sonin.mn

Арванхоёрдугаар сар гарчихлаа. Томоохон дэлгүүрүүд сүлд модоо засчихаж. Одоо Улаанбаатар хотод маань цас л дутуу байна. Удахгүй дээ өнөө маргаашгүй л дарчихна.

Шинэ жилийн дуу эгшиглэсэн, цас бударч утааг хөөсөн тийм романтик цаг болно. Гэвч нөгөө талаас албан байгууллагууд шатныхаа гишгүүрүүдэд унаж халтрахаас сэргийлэх наалт наагаагүй л байна.

Эхний цасны дараа л эмнэлгүүдэд унаж бэртсэн хүмүүсийн эмгэнэлтэй дүр зураг үзэгдэж эхэлдэг. Манайх жилийн ихэнх үед хүйтэн сэрүүн байдаг цас мөсний орон боловч иргэд нь гял цал зүйлд дуртйй гэж жигтэйхэн. Гялалзсан шилэн оффисын барилгууд хувийнх ч бай, төрийнх ч бай шил толь шиг плитагаар шатаа хийдэг.

Түүн дээр нь халтирч бэртсэн хүмүүс хэнээс нөхөн төлбөр авах нь ч яг таг тодорхой биш. Хохироод л үлддэг гэсэн үг. Уг нь бол гудамж болгоны эхэнд нэг нэг танхай этгээд зогсчихоод үе үе хүмүүсийг цохиж аваад хүнд гэмтээгээд байвал нийгэм ямар их айдаст автах бол. Гэтэл тэр хэмжээний хохирол учруулдаг гялалзсан шатнууд заавал хэн нэгнийг хохироосон хойно аюулгүй байдлыг нь хангах ёстой гэж үү.

Манай нэг танилын эхнэр нь халтирч унаад хөлөө хоёр газар нь хугалчихаж билээ. Хөөрхий минь ажлаасаа чөлөө авч эхнэрээ сахилаа. Хоёр хүүхэд нь гэртээ бөртөлзөөд л. Мөн ч их царай алдсан даа.

За тэгээд явган хүний замын голд байдаг хараагүй иргэдийн зам бий. Түүн дээр хараатай хүн явахад ч хэцүү, халтирч ойчмоор эд шүү. Тэр цасанд дарагдчихаар занга болчихдог юм. Мэргэжлийн хяналтын газар эсвэл өөр бусад шийдвэр гаргах хүмүүс түүнийг арай барзгар зүйлээр хийчихэж болмоор доо.

Эсвэл унаж ойчиж байгаа хүмүүсийг дооглож инээмээр санагддаг байх. Эднийгээ л эртхэн анхаараад байгууллагуудад шаардлага тавьмаар байна. Олон ч хүний орь дуу, өвдөлтийг хэмнэнэ дээ.

Ж.Энх

Эх сурвалж: