sonin.mn

Энэ удаагийн дугаартаа "То bе or not tо bе" шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн соёрхолт, МУГЖ Д. Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн "Нэгдүгээр сарын 16-ы шөнө" жүжигт тоглосон “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Э.Намуунтай ярилцлаа.

-Жүжигчин Э.Намуун хаана төрж өссөн, багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан тухай асуултаар ярилцлагаа эхэлье?

-Би Улаанбаатарын унаган охин. Миний хүүхэд нас III, IV хороололд өнгөрсөн гэж хэлж болно. Нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Багаасаа л Монголын хүүхдийн ордны бүжиг, төгөлдөр хуурын дугуйланд хичээллэсэн дээ.

Урлагт их дуртай, сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхитэй оролцдог охин байлаа. Бүр жаахан байхдаа гэрийнхээ хөшигний ардуур орчихоод л зарлуулж байгаад гарч ирж дуулдаг байсан гэдэг юм. Миний аав урлагт их дуртай хүн байдаг.

-Урлагт дуртай байх, урлагийн мэргэжил сонгоод түүгээрээ амьдрах гэдэг их өөр өөр ойлголт. Урлагийн чухам юу тэгтлээ их татаж, энэ мэргэжлийг сонгоход хүргэв?

-Би мэргэжлийг цалинтай хобби байгаасай гэж их хүсдэг юм.  Хүн дургүи ажлаа сэтгэлээсээ хийнэ гэж байхгүй шүү дээ. Ял үүрч байгаа юм шиг л санагдах байх. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, түүгээрээ хоолоо олж идэх нь надад өөрт илүү амттай.

Тэр хэрээрээ миний амьдралыг сонирхолтой, баялаг болгож байгаа юм. Тэр ч утгаараа миний жаахан авьяасыг илүү нээх байх гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон доо.

-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаггүй гэсэн. Охиноо урлагийн мэргэжил сонгоход хэрхэн хүлээж авсан бол?

-Урлагийн хүн цаг наргүй, хэцүү амьдралтай гээд л эсэргүүцэх хандлага байсан. Гэхдээ эцэст нь миний сонголтыг хүндэтгэсэн. Соёл урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд тасархай оноогоор тэнцэж байсан юм. Тэгэхэд л ээж минь надаар их бахархсан байх.

-Багадаа төгөлдөр хуур тоглодог байсан гэсэн. Одоо ч тоглодог хэвээрээ юу?

-Бага ангийн сурагч байхдаа их ачаалалтай суралцдаг байлаа. Хичээлээ тараад л төгөлдөр хуур, бүжгийн дугуйландаа явдаг байсан. Өглөөнөөс орой болтол байнгын бэлтгэлтэй. Ингэж явж байгаад ядаргаанд ч орж байлаа /инээв/. Одоо бол цайны хэдэн аятай л үлдэж дээ.

-"UBS" телевизээс телевизээс зохион байгуулдаг "То bе or not tо bе" театрчилсан шоунд амжилттай оролцсон. Энэ тэмцээнд яагаад оролцох болов. Тэртэй тэргүй урлагийн сургуульд сурдаг юм чинь гээд оролцохгүй байж болох л байсан?

-Мундаг найруулагчдын өмнө өөрийгөө шалгуулна гэдэг нь надад их чухал байсан. Урлагийн сургууль төгссөн хэн бүхэнд тэр хүмүүст шалгуулах завшаан гардаггүй. Нөгөө талаар өөрийнхөө хэр хэмжээг мэдье, өөрийгөө сойгоод үзье гэж бодсон юм.

Бас тиймэрхүү телевизээр гарах нэвтрүүлэгт оролцож өөрийгөө танилцуулснаар бусад уран бүтээлчдийн хараанд өртөж магадгүй гэж найдсан. Цаашдын ажлын саналд нөлөөлөх байх гэж бодсон л доо.

Жүжигчин мэргэжлээр жилд хичнээн хүүхэд төгсдөг билээ. Гэтэл тэднээс хэд нь ажлын байртай болдог билээ дээ. Улсын драмын эрдмийн театр, тоотой хэдхэн продакшнууд гээд ажлын байр хомс учраас үнэхээр чадаж байгаа нь л товойж гарна шүү дээ.

-Энэ шоуны дэд байрт шалгарч Солонгос Улсад суралцах эрхээр шагнуулсан. Гэхдээ та "Мөрөөдлийн театр"-ыг сонгож ажилласан?

-Солонгост зургаан сар суралцах эрхээр шагнуулсан. Тэр үед надад бас мэргэжлээрээ ажиллах боломж олдсон нь энэ байсан юм. Тэгээд л ажлын байртай болохыг илүү гэж шийдээд "Мөрөөдлийн театр"-т орсон.

Би жүжигчний мэргэжлийг зогсч болдоггүй мэргэжил гэж боддог. Олон жил ажилласан туршлагатай хүмүүс амралт авахад гэмгүй ч дөнгөж эхэлж байгаа миний хувьд мэргэжлээрээ ажиллах нь чухал байсан.

-Ер нь “Мөрөөдлийн театр”-ынхантайгаа энэ шоунаас өмнө танилууд байв уу?

-"То bе or not tо bе" шоунд оролцож байхдаа театрынхаа гурван ахтай танилцсан. Уг шоуг тэр гурав маань хөтөлж байсан шүү дээ. Намайг хоёрдугаар шатны шалгаруулалтаас гарч ирэхэд надад "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болох санал тавьсан.

Эхэндээ би шоуг сонирхолтой болгох гэж хэлсэн байх гээд итгээгүй. Гэтэл сүүлийн шалгаруулалтын дараа дахин санал тавьсан. Тухайн үед би театрт ажиллах хүсэлтэй байсан болохоор саналыг нь шууд хүлээж авсан даа.

-Жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болж, уран бүтээлээ завсарласнаар Э.Намуунд боломж гарсан гэсэн яриа гадуур гардаг юм байна лээ?

-Боломж гарах нь ч юу юм бэ. Гэхдээ их олон хүмүүс яг ингэж бодсон байх. Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний жам. Хамт олон нэг нэгнээ орлож, нөхөж ажиллах ёстой. Тэр зарчмаар л явж байна. 

Тэрнээс биш Дөлгөөн хөл хүнд болж надад боломж олдлоо гээд баярлаж хөөрөөд байсангүй ээ. Дөлгөөн бид хоёр өмнө нь “Тэр чинь би” тоглолтонд хамт оролцож л байсан.

-“Мөрөөдлийн театр”-ынхан өнгөрсөн сард Европын орнуудад аялан тоглолтоо тоглоод ирлээ. Хичнээн улсад очиж тоглов?

-Өнгөрсөн сарын 15-аас эхлэн Европын зарим улсуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа тоглолтоо хүргэсэн. Чех, Герман, Австри, Бельги, Швейцарь, Турк улсуудад тоглосон.

-Гадаадад амьдардаг монголчууд “Мөрөөдлийн театр”-ыг хэр мэддэг болсон байна вэ. Үзэгчид хэрхэн хүлээн авч байна?

-Манай театр байгуулагдаад дөрөв дэх жил рүүгээ орж байна. Г адаадад амьдарч байгаа хүмүүс мэдээлэл маш их сайтай байдаг юм байна лээ. Манай өмнөх бараг бүх л тоглолтуудыг интернэтээс олоод үзчихсэн, мэддэг болчихсон байна. Үзэгчид маш сайхнаар хүлээж авсан шүү.

-Хувь уран бүтээлчийн хувьд бусад студи, продакшнаас дэлгэцийн уран бүтээлийн саналууд ирж байна уу. Ямар уран бүтээлүүдэд ажиллаж байна вэ?

-“Цахлай нисэх гэж төрдөг”, “Содура” зэрэг уран бүтээлүүдэд ажиллалаа. Харин одоогоор “Боловсрол суваг” телевизийн хийж байгаа “Хамтдаа” гээд олон ангит кинонд ажиллаж байна.

Эсрэг дүрд ажиллаж үзэж байна даа. Их л хор хутгаж яваа охины дүр дээр ажиллаж байна. Эсрэг дүр гээд муулж тоглохоосоо илүүтэйгээр тухайн дүрээ өмөөрч тоглох гээд л хичээж байгаа даа / инээв/.

-Өөр уран бүтээлд оролцох боломж хэр байдаг вэ?

-Хамгийн нэгдүгээрт театрын ажил. Цаг заваараа өөр бүтээлд оролцохыг зөвшөөрдөг. Орлогоо бодсон ч, юм сурахаа бодсон ч гээд манай ах нар боломж олгодог юм. Гэхдээ ажлаа тасалж болохгүй.

-Залуу уран бүтээлчийн хувьд ажиллаж үзэхийг хүсдэг дүр байдаг уу?

-Бүх л дүрд тоглож үзмээр байна. Эсрэг, эерэг бүх л дүр дээр ажиллаж, өөрийгөө эвдмээр байна. Тийм ч учраас ямарваа зохиол барьж авахдаа эсрэг тэсрэг өөр өөр дүр хайдаг. Яагаад ч юм жаахан сэтгэцийн өөрчлөлттэй ч юмуу эрүүл бус сэтгэхүйтэй хүний дүр бас их сонирхолтой санагддаг юм.

Ямарваа үйлдлийг тийм сэтгэхүйгээр яаж хүлээж авах нь их сонин /инээв/. Их ажиллагаатай дүр хайдаг гэх юм уу даа. Туршлагатай мундаг жүжигчид маань тухайн уран бүтээлдээ жинхэнэ дүр бүтээж байгаа юм. Харин залуу уран бүтээлчид өөрөөрөө л тоглочихдог шүүдээ. Тиймээс өөрөө өөртэйгөө маш сайн ажиллах л хэрэгтэй байх.

-Уран бүтээлч эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү их ачаалалтай ажилладаг. Ар гэрийн ажил, үр хүүхдээ өсгөх гээд л. Таны хувьд хоёр ч хүүхэдтэй шүү дээ. Энэ их ажил, аялан тоглолтын хаагуур нь хувийн амьдралаа зохицуулаад байнаа?

-Харин тийм. Би чинь хүү, охинтой. Заримдаа ч хоёр хүүхдээ өрөвдөх юм. Хүн хүний гарын ая хараад л. Ар гэрийнхэн минь л их тус дэм болох юм даа. Ээж, эгч хоёр минь хүүхдүүдийг минь сайн харж өгч байгаа даа.

-Энэ цаг наргүй, хүнд мэргэжлийг сонгосондоо харамсах үе байв уу?

-Харамсах нь ч хаашаа юм. Үнэхээр хэцүү санагдах, шантармаар үе байдаг л юм билээ. Гэхдээ үнэхээр дурласан зүйлээсээ хүн яагаад ч холдож чадахгүй шүү дээ.

-Ингэхэд хүүхдүүдээ урлагийн мэргэжил сонгоно гэвэл хэрхэн хүлээж авах вэ. Яг одоо өөрөө урлагийн мэргэжлийн хүнд хэцүүг биеэрээ мэдэрч байгаа байх?


-Тухайн үед яаж хүлээж авахаа ёстой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би өөрөө урлагаас сэтгэл ханамжийг авч, мэдэрч байгаа болохоор хүслийг нь хорьж чадахгүй байх аа.

Хоёр хүүхдээ ямар ч мэргэжил сонгосон бай гадаад хэлийг л маш сайн сургая гэж боддог юм. Ямар ч салбарт гадаад хэлтэй хүн дээгүүр үнэлэгддэг болоод байна шүү дээ.

-МУГЖ Д.Сосорбарам таныг Айн Ридийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийнхээ гол дүрд урьж оролцуулсан. Том боломж шүү?

-Маш том боломж надад олгосон шүү. Сэтгэхүйнталдаа, үзэгчдээ жүжгэндээ оруулдаг их сонин жүжиг байлаа. “X-Түц” хамтлагийнхантайгаа тоглосон. Тэр дүрд чадан ядан ажилласан.

Хэдий тийм ч би энэ жүжигт тоглосноор асар их зүйлийг мэдэрч бас сурсан. Ер нь тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулаад явах юмсан гэж хүсдэг юм. Тэгж байж миний чадвар ч улам сайжрах байх.

-Ганц хүний буюу моно драмын төрөлд бас хүч сорих гэж байгаа гэж сонссон юм байна?

-“Гэгээн муза” наадам маань энэ номинациар шалгаруулдаг болсон шүү дээ. Өнгөрсөн жил оролцохыг хүссэн боловч амжаагүй. Энэ бодлоо орхиогүй ээ. Зохиолын хайгуул хийгээд л явж байна. Жүжигчин хүнийг маш их задалж, жинхэнэ уран бүтээлч болгох төрөл шиг санагддаг юм.

-Багаасаа хөгжмийн, бүжгийн дугуйланд хичээллэсэн гэсэн шүү дээ. Тэгвэл хэр дуулдаг вэ. Жүжигчин хүн тал бүрийн авъяастай байх ёстой байх?

-Мэргэжлийн хүний хажууд дуулдаг гэж хэлэхэд хэцүү /инээв/. Өөрийнхөө хэмжээнд л солгойрчихгүйхэн шиг дуулчихна. Жүжигчин хүн бүхий л зүйлийг хийж чаддаг байх ёстой нь үнэн. Тийм ч учраас би найруулагчаар сурахыг хүсч байна.

Яг ч найруулагчийн ажил хийх гэсэндээ биш. Найруулагч хүний юу хэлэх, илэрхийлэх гээд байгааг мэддэг байхын тулд. Ядаж л өөрийнхөө тоглолтыг найруулчих хэмжээний арай илүү мэдлэгтэй болмоор байна.

-Нэг үеийн залуу уран бүтээлчид хүч түрэн гарч ирж байна. Таны хувьд харж урам авдаг, барьцаж ажилладаг уран бүтээлчээ нэрлээч гэвэл хэнийг нэрлэх бол?

-Залуу жүжигчид өөр өөр газарт харьяалагдан ажиллаж байгаа болохоор хүчтэй өрсөлдөөн гэх зүйл байхгүй л дээ. Гэхдээ би драмын театрын залуу жүжигчидтэй л их барьцдаг. Би ч гэсэн тэдний хийж байгааг хийж чадна гэсэн цагаан атаархал төрдөг юм.

А.Халиун

Эх сурвалж: