sonin.mn

АНУ-ын Карнеги Холлын тайзнаа Хөгжим бүжгийн коллежийн оюутан Б.Номуунаа найзуудынхаа хамт уран бүтээлээ толилуулахаар болжээ. Ирэх сарын сүүлээр АНУ-ыг зорих түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Алдарт Карнеги Холлын тайзнаа манай улсаас төгөлдөр хуурч С.Саянцэцэг, дуучин Э.Саран, К.Номинжин нар уран бүтээлээ толилуулж байсан билээ.

-Уран бүтээлч бүрийн мөрөвдөл болсон Карнеги Холлын тайзнаа бүтээлээ холилуулахаар болжээ. Хэний, ямар бүтээлийг амилуулахаар бэлтгэж байна вэ?

-Шинэ оны эхний сард өсвөрийн хвгжимчдийн "Кришендо" уралдаан АНУ-д болох юм. Энэ уралдаанд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Уралдаанд оролцохын тулд өнгөрсөн аравдугаар сард бичлэгээ илгээсэн юм.

Шүүгчид нь бичлэгийг нь үзэж үнэлгээгээ тавьж, цаашид өрсөлдөх хөгжимчдийг нь шалгаруулдаг. Тэр шалгаруулалтад нь би тэргүүлсэн байна лээ. Энэ мэдээг саяхан багшид дуулгасан. Тэмцээнд тоглох бүтээлээ одооноос бэлтгэж байна.

Ирэх сарын 28-нд бэлтгэсэн бүтээлээ Карнеги Холлын тайзнаа толилуулах юм, Тоглолтод анх бичүүлсэн уран бүтээлээ тоглодог. Түүнээс биш шинэ бүтээл бэлтгэдэггүй. Би энэ удаа Антонин Дворжакийн “Словани бүжиг"-ийг тоглоно.

-Бичлэг явуулахаасаа емнө олон удаа бэлтгэсэн болохоор дахин тоглоход амар байх болов уу?

-“Словани бүжиг"-ийг бичүүлэхээс өмнө сайн давтсан. Гэхдээ тэглээ гээд зүгээр суулгүй дахин бэлтгэж байгаад АНУ руу явна даа. Монголын алдартнууд уран бүтээлээ толилуулсан Карнеги Холлын тайзан дээр хөгжим тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм. Одоо уран бүтээлээ Монгол Улсын гавьяат багш Алтанцэцэгтэй хамтран бэлтгэж байна.

-Нэр хүндтэй тайзан дээр гарч уран бүтээл тоглоно гэж бодохоор сандарч байна уу?

-Маш их догдолж байна. Хөгжимчдийн мөрөөдөл болсон тайз гэж бодохоор бэлтгэл сургуулилтаа улам сайн хиймээр санагддаг. Бас ирэх сарыг тэсэн ядан хүлээж байна даа.

-Хатан хөгжим хэмээн нэрлэдэг хийлийг хэдэн настайгаасаа хойш тоглож байна вэ?

-Хийл тоглож сурахаасаа өмнө төгөлдөр хуур тоглодог байв Цэцэрлэгт байхдаа таван наснаасаа төгөлдөр хуур тоглож сурсан. Ер нь багаасаа л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан.

Тийм учраас гэр бүлийнхэн маань ч энэ тал дээр их дэмждэг. Мөн мөрөөдлөө биелүүлэхээр сургуульдаа хичээнгүйлэн сурч байна. Сургуулиа энэ жил төгсөх болохоор тоглолт, хичээл гээд ачаалалтай байгаа.

-Сургуулиа төгсөөд гадаад руу сурахаар явах уу?

-Гадаад руу явж боловсролоо дээшлүүлэх нь миний бас нэг зорилго. Гэхдээ Хөгжим бүжгийн коллежоо төгсөөд СУИС-д сурах төлөвлөгөөтэй байгаа. Түүний дараа л гадаад руу сурахаар явах байх. Боловсролоо дээшлүүлж ирээд сурсан мэдсэнээ бусдад заахыг хүсч байна. Цаашид мэргэжлээрээ багшлах сонирхол бий,

-Энэхүү тоглолтын дараа төлөвлөсөн зүйл бий юү?

-Хавар тайлан тоглолтоо хийх бодолтой байгаа.

-Хийл хөгжмийг ямар нэгэн зүйлтэй зүйрлэвэл?

-Хийл хөгжмийг эмэгтэй хүнтэй зүйрлэвэл илүү оновчтой болох байх. Ер нь хийлийг хөгжмийн хатан гэдэг. Сайн ажиглавал гадаад үзэмж нь эмэгтэй хүнтэй төстэй. Аялгуу нь ч гэсэн уянгалаг. Би хөгжимчнийг зураачтай адил гэж боддог.

Зураач өнгө будаг хослуулан өөрийнхөө санааг бүтээлээрээ илэрхийлдэг, Хөгжимчин хүн тэр болгоныг өнгө нотоор илэрхийлдэг. Ингээд бодохоор урлагийн зарим зүйл нь хоорондоо адилхан хэрнээ гаргаж байгаа хэлбэр нь ялгаатай юм.

-Алдартай уран бүтээлчидтэй хамтран тоглож байсан удаа бий юү?

-Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн тайлан тоглолтод оролцож байсан. Ер нь олон уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Сургуулийнхантайгаа ч олон үйл ажиллагаанд оролцдог.

-"Виртуозо" наадамд оролцсон залуу уран бүтээлчдэд шагнал гардуулж харагдсан. "Дүүдэйхүү" сантай хамтран ажилладаг юм уу?

-Одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа дуучин Э.Саран эгч уран бүтээлчдийг дэмжих зорилготой "Дүүдэйхүү" санг үүсгэн байгуулсан. Тэр сангийн төлөөлөгчөөр нь би сүүлийн гурван жил ажиллаж байна.

Өөрөө залуу хөгжимчин ч өөртэйгөө адилхан хүмүүстэй хамтран ажиллах боломж олдсонд би баярладаг, их хүндэтгэлтэй санагддаг. Уран бүтээлчид урмын үгээр тэжээгддэг. Ийм сайхан санг үүсгэн байгуулсан эгчдээ баярладаг. Энэхүү санг манай эмээгийн нэрээр нэрлэсэн.

-УДБЭТ-т ажиллаж байгаад АНУ руу явсан дуучин Э.Саран таны төрсөн эгч юм уу?

-Би Э.Саран эгчийн төрсөн дүүгийнх нь том охин.

-Олон улсын чанартай уралдаанд өмнө нь оролцож байв уу?

-Ж.Чулууны нэрэмжит олон улсын тэмцээнд оролцож дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Энэхүү тэмцээн гурван жилд нэг удаа болдог.

-Ярилцлагын төгсгөлд хүсэл мөрөөдлийн тань талаар асуумаар байна?

-Багаасаа л эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан хөгжимчин болохыг мөрөөддөг байв. Одоо түүнийгээ мөрөөдөл биш зорилго болгоод явж байна. Манай ардын хөгжимчид сонгодог бүтээл тоглодог болсон. Түүн шиг ардын уран бүтээлүүдийг хийл хөгжмөөр тоглож дэлхийд таниулахыг хүсдэг.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: