэндийн машин унадаг 800 хүн судалгаанд оролцжээ. Судалгаанд оролцсон хүмүүс тус бүрт 1,4 машин байдгийг олж мэдсэн байна.

Mercedes-Benz унадаг хүмүүс хамгийн өндөр орлоготой, Infiniti унадаг хүмүүс хамгийн бага орлоготой, BMW унадаг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэй хүн, Cadillac-ыг эрэгтэй хүн унах нь хамгийн их хувьтай, Volvo унадаг хүмүүс хамгийн өндөр боловсролтой, Land Rover унадаг хүмүүс хамгийн бага боловсролтой болохыг судалгаагаар гаргажээ.

“Хурунь”-ны гаргасан өөр нэг судалгаагаар, Хятадын 1,09 сая иргэн 10 сая юань /1,63 сая доллар/ хөрөнгөтэй ажээ.

Тансаг зэрэглэлийн машин унадаг хүмүүсийн сарын орлого 30 мянган юань бөгөөд өрхийн орлого нь 88 мянган юаньд хүрдэг байна.

Судалгаанд оролцогчдын 50 хувь нь машин нь хуучирсан эсвэл эвдэрсэн учраас шинэ машин авдаг гэж хариулжээ.

Худалдан авахад нөлөөлөх хүчин зүйлийн хувьд, 44 хувь нь үзэсгэлэн худалдаанд харсныхаа дараа машинаа худалдаж авдаг бол 36 хувь нь сурталчилгаа эсвэл туршилтын жолоодлогын дараа худалдаж авдаг байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: