sonin.mn

Саяхан би баахан архи уув аа. Бүх ойр дотны хүмүүс, улс түмнээсээ хүлцэл өчье. Ахин тийм нүгэл үйлдэхгүй ээ. Согтуудаа энэ дурсамжийг (Дурсамж ч гэж, хууч л юм даа) бичсэн байх юм. Засч найруулъя гэснээ, тухайн цаг үеийн нэгэн баримт юм даа гэж бодоод, гар үл хүрэв.
Ш.Эрдэнэтөр /Оончиг/ дүүгийнхээ, С.Анударын тухай бичсэн дурсамжаас үүдэн, юм юм л бодлоо. Саяхан л Оончиг дүүгээ хөлд оруулах гэж хөглөж явсан санагдах юм. Гэтэл он жил учир жамаараа улиран өнгөрч, үсэнд буурал суулаа. Мөн л жам ёсоор дүү минь дурсамж бичдэг болсон нь аргагүй. Би ч бичье дээ...
1990 он. Уралын их сургуулиас эсэргүү толгой хэмээн хөөгдөв. “Диалектик материализм зэрэг үзэл суртлын хичээлийг үзэхгүй, манайд ардчилсан хувьсгал ялсан” гэсэн өргөх бичгээс /найз С.Надмид, Г.Бямбадорж, Р.Гэрэл маань дэмжиж, гарын үсэг зурсан/ болж шүү дээ. Гэхдээ намайг “эрүүл мэндийн шалтгаанаар” хэмээж билээ. Зөвлөлтийн шалгарсан арга л даа.


Монголдоо ирээд, учир байдлыг ярихад Чоймаа багш ихэд талархан сайшааж, “манайд сэтгүүлзүйн анги байхгүй, гэхдээ монгол хэлний ангидаа сур” гээд л цохолт хийж өгч байж билээ.
Маш халуун дотно хамт олонтой учирсаан. Доктор профэссор, лам, дарга болцгоочихсон улс яваа. Хөөрхөн охин Цэцэгсайханыг ч сананам.
Хичээлд суусан анхны өдөр минь, намайг, бас Цыбикдоржиев, Павлов, Оганов бид 4-ийг шууд грүзчик болгочихдог юм байна. Шкаф зөөж байтал, Цыбикдоржиев Павлов /хожмын элчин сайдын хүү/ хоёр маань хэрэлдээд унав. Би ч буриад монгол Доржоогийнхоо талд оролгүй яахав.


Ажил дууссаны дараа Доржтойгоо сайн танилцлаа. Панмонголистууд болохоор мэдэлцэн, ихэд баяслаа. Гэхдээ Э.Ринчино сайн хүн, муу хүн гэж бас санал зөрөлцөөд авсан. Буриад хүн бүр л Ринчиног бурхан, халх хүн бүр төрийн хутгуур гэдэг хойно. Харин одоо бол миний бодол өөрчлөгдсөн л дөө.
Биднийг гадаад төрхөөрөө ч их адилхан гэж хэлэлцдэг байсансан.
Доржоотой маань өөр ангийн залуус уулзахаар ирнэ. Би хажууд нь байх нь олонтаа. Доржоо маань, манай ангийн оросуудтай ч, монголчуудтай ч төдийлөн нийцэж чадахгүй /монгол хэлийг сайнгүй мэднэ/ байх бөгөөд, намайг л их хань татна.
Ирж уулзагсдын дунд нь Ану байсан юм. Тэр үед, Ану-г маань, зөөлнөөр хэлэхэд: “маш өвөрмөц” гэж нэлээн ярьдаг байсан даа. Их л энгийн бус нэгэн харагддаг байв. Нөгөө анааш манаашаа хэрэглэчихдэг ч байсан юм уу. Би түүнтэй харьцах төдийлөн дуртай биш байв. Ангийнх нь Б.-оос ямар учиртай хүн бэ гэхэд “Аан, нөгөө ...юу” гэж тааламжгүй үг хэлж байж билээ.
“Эрүүл мэндээр шилжиж ирсэн” гээд, намайг биеийн тамирын тусгай хичээлд бүртгэчихэв. Дандаа дарга нарын эрх охид хамрагдсан бөгөөд, Содгэрэл гэдэг гуа бүсгүй байсан нь маш их таашаал авчирч байсан ч, эр хүйстэн нэг ч атугай байдаг грүппэд намайг шилжүүлэхийг хүслээ. Тэр грүппэд нь, надтай адил зовлон бүхий Ану байв. “Сайн уу, өвгөөн!” гэж билээ. Зүрх муутайгаа хэлж, харин миний “эрүүл мэндийн” учир шалтгааныг сонсоод их л хөхөрсөнсөн.
...Би чинь оюутан байхдаа, сонинд орон тооны ажилтнаар орчихсон, архи дарс ч залчихдаг, багш нартайгаа тэрсэлчихдаг “танхай” нэгэн байв аа. Доржоо маань үе үе, “Анутай нөхөрлөх хэрэгтэй, маш сайн залуу” гээд л рекламдана. Элдэв үг яриа, хувийн ажиглалтаас болоод, Анугаас харин би болгоомжилж байв.
Нэгэн удаа Доржоо сонинд маань мэдээ авчирлаа. “Чи 1-р ангийн хүүхдээр орчуулгаа юу” гэж би гайхав. Доржоо асар их баясч, “Ану-гаар орчуулгасан” гэлээ. Бичгийн ямар ч хэв байхгүй, найруулга ч гэж авах юмгүй л байлаа.


Манай сонинд Галсаа, Амгаа, Буянаа гээд л сэтгүүлзүйн мундаг залуус байв даа. Галсаа маань, “Саша Соколовын ч юмыг авчирлаа, Жеймс Жойсын ч юмыг аваад ирлээ, Мөөгий минь унш” л гэдэгсэн. Тэр үед мань хүний ертөнцийг ойлгодог хүн цөөн байсны нэг нь би юмуу, хаашаа юм. Би чинь Орост бас зүгээр суулгүй, модэрнизм зодэрнизмийг сонирхож, тэр чиглэлээр бичиж байлааштээ. Одоо харин, Галсаа биднээс өмнө бүгд модэрнист байсан болж таараад байнуу, үгүй юу.
Орост анхлан бичсэн, “Монголын залуучууд” сонины “архив”-т нэг жил дарагдсан “Юу ч биш” өгүүллэгээ аваад  иртэл, Галсаа маань маш их баясч, “Монголын үргэлжилсэн үгийн цор ганц гэрэл гэгээ” гэснээ, даруй нийтэлчив. “В один день проснулся знаменитым” гэж Б.Төмөрхуяг багш маань надад хэлдэгсэн. Тийм л юм болсон.


Гэтэл Ану над руу утсаар ярив. Доржоогоос утсыг минь авсан гэнэ. Ний нуугүй өчихөд, хааш яйш хэллэгнээс нь болоод, би үгийг нь тэр бүрий ойлгодоггүй байв. “Уран зохиолын “Соёмбо” гэдэг бүлгэм байгуулж байгаа” гээд, “намайг яг таарах хүн гээд байна л гэж ойлгов.
1993 он юм л даа. Их л уудаг болчихсон байлаа. Тэгээд, тэнд сурдаг үгүй нь мэдэгдэхгүй МУИС-даа яах гэж ч юм очтол /Светкаг харах гэсэн ч байж магад, эсвэл шараа тайлах ч гэлүү/, Ану таарч, “нөгөө юмаа ярья” гэв. Чингээд, хоосон ангид оронгуутаа, ширээн дээр сууж, уран зохиолын тухай л бололтой, баахан л юм ярив. Бас л яах гээд байгааг нь ойлгосонгүй.
“Манайд очьё” гэж тэр хэллээ. Шар тайлах ч найдвартай боллоо хэмээн баясав. Хэллэгт нь дасч ирсэн тул, ойлгоод ч байх шиг, хариу хэлээд ч байх шиг. Гэтэл нэг залуу тааралдлаа. Соёмбобаатар гэж өөрийгөө танилцуулав. Түүний нэртэй бүлгэм байгуулах гэж байгаа юм уу гэтэл, Ану элгээ хөштөл инээж билээ.
Мань хүнийг монголоор ярихаас нь илүү, оросоор ярихад нь сайн ойлгодог байв.
Өрөө нь, хүн амьтан амьдардаг гэж хэлэх аргагүй, замбараагүй хөглөрөл, бужигнал л байлаа даа. Улаан армийн холбогдолтой плакат ханандаа хадсанд нь би эгдүүцэв. Тэр үед би чинь их л эвлэршгүй демократ, гэхдээ бас фашист байлаа ш дээ. Харин Ану хэнэггүйгээр тайлбарлах нь “Ердөө л энэ бол ийм тийм” гэхдээ хэдэн давхар мат-аар хачирлав.
Бид гурав, өөр уран зохиолын тухай яриад л байв, яриад л байв. Ану, Соёмбоо хоёр “Юу ч биш”-ийг маань ойшоосон нь илт. Гэхдээ Ану юм ойшооно гэдэг ч хэцүү дээ. Нэрийг нь мат-гүй дурдвал ойшоолоо гэсэн үг. Эсвэл сайн хараавал. Харин Соёмбоо маань үнэхээр баясчихсан магтаж байв.
Миний шарталт хөөрч, хөлс асгарав. Хэлсэн чинь Ану “Наад орон дээрээ хэвтчих, өвгөн нь гоё дуу тавиадхая, тэгээд зүгээр болчихдог юм даа. Харин чи тамхи татдаггүй нь харамсалтай” гэв. Хураагаагүй орон дээр нь хэвттэл, бүр хучиж өгөв. Ийм ийм номнууд шарталтад сайн гээд шидсэнийх нь дунд Андэрсэн байв. Тэрийг нь амарчлан уншвал бие сайн ч болчих шиг.
“Гражданская оборона”-г Ану тавьж, тэд тамхи татан хөхрөлдөнө. Анааш манаашаа л татсан байлгүй дээ. Үгүй ч юм уу.
Надад “Гражданская оборона”-гийн “Всё это по-плану” маш их таалагдав. Үг нь ч хялбар тогтоогдох юм. Бид гурав тэр дууг нэлээн хэд дахин сонсч, дуулав.
Ану маань “4 биш 4” хэмээх, гар бичмэл, хавтсыг нь өөрөө, их л ур чадваргүй зурсан “номоо” танилцуулав. Уншиж үзээд би, жаахан бухимдаж “Хөөе, Ану, энэ чинь нөгөө яадаг ийдэг хүний өдрийн тэмдэглэл биш үү” гэв. Ану ч маш их баясч, “Тийм санагдаж байгаа бол их сайн байна” гэсэн билээ. “Чи бид чинь ийм л юм бичдэг шүү дээ” гэснийг яана.
Галсаа маань цэрэгт явчихсан байлаа. Тиймээс, шинэ залуу авъяастныг тодруулах “Debut” нүүрийг надад даалгасан байв. Анх миний “Юу ч биш”-ийг тавих гэж Галсаа маань /том дарга байсан/ энэ нүүрийг санаачилсаан. “Юмыг чинь уншаад, сониндоо тавих эсэхийг шийдье” гэтэл Ану тавиулахгүй гэж надтай нэлээн булаацалдав. Би дийлсэн гэдгийг уншигчид мэдэж байгаа нь лавтай.
Тэднийд хэвтээд байсан чинь, бие сайжрав. Цойг бүгдээрээ их л эвтэй найртай дуулцгаалаа. Башлачёвыг ч мөн адил. Ташрамд, тэрбээр манай Уралын их сургуулийн оюутан байсан. Түүнийг мэдэж байсанд, Ану зохиолыг нь нийтэлнэ гэсэн үгнээс минь ч илүү баярлав...
Маргааш нь ч билүү, редакци дээрээ очсон чинь, “Яасан ийсэн хүний өдрийн тэмдэглэл” гэх үг угтав. Заавал тавина гэж би уурлаад, бичээчид өглөө.
Маргааш нь летүчк болов. Мөнхбаяр болохгүй бүтэхгүй юм тавих гэж байна гэсэн яриа гарав. Хүрлээ эрхлэгч маань үзсэнээ, “Болох ч юм шиг, болохгүй ч юм шиг” хэмээн бодлогоширов. “Цохисон” эх над дээр ирлээ. Уншаад үзэв. Летүчк дээр элдэв асуудлууд яригдсаар. Харин Ану-гийн бүтээлээс эрх чөлөө мэдрэгдээд давгүй л байв.
Эрхлэгч “Зөв бичгийн алдааг нь засаадах” гэв. Би залхуураад залхуураад л 400 гаруй засвар хийсэн юм даг. Тэр чигээрээ л одоо хэвлэгдээд явж байдийм ш дээ. Ану ч ямар тэрийг тоох биш.
Мань хүний зохиолыг нийтлэх гэхээр, редакц огт зөвшөөрдөггүй байв. Аль ч дугаарт оруулж болдоггүй. Харин түүнээс дутуугүй “галзуу солиотой” юм бичдэг Сэргэлэнг болохоор зөвшөөрсөн. Ташрамд, Б.Сэргэлэн гэдэг энэ хүн авъяаслиг зохиолч болж болох асан ч, нийгэм түүний боломжийг нухчин дарсан билээ. “Нохой минь намайг идэв” гэхчилэн, гайгүй шүлгүүд байсан нь ор сураггүй болсон, мань хүн намайг алга хийсэн гээд байдаг.
Гэтэл Галсаа маань цэргээс халагдаад ирэв ээ. Эрч хүч дүүрэн нэгэн гялалзаад байв. Би тэр үед “Хөдөлмөр” сонины дэргэд “Хөдөлмөр” гэдэг клүб байгуулалцаад байлаа. Сээгий, Аагий, Гэрлээ, Баатраа, Бахдлаа, Хүрлээ гээд л нөхдүүд л дээ. Пийв их ууна, уран зохиол, улс төр ярьцгаана. Зав чөлөөгөөрөө мийсийн тэмцээн зохион байгуулна, нам ч байгуулна.
 


Галсаа энэ клүбийг “Улаанбаатар” луу нүүлгэж авчиръя гэв. Аагий бид хоёр хуушуурдаж байхдаа, “Бид Бямба гараг болгонд дугаар хариуцан гаргаж байя” гэж ярилцсан. Би “Бямбыг нөгөөдхөөр нь юу гэдэг билээ” гэхэд тэр “Санчир” гэв. “Санчир” клүб гэж нэрлэе хэмээсэн маань хэлтэс болж хувирав аа. Дарга нь би, тэгээд Галсаа, Аагий, Гэрлээ, Отгоо бид хэд орсон юм. Хурхаа, Төгсөө, Уугаа гээд хөөрхөн охид туслаад л...
Ингэж хүчтэй болчихоор, Ану-гийн өгүүллэг /тууж ч юм уу/ сонин дээр гарна биз. Тэгээд л гарсан. Нийгэмд бөмбөг дэлбэрэх мэт эффэкт үзүүлсэн байх аа. Үгүй ч билүү. Ану, бид маш их хүчин зүтгэлээр бүтээлийг нь гаргуулсан явдалд өчүүхэн төдий ч баярлаагүй. Хэ хэ гээд л “анааш манаашаа” татаад сууж байсан.
Харин миний “Зөвхөн бидний үдэш” өгүүллэгийг над руу утасдан байж, таалагдсанаа хэлж байсныг нь Галсаа гэрчилнэ. Б.Галсансүх, С.Анудар, С.Энхбаяр, Г.Аюурзана, Б.Сэргэлэн... гээд энэ хэдэн хүнд л таалагдсан байх аа.
Би одоо нэлээн согтуу байна. Замбараагүй бичиж байгаа байх. Галсааг Ану-тай танилцуулсан хүн нь би юм. Тэр үед ч ямар гар утас мутас байсан биш. “Чамайг би сонин хүнтэй танилцуулна” гээд л дагуулж очсон. Ану байж байсан. “Ингэж бие биенээ бас олдог юм байжээ” гэж бараг уярмаар, тэгж их санал нийлж тэр хоёр уулзсан даа. Түүнээс хойш, энэ хоёр хүн хамгийн сайн анд нөхөд болсон. Анугийн анд нөхөд хэн бэ гэвэл, би юуны өмнө Галсаа, Доржоо хоёроо л хэлнэ.
Ану-тай би олон удаа маргалдсан. Тэрбээр нэгэнтээ “Иисус Христос-сүперпиздец!” гээд л айхтар хараал хэлэв. Тэр үед би христийн шашинтан байсан. Барилцаж авах нь л холгүй юм болно. Бараг бүх юмыг тэр олон давхар мат-аар хараана. Бас л маргалдана. Гэхдээ бид хоёр муугүй л харилцаатай байлаа.
Намайг байхгүй хойгуур, Ану, Галсаа, Соёмбоо, Баска нар “Шинэ цус-хязгааргүй хамтлаг” гэдэг нэртэй уран зохиолын бүлгэм байгуулан, намайг эчнээгээр элсүүлчихсэн байв шүү дээ. Тэгэхлээр “хам замууд” болчихож байгаа юм.
Одоо тэр бүлгэмээ сэргээе гэтэл, Галсаа маань депутатын ажлаа хийгээд, Баска маань гишүүн Гандидаа туслаад, Соёмбоо маань сураггүй алга болчихоод, “тиймэрхүү” л байгаа.
Хүмүүс Ану-г дүүрчихсэн сүицидист гэдэг. Тэр, “30 гартал наслах бол адгийн завхайрал” гэдэг асан. Гэхдээ өөрөө 30 гартал наслах бэлтгэлээ хийж байсан юм шүү. Философийн судлалаар ул суурьтай явахаар бэлтгэж, урт үсээ тайруулж, бүсгүйтэй үерхэж, багшилж, уран бүтээл, уран зураг, уран баримал руу орсон байв.
Ану археологид гал халуун сэтгэлээр шимтсэн. Археологийн экспэдицид явж, газар дороос ганц өчүүхэн эд өлөг ч болтугай олохдоо асар их баясдаг асныг найз, эрдэмтэн Уугий нь гэрчилнээ. Ану оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод зогсолгүй, намайг баясгах нь, үндэсний үзэлтэн болсон юм.
Галсаагийн хүү төрснийг тэмдэглэхээр, Одгоо, Ану, Сээгий, Амгаа, Буянаа бид хэд  очсоныг санана. Тэгэхэд бид бараг юм яриагүй. Ямар ч утгагүй орилолдсоор тарсан. Үүнд, Анугийн нөлөө тун их байв. Мань хүний эргэн тойронд тийм л юм болно. Тэр үед Ану Галсаагийн салхивчнаас зуурч байгаад, үсрэн байж шүлсээ хаях нь хөндлөнгийн бидэнд тун ч зүдэргээнтэй байсансан.


Ану, Галсаа хоёр маань нийлж номоо гаргах болов оо. “Ану-гийн зохиолд шүүмж бич. Чи л чадна” гэж Галсаа маань хэлсэн. Цаадахь чинь дургүйцэх биз ээ гэхэд, үгүй, харин сонирхож байгаа хэмээн Галсаа хэлсэн билээ.


“Чи л чадна” гэх үг тэр үед надад илбийн юм шиг нөлөөлдөг байсаан. Бараг зохиолоос нь илүү том шүүмж биччихсэн. Даан ч тэр шүүмж нас барсных нь дараа хэвлэгдсэн дээ.
Ану тусч нэгэн байв. Би өрөнд орчихоод, герман хүнээс мөнгө зээлэх гээд, хүсэлт орчуулах хүн хайж явтал, түүний хайхрамжгүй, цэвдэг гэмээр байдал огт үгүй болж, “манайд очьё, ээжээр орчуулуулъя” гээд л намайг чирээд гүйчихсэн билээ. Дэлгэрмаа эгч /ээж нь/ хүсэлтийг маань орчуулж байх хооронд, надад маркны цуглуулгаа үзүүлэх нь яг л жаахан хүүхэд шиг санагдсан...

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу?