sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “Нянгар хаданд гарсан нь”, “Сүүлчийн бүжиг”, “Дэв” зэрэг уран сайхны кино, “Ялагдашгүй”, “Бага хаадын түүх” зэрэг олон ангит кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн эчнээ танил болсон “Emeraldman” продакшны захирал, жүжигчин Л.Ариунболдтой ярилцлаа.

-Ярилцлагаа таны Монголын үндэсний телевизээр гүйж өссөн хүүхэд насны дурсамжаас эхэлье?

-Би 1985 онд төрсөн, айлын том хүү. Миний хүүхэд нас тэр чигтээ Зурагтад өнгөрсөн гэж хэлж болно. Аав минь Үндэсний телевизэд жолооч хийдэг байлаа. Тийм ч болохоор телевизтэй их ойрхон өссөн.

Тэр дундаа хүүхэлдэйн киноны студийн ах нартай их дотно байлаа. Тэдэнд их гоё гоё тоглоомууд байдаг, бас их мундаг зурдаг байсан нь санаанаас гардаггүй юм.

-Энэ бүхэн жүжигчин мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх нь?

-2003 онд дунд сургуулиа төгсөөд нэг жил ажил хийж үзсэн. Юм юм л хийж үзсэн дээ. Барилга дээр ч ажиллаж үзсэн, дэлгүүрт ачаа зөөгч ч хийж үзсэн. Тэгэж яваад 2004 онд Соёл урлагийн их сургуульд элсч орсон доо. Ингээд дөрвөн жил УГЗ С.Сугар багшийнхаа удирдлаган дор суралцаж, 2008 онд төгссөн.

-2008 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөн шижигнэсэн залуу жүжигчид “Фантастик” продакшныг үүсгэн байгуулж байсан?

-Сургуулиа төгссөн жилээ найзуудтайгаа нийлж “Фантастик” продакшн гэж байгуулж байсан юм. Тухайн үедээ 11 шижигнэсэн сайхан залуу нэгдэж байлаа. 2008 оны зургадугаар сарын 1-ний өдөр бөөнөврөө тойрч сууж байгаад л продакшнаа байгуулсан санагдана.

Тэгээд анхны уран бүтээлээ хийхээр зориглосон. “Шувуудын үүр” гээд уран сайхны кино хийж байлаа. Харамсалтай нь тэр кино маань үзэгчдэд хүрч чадаагүй. Тухайн үед бидний найз Б.Тэмүүлэн маань зуурдаар хорвоог орхисон учраас дуусгаж чадаагүй юм.

Хүмүүс “ТВ-1 ” студийн “360 градус” нэвтрүүлгийг бэлтгэдэг байснаар нь сайн мэдэх байх. Яаж ийж байгаад бүрэн дуусгах юмсан гэж одоо ярилцдаг л юм. Дараа нь “Тоглоом” гэж жүжиг тавьж байлаа. Сургуулиа дөнгөж төгссөн залуус зориг гарган Соёлын төв өргөөнд тоглож байсан санагдана.

Энэ маань бидний анхны бүтээл бүтээл байсан учраас алдаа, оноотой зүйл байсан л байх. Тэр үед маркетинг, сурталчилгаа гэж зүйлийг яаж хийхээ ч сайн мэддэггүй байж. Айхтар хүнд хүрээгүй ч гэлээ бидний хувьд яах аргагүй бүтээл.

-Тэгээд л Улсын драмын эрдмийн театрын босгыг алхсан юм уу?

-Улсын драмын эрдмийн театрт жил гаруй дагалдан жүжигчнээр ажиллаж байлаа. Жүжигчин хүн бүрийн мөрөөдөл драмын театрын тайзан дээр гарах явдал байх. Тэр сайхан уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн нэг тайзан дээр гарна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан.

-Одоо театраа, тайзаа үгүйлэх юм уу?

-Саналгүй яахав. Саяхан Улсын драмын эрдмийн театр үзвэрийн 94 дэх жилийнхээ нээлтийг хийсэн шүү дээ. Тэр үеэр нь “Саран хөхөө" жүжгийг дахин очиж үзлээ.

Тайз гэдэг зүйл жүжигчин хүний хувьд ямар их сэтгэл хөдлөм гайхалтай мэдрэмж төрүүлдгийг жүжигчид дэндүү сайн мэддэг байх. Тэр жүжгийг үэээд дахиад энэ тайзан дээрээ гарч нэг тоглох юмсан гэсэн нууцхан бодол төрсөн шүү.

-Ингэхэд театрын босго давсан залуу жүжигчид ахмад уран бүтээлчиддээ хадаг барьж, багш шавийн барилга тогтоодог гэдэг билээ. Таны хувьд хэн гэдэг жүжигчинд хадаг барьж байв?

-Хадаг барьж очоогүй ээ. Драмын театрт маш олон сайхан уран бүтээлчид ажилладаг. Тэр дундаа жүжигчин, МУСТА М.Түвшинхүү, Ц.Цэрэнболд ах нартай их дотно байдаг байлаа. Их түшигтэй, бахирхмаар уран бүтээлчид.

-Ихэнх үзэгчдэд таны хоолой танил санагддаг байх. “ETV" Телевизийн орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажилладаг байсан?

-Телевизийн урлаг хэзээд миний сэтгэлд ойр байсаар ирсэн. Өссөн орчин ч нөлөөлсөн байх. Тэр үед их олон шинэ телевизүүд зэрэг нээгдэж байлаа. Их ч сонирхолтой санагдсан.

Тийм ч учраас “ЕТV" телевизийг сонгож ажиллах болсон юм. Байгуулагдаад дөнгөж гуравхан сар болж байхад нь тэр хамт олны тоонд багтаж байлаа. Гурван жил гаруй орчуулгын киноны жүжигчнээр ажилласан даа.

-Кинонд дуу оруулж байх явцад хөгжилтэй зүйлс тохиолдоно биз. Ингэхэд дуу оруулж байхдаа хамгийн их уярсан кино, хамгийн их инээсэн тохиолдлуудаа дурсаач?

-Оюутан байхаасаа л орчуулгын кинонд татагдчихсан байсан. Хоёрудугаар курсын оюутан байхаасаа л кинонд дуу оруулж эхэлсэн. Жүжигчин, МУСТА Н.Ялалт, Д.Энхбаяр, А.Баттүшиг ах нараасаа суралцаж, тэднээр заалгаж байлаа.

“ЕТV” телевизэд гурван жил ажиллах хугацаандаа би гурван мянга гаруй кино уншсан байдаг юм байна лээ. Энэ дундаас хамгийн их сэтгэл хөдөлгөсөн кино бол “August Rush”. Гайхалтай хөгжимлөг кино.

Харин дуугаа хийж чадахгүй болтлоо инээгээд, хамгийн хөгжилтэйгөөр дуу оруулж байсан кино нь “Худууд” гээд олон ангит кино. Энэ киноны Вася гээд дүрд дуу хийж байхдаа инээдээ барьж чаддагтүй байлаа, Би өөрөө нэг инээчихээрээ зогсч чаддаггүй инээд муутайг ч хэлэх үү.

-Харин өнөөдөр үе тэнгийн хоёр жүжигчин залуутай хамтраад өөрийн гэсэн бие даасан студийг байгуулчихсан явж байна?

-Өнгөрсөн жилээс залуу уран бүтээлч М.Наранмөнх, Э.Мөнхтулга нартайгаа нийлэн “Emeraldman” гэж бие даасан продакшныгбайгууллаа. Энэхүү продакшны маань анхны бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл энэ сарын 5-наас буюу ирэх баасан гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлнэ.

“Код” хэмээх нэртэй, хэтрүүлэгт инээдмийн киногоор үзэгчиддээ бэлэг барих гэж байна даа.
 
-Шинэхэн продакшны хамт олон анхны уран бүтээлээ яагаад заавал инээдмийн төрөл жанраар хийхээр шийдсэн юм бэ?

-Ер нь инээдэм гэдэг хүн бүрийн бодоод байдаг шиг амархан төрөл биш. Энэ төрөл маань өөрөө их олон зүйлийг агуулж байдаг. Энэ утгаараа анхны уран бүтээлээ энэ төрлөөр эхэлсэн нь зөв болов уу гэж бодсон.

Бид залуу, бас суралцаж яваа уран бүтээлчид. Тиймээс бидэнд алдах эрх байхгүй. Энэ хэтрүүлэгт инээдэм гэж жанрыг үзэгчид мэдэх байх. Европт, Холливудад энэ төрөл жанраар кино их хийдэг.

Хэдэн жилийн өмнөөс Азид их дэлгэрсэн. Одоо Орост бас энэ төрлөөр кино их бүтэж байна. Тиймээс энэ шинэлэг төрөл жанраар хийж үзэхээр зориглолоо.

-Гадны их олон кинонд Superman, Spiderman, Batman зэрэг эерэг талын супер баатрыг дүрсэлсэн байдаг. Харин танай кинонд “Монгол баатар”-ыг дүрсэлсэн гэж сонссон?

-Манай кинонд Мундагбаатар гэж дүр бий. Бид энэ дүрээр үзэгчдэд хэлэх гэсэн санаагаа дамжуулан хүргэхийг хүссэн юм. “Монгол баатар” гэж хэлж болно л доо. Бид ямар нэгэн Холливудын кинонд гардаг баатрыг дуурайсангүй, тэдний хувцсыг өмсгөж тоглуулсангүй. Өөрсдөө шинээр шийдэл гаргахыг зорилоо.

-Ямарваа уран бүтээлиин гол дүрийн жүжигчид, найруулагчийн нэрийг үзэгчид мэддэг хэрнээ тэр уран бүтээл бүтэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн "арын алба"-ынхыг тэр бүр мэддэггүй. Тэгэхээр энэ уран бүтээлд ажиллсан баг, уран бүтээлчдийнхээ тухай яриач?

-Аливаа уран бүтээл гэдэг ямагт хамтын бүтээл байдаг. Бүгд хамтдаа байж байж нэг уран бүтээл төрнө. Гэрэлтүүлэгч байхгүй бол зураг авалтын өнгө өөр болох жишээтэй.

Манай энэхүү уран бүтээлд нийт 35 хүн нэг баг болж ажиллалаа. Арын албанд бидний найз нөхөд, Соёл урлагийн их сургууль, Кино урлагийн их сургуулийн оюутан дүү нар маш их тусалсан гэдгийг хэлмээр байна.

Киноны ерөнхий зураглаач, графикч, эвлүүлгийн найруулагчаар “Воrn” студийн захирал П.Энхбаатар, туслах зураглаачаар жүжигчин М.Наранмөнхийн маань төрсөн ах М.Наранцогт, гэрэлтүүлэгчээр "Эмоци" продакшны Э.Батнямбуу, зураачаар н.Бямбасайхан, нүүр хувиргагчаар н.Д.Болор эгч ажиллалаа. Бусад кино группын тогоочоор эмэгтэй хүн ажилладаг бол манай кинонд эрэгтэй хүн ажилласан /инээв/.

Харин зургийн даргаар цэвэр өөрсдөө буюу М.Наранмөнх, Э.Мөнхтулга нар ажиллалаа. Энэ бүх уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлэх ёстой. Эдгээр хүмүүс байгаагүй бол бид ингээд киноныхоо нэлтийн өдрийг хүлээгээд сууж байхгүй байсан шүү дээ.

-Дүрийн сонголтуудын тухай сонирхоё. “Эмоци” продакшны залуу жүжигчин Д.Ариунцэцэг гол дүрүүдийн нэгэнд тоглосон байсан. Энэ кинонд ажиллачихаад уран бүтээлээ хэсэг завсарлаж байгаа гэсэн?

-Тиймээ. Д.Ариунцэцэг маань АНУ-г зорьсон. Киноны бусад дүрүүдэд “Emeraldman” продакшны продьюсер, жүжигчин М.Наранмөнх, Э.Мөнхтулга, Б.Барслхагва нар тоглосон.

Сүүлд “Миний ах  атаман” кинонд тоглосноор нь сайн мэдэх байх. Мөн “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” дууны клипээр олны танил болсон Б.Мишээл энэ кинонд ажилласан.

Мөн МУГЖ Б.Магсаржав, “Х-түц" продакшны жүжигчин А.Туяа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар оролцон тоглосон. Их олон залуу уран бүтээлчид хамтран ажилласанд их баяртай байгаа.

-Аав, хүү хоёр буюу МУГЖ Б.Магсаржав, М.Наранмөнх нар нэг уран бүтээлд ажилласан байна. Бас болоогүй эсрэг дүрүүдэд ажилласан гэсэн. Яагаад аав, хүү хоёрыг “дайтуулчихав”?

-Энэ киноны зохиол гурван жилийн өмнө бичигдчихсэн байсан. Тухайн үед гол дүрүүдэд өөр жүжигчид яригдаж байсан л даа. Харин яг кино хийгдэх болоход өөр хүмүүсийг сонгосон.

Б.Магсаржав гэж жүжигчинг ард түмэн хэр чадалтай жүжигчин бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тийм учраас сонгосон. Аав, хүү хоёр анх удаа эсрэг дүрд тоглож байгаа.

-“Emeraldman” продакшн, “Воrn” студийн таван жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гарсан гэсэн. Ингэхэд дараа дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнд тайзны уран бүтээл багтаж байгаа юу?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хэд хэдэн богино хэмжээний кино хийж үзсэн. Харин энэ удаад дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээлд ажиллалаа. Бид их олон зүйлийг хийж үзэхээр мөрөөдөж, оролдож, бас хичээж байна.

Тэр дунд тайзны уран бүтээл багтаж л байгаа. Гэхдээ энэ төрлийн уран бүтээлд орох болоогүй. Цаг нь болоогүй. Бидэнд суралцах зүйл маш их байна.

А.Халиун

Эх сурвалж: