sonin.mn

Зохиолч, сэтгvvлч, яруу найрагч О.Содномпилтэй уран бvтээлийнх нь талаар ярилцлаа.

-Таны сvvлийн vеийн уран бvтээлийн талаар яриагаа эхлэе?

-Би чинь амьдралынхаа туршид хоёрхон ном бичсэн хvн шvv дээ. Заан тугаллана гэдэг шиг л юм болно. Хоёр жилийн өмнөөс л нэг шvлгийн ном бэлдэж байна. Сvvлийн vед бичсэн нь ч байгаа, залуу цагтаа бичиж байснаасаа сорчлоод оруулсан нь ч байна. Заримдаа харахаар болмоор ч юм шиг, заримдаа өөрийгөө жаахан голоод байх юм. Он гаргаад хэвлvvлнэ гэсэн бодолтой байгаа. Мөн “Монголын орчин vеийн яруу найраг” антологийн хоёр дахь ботийг хэвлэлтэнд бэлтгэж байна. Сонингуудаар гарч байсан залуучуудын шvлэг, зохиолын эмхэтгэл маягтай юм.

-Дэлхийн сон­­­годог зо­­хиолч, уран зураач, сод хvмvvсийн тухай бичсэн “Хөргvvд” номынхоо талаар дэлгэрvvлж яривал?

-Би амьдралынхаа туршид ном уншсан, бага сага юм бичсэн хvн. Өөр ч олигтой хийсэн юм байхгvй. /инээв/ Залуу байхдаа уран зураг, хөгжим гээд урлагийн чиглэлийн ном цуглуулж уншдаг байлаа. Тэрний хаялагаар л бvтсэн ном. Уншигчдад дор хаяж дэлхийд танигдсан хvмvvсийн нэрийг мэдvvлчих юмсан гэсэн санаатай л байна. Хоёрдах цувралыг нь оны дараа шvлгийнхээ номтой хэвлvvлэхээр бэлдээд байна.

-Та яруу найргийг жирийн шvлгээс хэрхэн ялгаж ойлгодог вэ?

-Яруу найраг шvлэг, магтаал, аман зохиол зэрэг бичлэгvvд бvгд хоорондоо ялгаатай. Яруу найраг бол хvний оюун ухааны дээд тvвшний бичвэр. Манайхан ахуйгаасаа авахуулаад л авдар нь хээтэй, гэр нь хээтэй, хурц өнгөнд дуртай ард тvмэн. Тэр сэтгэлгээгээрээ ч гэсэн vг хэлэхдээ хvртэл толгой холбож, хоршоо vгээр айл гэр болоход ерөөл магтаал хэлдэг, хурдан морио уралдуулж цоллодог гэх мэт. Иймэрхvv өнгөц тал нь манайд тvлхvv байсан. Жинхэнэ яруу найраг бол жаахан төвөгтэй. Заавал гоё vгийн ч хэрэг байхгvй. Тэр цаана нь л “нэг юм” байдаг. Хvнийг сэрж мэдрvvлэх, ухааруулах, дуу алдуулах юм бий. Би бол “юм” л гээд байдаг. Бусад хvмvvс юу гэж ойлгодог юм мэдэх юм алга.

-Шvлэг бичдэг залуучууд олон л байгаа. Та тэднийг уншдаг байх. Тэд таны хэлээд байгаа шиг тийм яруу найргийг бvтээж чадаж байна уу?

-Хvн залуудаа сэтгэлийнхээ догдлолоор янз бvрийн шvлэг их бичдэг. Бичээд л байдаг. Ер нь юм уншихгvй байгаа хvн их бичих гээд байдаг. Гадна дотны юм жаахан мэдээд ирэхээр өөрийнхөө бvтээлд цензур тавьж эхэлдэг. Бичсэн шvлгээ уншихаар өмнө нь иймэрхvv санаатай шvлгийг биччихжээ гээд хэвлvvлэхээ болих жишээтэй. Тэрнээс биш санаанд орсноо гарчиг тавиад бичдэг хvн маш олон бий. Энэ шvлэг биш. Сэтгэгдэл гэмээр юмуу даа.

-Тэгвэл та өөрийнхөө бvтээлд өндөр цензур тавьдаг байсан учраас цөөхөн бvтээлтэй гэсэн vг vv?

-Тийм. Би өөрийнхөө ойлгосон хэмжээнд л бичдэг. Тvvнээс биш миний багадаа бичсэн шvлэг таван том дэвтэр дvvрэн бий. Тавдугаар ангид “Гологдсон хvvхэн” туужийг шvлэглээд биччихсэн байсан гээд бод л доо.

-Хэмжvvр гэж хэлээд байгаа зvйлийг та өөрөө өөртөө бий болгосон уу, эсвэл танд нөлөөлсөн хvн байв уу?

-Ахмад хvний хэлсэн ганц vг насан туршид мартагддаггvй юм байна. Ховдод бага ангид сурч байхдаа аймгийн утга зохиолын дугуйланд явдаг байв. Нэг удаагийн дугуйлан дээр нягтлан бодогч Рэнцэндорж ах ирж шvлэг уншсан юм. Дугуйлангийн хичээл дууссаны дараа надад “Миний хvv шvлгийг цөөхөн мөрөөр бичдэг юм” гэж хэлсэн. Тэр vгийг би насан туршдаа мөрдлөг болгосон доо. Тиймээс ч миний 70-аад оны vеийн шvлэг их цөөхөн мөртэй. Хэдэн найраглал бий ч ер нь цөөхөн vгээр бичдэг. 1976 оны “Утга зохиол” сонинд миний найман шvлэг анх хэвлэгдсэн юм. Тухайн vед нэрээ дахин дахин хараад л учиргvй баярлаж байлаа. О.Дашбалбар, Д.Нямсvрэнгийн шvлгvvд хамт хэвлэгдэж байсан. Өөрийн багш гэвэл би Рэнцэндорж ахыгаа л гэж хэлнэ дээ.

-Таны ажиллаж байсан сонин болгонд залуучуудын шvлэг зохиол, шvvмжийн бvтээлvvд гардаг. Vvний ач холбогдол, хvмvvст хэр хvрч байгаа бол?

-Би хvрч байгаа гэж бодож байгаа. Энэ нь нэгт залуучууд өсч дэвжихэд хэрэгтэй. Хоёрт уншигчдад маш их мэдээлэл өгч байгаа юм. Хvний боловсрол, хvмvvжил бvх зvйл чинь явж, явж урлаг, утга зохиолтой л холбоотой байхгvй юу. Урлаг хэдий чинээ хөгжинө, тvvний хирээр хvмvvсийн оюуны хvрээ тэлж байдаг юм болов уу гэж бодсоны vндсэн дээр очсон газар бvхэндээ уран зохиол, шvvмж судлалын бvтээлvvд хэвлvvлэхийг боддог. Өдөр тутмын сонингуудад улс төрийн бичвэрvvд давамгайлж байна. Яах вэ “Утга зохиол урлаг” сонин дагнаж бичдэг л дээ. Гэхдээ хvмvvст хvрэх нь бага байна. Ганц сонин энэ олон уншигчдад хvрч чадахгvй.

-Зохиолч хvний хувьд “Монголын зохиолчдын эвлэл”-ийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дvгнэж байна вэ?

-Би ч зохиолчдын эвлэлийн 321 дэх гишvvн. Тэгэхээр нилээд эртнийх байгаа биз. Одоо бол мянга гаруй гишvvнтэй болчихсон. Vйл ажиллагаанд нь оролцоод сvйд болоод байгаа юм алга. Энэ чинь олон нийтийн байгууллага учраас их төвөгтэй байдаг юм байна. Миний бодлоор зохиолчдын байгууллага бол өмнөх vе болоод энэ цагийн уран бvтээлчдийн бvтээлийг архивлах ёстой. Магадvй гол vvрэг нь ч энэ байж болзошгvй. Уран бvтээлчдийн зохиолыг архивлана гэдэг маш чухал ажил. Уран зохиол өөрөө уралдаан тэмцээн биш юм шvv. Зохиогчийн бичвэр, уншигч хоёр хоёулхнаа байж гэмээнэ учир начраа олдог. Тийм нандин, нам гvмд бvтдэг зvйл. Зохиож байгаа уралдаан тэмцээнд нь оролцох байтугай vздэг ч vгvй юм. Яруу найргийг бол уншигчдынхаа чихийг мялаагаад сонсгож болох байх. Өгvvллэгийг уншиж уралдуулдгийг харин ерөөсөө ойлгодоггvй. Яруу найргийг өөрийг нь уралдуулж болдоггvй болохоор дvгнэж бас болдоггvй эд. Дvгнэж болохгvй учраас тэр авчихлаа, энэ авчихлаа гэсэн асуудал гардаг юм уу даа. Жин, уртаар нь хэмжиж болдоггvй оюун санааны зvйл учраас зөв vнэлгээ гардаггvй.

-Та зохиолч, сэтгvvлч төдийгvй багшийн ажлыг олон жил хийсэн хvн. Багш хvний хувьд ирээдvйн сэтгvvлчдийг бэлдэхдээ юуг анхаардаг вэ?

-Сургуулиудад лекц уншиж байгаа минь аминдаа гуч гаруй жил энэ мэргэжилтэй ноцолдсоных өөрийн олж авсан туршлагаа хvvхдvvдэд дамжуулчих юмсан гэж боддог. Аль ч мэргэжлийн ахмадуудын туршлага олж авсан мэдлэгийг цаг vед нь заавал vлдээх ёстой.
Жишээ нь миний уншсан номыг нэг залуу унших гэж ахиад гучин жил болно. Тэрний оронд би уншсанаа заагаад өгчихвөл хамаагvй бага цаг хугацаа зарцуулна шvv дээ. 1990-ээд оны vеэс дуртай хvн нь сонин гаргаад ирэхээр сэтгvvлзvйн мэргэжлийн чанар алдагдан нэг л биш болж ирсэн. Vvнд би сэтгэл дундуур явдаг байлаа. 2010 оноос хойш харин мэргэжлийн тал руугаа нилээд явж байна даа.

-Та хамгийн сvvлд ямар ном уншив?

-Маш сайхан угсаатны зvйн судалгааны, хээрийн тайлангийн таван боть ном уншлаа. ШУА-ын Тvvхийн хvрээлэнд ажиллаж байсан Тангад гэдэг хvний насаараа хийсэн хээрийн судалгааныхаа тайлан бvтээл. Хvмvvсийн vлгэр домог, газар ус, гэр барих ёс, газар бvрийн өөр өөр ёс заншлын тухай уншиж байна. Ийм бvтээлийг хойч vедээ vлдээж байгаад би их баяртай байгаа шvv.

-Танд баярлалаа.

Эх сурвалж: