sonin.mn

Бид л асуудлын гол болгоод байдаг болохоос Москва манайхаас илүү замын түгжрэлтэй, Бээжин хотын утаа Улаанбаатарынхаас илүү шүү дээ.

Африкийн олон орон дээр нэмэгдээд дэлхийн тоггворгүй бүсүүдэд дэндүү дорой амьдралтай хүмүүс өчнөөн байна. Европын орнуудад хүүхдүүд нь хэт таргалалттай болж, архинд ихээр донтож байна гэлцэх юм. Бидний зовлон бол бусдад ч байдаг нийтлэг зүйл мөн.

Энэ өнцгөөс нь харвал харин ч илүү жаргалтай мэт. Гэхдээ илүү жаргалтай харагддаггүйн учир нь юу вэ. Учир нь манайд инээмсэглэсэн хүн ховор байдаг юм.

Найрсаг Улаанбаатар, Инээмсэглэсэн Баянгол дүүрэг гэх мэтийн хөтөлбөр хэрэгжүүлж инээмсэглэсэн төрийн албан хаагчидтай болох зорилт тавиад байгаа. Гэвч нийслэлийн захиргааны хар байшингийн хувцасны өлгүүрт ажилладаг хэдэн эмэгтэйгээс бусад нь ер инээдэг юм болов уу.

Төрийн конторын албан хаагчдын ихэнх нь даргадаа л инээмсэглэдэг байх. Иргэдийг “Зүгээр суухад садаа болохоор ирж байгаа энэ нөхрийг хаашаа яв гэж хэлье дээ” гэсэн харцаар төвөгшөөж угтдаг. Гудамжинд яваа хэнээс ч асуусан хэлээд өгнө.

Банкны теллерүүд их сайхан инээмсэглээд үйлчлээд байдаг нь олон хүнд таалагддаг байлаа. Гэтэл нэг но байгаа нь халамжийн мөнгө тараадаг болоод хүмүүс царай алдаж дараалалд зогсдог болохоор ааш нь хувираад дээрэнгүй болчихдог нь юм. Өмнө нь сайхан ааштай байсан бол одоо муухай зантай гэх мэт.

Бид байнгын үнэн сэтгэлийн инээмсэглэлгүй байгаа болохоор л бусдаас муухай байгаа юм. Хэн нэгэн танихгүй хүнтэй гудамжинд харц тулгарвал сайхан инээчих тийм зан төлөв тогтоогүйнх юм.

Танихгүй хүн рүү инээмсэглэхэд мэдрэл муутай эсвэл өөрийг нь дооглоод байна гэж боддог байдал арилаад ямар ч ажилтай байсан үнэн сэтгэлээсээ хийхийн дээр чин зүрхнээсээ инээмсэглэдэг болчихвол ч юун “хөгшин европ”.

Ж.Энх

Эх сурвалж: