sonin.mn

ТОКИО. /NHK/. Манай дэлхийн ус сүүлт одоос бус, солироос үүсэлтэй байж магадгүй гэж судлаачдын баг мэдэгдлээ. Сүүлт одыг судлахаар Европын сансрын агентлагийн /ЕСА/ хөөргөсөн сансрын хиймэл дагуулын цуглуулсан мэдээлэлд үндэслэн тэд судалгаа явуулжээ.

Швейцарь, Франц, АНУ болон бусад улсын эрдэмтэн судлаачид судалгааны тайлангаа шинжлэх ухааны “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.

ЕСА-ийн 10 жил сансарт байсан “Росетта” сансрын хөлөг энэ оны наймдугаар сард онилсон сүүлт оддоо 100 км ойрхон очжээ. “Росетта” тусгай тоног төхөөрөмж ашиглан уг сүүлт одны усны уурыг судалсан байна.

Судалгааны урьдчилсан дүн сүүлт одны ус манай дэлхийн уснаас нэлээд өөр болохыг харуулж байна гэж судлаачид хэллээ.

“Сүүлт одны усанд устөрөгчийн нэг хэлбэр болох дейтери буюу хүнд устөрөгчийн агууламж илүү өндөр хувьтай байна. Тодруулбал, дэлхийн усныхаас гурван дахин илүү байна” гэж судлаачид хэлэв.

Дэлхийн усны үүслийн талаар судлаачид удаан хугацаанд санал зөрөлдөөнтэй байгаа билээ. Нэг хэсэг нь дэлхийн ус солироос, нөгөө хэсэг нь сүүлт одноос үүсэлтэй гэж үздэг юм.

Харин хамгийн сүүлийн үеийн энэ судалгаанаас үзвэл, солир дэлхийд ус бий болгосон байх магадлал илүү өндөр байна.

Г.Доржханд

Эх сурвалж: