sonin.mn

Арванхоёрдугаар сарын 02-ны өдөр “Тэнгис", "Өргөө" кино театрын дэлгэцнээ хилчдийн албаны онцлогийг харуулсан “Зүрх зогсохгүй” МУСК нээлтээ хийлээ. Уг кинонд МУГЖ Ё.Цог ахмад хилчин Жанчивын дүрийг бүтээжээ.

Тэрбээр эх орон, цэрэг дайны сэдэвтэй “Говь хянганд тулалдсан нь”, “Зарлаагүй дайны оршил", “Бид мартахгүй”, “Босго тотго” зэрэг кинонд чадварлаг дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч билээ. Тиймээс “Зүрх зогсохгүй” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн МУГЖ Ё.Цог гуайг энэ удаагийн дугаарын зочныхоо хойморт урилаа.

-Та өөрийн тоглосон шинэ уран бүтээлд ямар дүгнэлт хийж сууна даа?

-Кино ямар болсныг үзэгчид маань дүгнэх байх. Миний хувьд залуу найруулагч, уран бүтээлчидтэй маш богино хугацаанд хамтран ажиллаж энэ киног бүтээхэд оролцлоо. Киногоо үзээд их сайхан санагдлаа. Чамлахааргүй сайн кино болсон байна.

-Найруулагч Б.Анар “Зүрх зогсохгүй” киногоороо залуучуудад эх орон гэж ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулахыг хичээсэн гэсэн. Та кино зохиолыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүнд эх орон, газар шороо нь аминаас илүү үнэтэй зүйл байдаг. Бидний амьдарч буй энэ газар шороог хилчид халуун амиараа хамгаалж, үеэс үе дамжин өвлүүлж үлдээсэн.

Тиймээс цэргийн алба хаасан, хааж амжаагүй залуучууд Монгол газар шороондоо эзэн нь байж, зүрх сэтгэлээсээ хайрлах ёстой юм шүү гэсэн санаа кинон дээр цухалздаг.

Мөн хүний амьдралд зовлон бэрхшээл, хувийн олон асуудал тулгардаг. Гэвч энэ бүхэн эх орноо гэх сэтгэлийн хажууд өчүүхэн зүйл юм. Үүнийг л энэ кинонд харуулж өгснөөрөө онцлог.

Нэг өдөр'“Скин энтертаймент”-ийн найруулагч Б.Анар ирээд, “Бид нэг ийм кино хийх гэж байна. Дан залуу уран бүтээлчид тоглоно. Та бидэнтэй хамтран ажиллаач" гэдэг санал тавиад зохиолоо үлдээсэн. Найруулагч Б.Анар бол миний багшаа гэж хүндэлж явдаг зохиолч Эрдэнэбатын Оюун гуайн зээ хүү.

Тэгээд зохиолыг нь боломжийн сайхан болж хэмээн зөвшөөрөөд энэ зун хилийн застав дээр очиж зураг авалтад орсон доо. Өнөөдөр харин үзэгчийн суудал дээрээс киногоо бүрэн эхээр нь үзээд сууж байхад үнэхээр сайхан байна.

Хамгийн гол нь эгэл жирийн үзэгчийн байр сууринаас киноны уур амьсгалыг мэдрээд сууж байхад олон ангит “савангийн дуурь”-аас илүү эх орны сэдэвтэй кино хүнд хүрч, тэдэнд үгүйлэгдэж байгаа нь мэдрэгдлээ.

-Хоёулаа бүтээсэн дүрийнхээ талаар жаахан дэлгэрэнгүй ярих уу?

-Би энэ кинонд Сэлэнгийн отрядод залуу насандаа алба хаагаад тэндээ бүх л насаараа суугаа Жанчив гэдэг өвгөний дүрийг бүтээсэн. “...Хилийн албандаа үнэнч хэвээрээ Хязгаарын газартаа үлдэж хоцорчээ...” гэдэг шиг л хугацаат цэргийн албаа хааж халагдаад нутаг буцалгүй үлдсэн тийм л ахмад хилчний дүрийг бүтээсэн дээ.

Өөрийн албандаа бүх л зүрх сэтгэл, нэг насныхаа амьдралыг зориулсан тийм хүний дүрийг бүтээлээ. Киноны төгсгөлд өвгөн “бие барчихдаг” юм. Би ер нь цэрэг, дайны сэдэвтэй олон кинонд тоглосон.

“Зүрх зогсохгүй” киноны хувьд их хурдан хэмнэлтэй учир одоогийн залуучууд үзэхэд сэтгэлзүйн талаасаа тохирсон юм болов уу. Мөн залуус цэргийн эрдэмд хэрхэн боловсорч, тегс төгөлдөр эр хүн болж буйг харуулж өгснөөрөө энэ кино илүү онцлогтой.

Үнэхээр хилийн алба гэдэг залуучуудыг 365 хоногийн хугацаанд бие бялдар болоод сэтгэлзүйнх нь хувьд төгс төгөлдөр эр хүн болгон төлөвшүүлж өгдөг тийм л гайхамшигтай алба.

-Кино зураг авалтын тухайд?

-Зураг авалт Сэлэнгийн отрядын Баруунхужирын заставаас эхэлсэн. Уран бүтээлчид нь бүгд залуучууд байсан учир тэдний дунд цэргийн алба хааж үзээгүй хүүхдүүд олон байсан. Тэдэнд байгалийн бартаа саад ихтэй нөхцөлд морь малтайгаа дасахаас эхлээд бэрхшээлтэй зүйл их байлаа.

Гэхдээ кино хийе гэсэн сэтгэлтэй тэрхүү уран бүтээлийн багийнхны хичээл зүтгэл их байсан. Эдгээр залуучууд ирээдүйд Монголын кино урлагийг авч явж, байр суурийг нь тодорхойлох хүмүүс.

Миний хувьд 2014 онд дэлгэцнээ гарч буй сүүлийн бүтэзл энэ байлаа. Хилийн застав дээр зураг авалт явагдах хугацаанд хилчид бүгд л намайг хүндэлж “Өвөө” гэж дуудна. Хэсэг хугацаанд ч гэсэн хилчдиин амьдрал дунд орж, тэдний хоолыг идэж, тэрхүү сайхан байгапь дээр уран бүтзэлчидтэйгээ хамтран ажилласандаа баяртай байна. Бас хилчдийнхээ хэвлэлд урьж ярилцлага аваад, ахмад уран бүтээлчийн үгийг хүргэж байгаад та нарт талархаж байна.

-Танд цэргийн алба, амьдрал хэр ойр дотно байв. Өөрөө цэргийн апба хааж байв уу?

-Би 16 настайдаа Ардын армид цэргийн алба хааж байлаа. Нэг ёсондоо миний амьдрал, уран бүтээл ардын армийн үлээвэр хөгжмийн сонсогчоос эхэлсэн дээ. Би 18 нас хүртлээ үлээвэр хөгжмийн сонсогч, 18 наснаас цэргийн албаны гурван жил гээд нийт таван жил цэргийн хуаранд амьдраад сүүлд нь улирч үлдсэн юм.

Тиймээс арми бол миний амьдралын их сургууль байлаа. Цэргийн алба намайг хатуужил тэвчээртэй, хүний үг даадаг хүн болгосон. Би мото буудлагын I хорооны хөгжмийн салаанд сонсогч байсан болохоор “Хорооны хүү” гэдэг нэртэй яваа.

-Та олон удаа улсынхаа хил дээр очиж байсан байх?

-Тэгэлгүй яахав. Миний гэр бүлд мөрдөс зүүсэн хилчин хүн олон бий. Тухайлбал, хамгийн том эмэгтэй дүүгийн маань нөхөр Хилийн 0129 дүгээр ангид Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байлаа. Одоо ч гэсэн манай хөгшний дүү Хилчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, дэд хурандаа Л.Лхагвацэрэн гэж бүсгүй бий.

Анх би 1959 онд Дорноговийн хил дээр очиж байсан юм. Тэр үед хөгжмийн цэргүүд гаднаас ирсэн зочдыг угтаж авахаар хил рүү явдаг байлаа. Дараа нь энгийн уран бүтээлч болсноосоо хойш олон очсон.

Тиймээс хилийн амьдралыг тодорхой хэмжээнд мэднэ шүү. Би хилчдээрээ маш их бахархаж явдаг. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист алба хааж байгаа хүүхдүүд үнэхээр агуу.

Тэд улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа болохоор бид бүхэн өнөөдөр оршин тогтнож байгаа юм шүү дээ. Хил дээр очсон залуучууд бие хүн болон төлөвшиж, хүмүүжиж байгаа нь гайхалтай. Хилчдийн тухайд би тэднээр өөрийн эрхгүй бахархдаг юм.

“Би эх орныхоо хил дээр байсан шүү” гээд л хэн нэгний ярьж буйг сонсохоор үнэхээр атаархмаар санагддаг. Ийм л сайхан, баатарлаг албыг хиргүй ариун сэтгэлээр хашиж яваа хүмүүс бол хилчид.

-Эх орны талаар хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, тайлбарладаг шүү дээ. Таны хувьд эх орон гэж чухам юуг хэлэх вэ?

-Хүмүүс эх орон гэхээр их л томоор ойлгож, хүлээж авдаг. Мэдээж эх орон гэдэг агуу их өргөн ойлголттой, цар хүрээгээрээ ч маш том ухагдахуун. Гэвч эх орны талаарх анхны бодол, түүнийгээ хайрлах сэтгэл өчүүхэн зүйлээс эхлэлтэй.

Гудамжинд хогоо хэнэг ч үгүй чулуудах нь эх оронч сэтгэл мөн үү гэж асуумаар байна. Хүн ариун шударгаар хөдөлмөрлөж, хийж байгаа зүйл бүхнээ ард түмэндээ зориулж, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө асуудалд хандаж байвал тэр эх орноо хайрлаж байгаагийн хамгийн наад захын алхам юм.

Үүгээрээ би хүн бүрийн сэтгэл дэх эх орноо гэх сэтгэл, түүний илрэл нь өчүүхэн зүйлээс эхэлдэг юм шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм.

-Таны бүтээсэн тэр олон дүрүүдээс хамгийн их хайртай басхүү маш их хүч хөдөлмөр зарж бүтээсэн нь чухам аль вэ?

-Уран бүтээлч хүн бүтээсэн дүр бүхэндээ хайртай. Нэг дүрээс нөгөө дүрд хувирахын тулд өөр нэг амьдрал руу шилжин хувирах шаардлагатай болдог. Гэхдээ мэдээж бүтээсэн дүр бүхэн амжилттай болохгүй тохиолдол ч байдаг. Би Монголын урлагт 50 гаруй жил зүтгэлээ.

Үлээвэр хөгжмийн сонсогчоос УАДБЧ-т үндэсний найрал хөгжимд орж их урлагийн тайзнаа гарч ирсэн. Хүн зорилгодоо үнэнч байвал үр дүн гардаг. Тийм ч учраас надад Монгол Улсын Г авьяат жүжигчин гэх эрхэм цолыг өгсөн байх.

Хүн өөрийн хүсч тэмүүлсэн мэргэжлээ зөв сонгож чадсан бол түүнээсээ уйдана гэж байдаггүй. Би өөрийн бүтээсэн дүр бүхэндээ хайртай. Тэр бүхнээсээ онцолбол хамгийн анх тоглосон “Их замын тоос” киноны гол дүр болох Сугар жолоочийн дүрдзэ илүү их хайртай байдаг.

Яагаад гэвэл Ёндонгийн Цог гэж хүн та бүхний дунд байдаг юм шүү гэдгийг анх удаа өргөн олонд таниулж өгсөн. Би голдуу эсрэг талын дүрд тоглодог юм. Тэр тусмаа япон цэргийн офицерийн дүрийг бүтээдэг. Ямар сайндаа л Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа, “Чи бид хоёр японоос өөр дүрд тоглохоо байлаа шүү” гэж хэлж байсан удаатай.

Яагаад Б.Дамчаа бид хоёрыг япон цэргийн дүрд тоглуулаад байдаг талаараа Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү найруулагч, “Б.Дамчаа та хоёр цаад эх хэл дээр нь ярихдаа их хурдан сурдаг” гэж тайлбарласан юм.

Харин бүтээхэд хамгийн их хөдөлмөр зарсан дүр бол Наймдугаар Богд Живзундамбын дүр. Түүхэн бодит дүрийг бүтээхэд ажиллагаа маш их. Ямархуу хүн байсныг нь судлахаас гадна тухайн үеийнх нь нийгэм, цаг үе, зан заншил гээд бүх зүйлийг нь нарийн мэдэх шаардлагатай байдаг. Тэгж л сая түүхэн хүний дүрийг бодит мэт бүтээнэ.

-Жүжигчин хүн олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн жүжигчин болохын тулд нөр их хүч, хөдөлмөр шаардагддаг байх. Энэ амьдралыг сонгоод өнөөдрийг хүртэл урлагт хүчин зүтгэж яваа хүний хувьд жүжигчин гэх мэргэжлийн жаргал зовлонг хэн хүнээс илүү өгүүлэх байх?

-Жүжигчдийг их сайхан хялбархан ажилтай хүмүүс гэж боддог байх. Хүн л юм хойно бусдад тохиолддог жаргал, зовлон бэрхшээл бүгд бий. Би аавыгаа өөд болоход дэргэд нь байж чадалгүй хөдөө бригадаар явж байлаа. Гэхдээ хүн өөрийн хийж буй ажилдаа сэтгэлээ өгөөд түүндээ бүрэн уусч чадсан бол ямар ч бэрхшээлийг даван туулдаг.

Гол нь жүжигчин хүн амьдралаас байнга суралцах ёстой. Хүмүүсийн хоорондын харилцаа, ёс заншил, түүх гээд жүжигчин хүнд хамааралгүй зүйл гэж байдаггүй. Жүжигчин хүнд “Чадахгүй” гэж хэлэх эрх байхгүй. Найруулагч Б.Бадар-Ууган нэгэнтээ намайг “Төрийн сүлд өршөө" кинонд тоглохыг урьсан юм.

Тэр үед би өөртөө эргэлзээд энэ кинонд тоглож чадахгүй гэдгээ хэлтэл, “Та чадна. Танд чадахгүй гэж хэлэх эрх байхгүй” гэж хэлж билээ. Үнэхээр одоо бодоход найруулагчийн өгсөн дүрийг бүтээж чадахгүй гэж хэлэх эрх жүжигчин хүнд байдаггүй юм.

Ер нь 50 гаруй жил жүжигчин Ё.Цог гэх нэрийг авч явах хамгийн хүнд байгаа Олон түмэн намайг жүжигчин хэмээн хүлээж авсан байхад би тэр том итгэлийг нь алдах ёсгүй. Гудманд таараад “Цогоо гуай, Богд гуай сайн байна уу?' гэж мэндлэхэд нь дуугуй яваад өгч болохгүй. Олон түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн байхад түүнийг нь дааж авч явна гэдэг үнэхээр агуу юм.

-Жүжигчний мэргэжил гэдэг цаг нар, ар гэрийн амьдралаа умартахаас өөр аргагүй байдлыг шаарддаг байх. Тэгвэл энэ олон жилийн турш таны ар талыг найдвартай дааж явсан гэр бүлийнхнээ танилцрулаач?

-Манай гэрт Соёлын тэргүүний ажилтан олон бий. Том хүү маань “Өнгөт инээд” хамтлагийн захирлаар ажиллаж байсан Ц.Хүсэлбаатар, бэр хошин урлагийн жүжигчин СТА С.Өлзийхүү, дүү маань “Үелзүүр” Оюунгэрэл гэж алдартай бүжигчин бүсгүй бий. Миний анхны ханийг Дулмаа гэдэг. Хань минь олон жилийн өмнө өөд болсон.

Би гэдэг хүн хэдэн нялх хүүхэдтэйгээ ганц бие явж байгаад 10 гаруй жилийн өмнө одоогийнхоо эхнэртэй нийлсэн юм. Насаараа Төмөр замын байгууллагад ажилласан хүн бий. Намайг эзгүй тоглолтоор явсан хугацаанд хэдэн хүүхдээ, гэр орноо сайхан авч явдаг мундаг эмэгтэй.

Надад ар гэр өөдөө санаа зовох зүйлгүй ажилдаа бүх л сэтгэлээ зориулах тэр боломж, нөхцлийг олгож өгсөн хүн дээ. Эр хүний амжилт, эхнэрээс шалтгаалдаг гэж үнэхээр үнэн үг. Тиймээс Ё.Цогоо гэдэг хүнийг өнөөдрийг хүртэл өдий зэрэгтэй явахад хамгийн ихээр нөлөөлж, дэмжиж, ойлгож явсан хүмүүс бол миний гэр бүл.

-Сүүлийн үед таныг хүмүүс МУГЖ Д.Хүрэлхүүтэй хамтран тоглосон телевизийн цуврал рекламаар буюу “Цогоо гуай” гэх дүр төрхөөр хамгийн түрүүнд хүлээн авдаг болсон байна?

-Тийм шүү. Хүн бүр л намайг Цогоо гуай гэдэг болсон. Тэр ч бүү хэл зарим залуус Цогоо гэх нэртэй нэгнээ шоглоод “Цогоо гуай” гэж дууддаг юм билээ. Нэг өдөр “Бодлын хулгайч” киноны гол дүрд тоглосон жүжигчин Амараа манайд ирсэн юм.

Амараа маань хувийн студитэй. Тэгээд “Би нэг реклам хийх гэж байгаа. Жүжигчин Д.Хүрэлхүү таныг олж ирвэл л рекламд тоглоно гээд байна” гэсэн. Тэгээд бид хоёр "DDiSН” телевизтэй хамтарсан цуврал рекламд тоглож эхэлсэн.

-Одоо та ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоо ч шинэ жилийн баяр дөхөж байна. Тиймээс хүүхдүүддээ бэлэг тараадаг өвлийн өвгөний ажилдаа орох байх даа. /инээв/ Цаг дулаараад ирэхээр хөдөө орон нутгаар явж өөрийн уран бүтээлийн тайлан тоглолтыг хийхээр төлөвлөж байна.

Тоглолт маань эх орны сэдэвтэй байх юм. Миний хувьд “Эцсийн тушаал”, “Алmан түлхүүр” гэдэг хоёр кино найруулсан. Хоёулаа л эх орны сэдэвтэй. Эх орны тухай сэдвийг сонгож авсан нь өөрөө учиртай. Ямар ч хүний сэтгэлд эх орны тухай ойлголт маш гүн гүнзий сууж өгсөн байдаг шүү дээ.

Тиймээс би энэ сэдвийг барьж авсан. Хүн алс хол, гадаадын ямар ч сайхан оронд амьдарлаа гэсэн эх орноо санаад ирэхээрээ нутгийн өвгөчүүлээ өөрийн эрхгүй дурсдаг. Хүний эх орон гэдэг тийм л нандин зүйл дээ.

Би ирэх 2015 онд хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхдээ хилээрээ очно гэж бодож байгаа. Хилчидтэйгээ уулзана. Надад Хилийн цэргийн сайхан найзууд бий. Ингээд нийт Монгол Улсынхаа хилчдэд, “Дархан хил амгалан, дайчин хилчдийн минь золбоо хийморь өөдөө байх болтугай” гэж ерөөл өргөмөөр байна.

-Танд уран бүтээлийн амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан ахлагч М.Уранбайгаль

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин