sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “Ноze's make up, art studio"-ийн захирал, нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэтэй ярилцлаа.

-Яг эзэмжсэн мэргэжил нь интерьер дизайнер гэж сонссон. Хэдийнээс энэ нүүр хувиргах урлагийг сонирхох болов?

-Тиймээ, би 2008 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг интерьер дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгссөнхийхөө дараа найзуудтайгаа хамтран монголд саr аrt буюу автомашин дээр зурах урлагийг дэлгэрүүлэх зорилгоор ажиллаж эхэлсэн.

Харин энэ нүүр хувиргалт гэж зүйлийг бүр наймдугаар ангийн сурагч байхаасаа л сонирхсон юм. Гоо сайхны тэмцээнд ч оролцдог байлаа. Воdy аrt буюу биeн дээр зурах урлагийг сонирхдог байсан юм. Үүнээсээ улбаалаад л энэ нүүр хувиргалт руу татагдаж, хичээллэх болсон.

-Холливудын кинонуудад нүүр хувиргагчаар ажилладаг мэргэжлийн хүний шавь гэсэн?

-Өнгөрсөн 2013 онд Герман улсын “Меphisto von hugo" сургуулийг мэргэжлийн нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн Г.Цэнгүүн Монголд ирж мэргэжлийн түвшинд сургалт хичээллүүлсэн. Энэ хүн “Наnsel & Gretel witch hunters" болон АНУ, Европын орнуудад хэд хэдэн кино төслийн mаке uр агtist-аар ажиллаж байсан.

Энэ сургалтанд хамрагдах боломж надад олдсон л доо. Нүүр хувиргагггын дэлхийн хэмжээний техникүүдийг суралцана гэдэг том аз завшаан. Мөн өнгөрсөн тавдугаар сард Герман улсад мэргэжлийн нүүр хувиргагчдын сургалтанд сууж мэргэжил дзэшлүүлээд ирсэн.

-Нүүр хувиргалтын хичнээн төрөл байдаг бол. Та хичнээн төрлөөр нь ажиллаж байгаа вэ?

-Гоо сайхны нүүр будалт, кино, театрын нүр хувиргалт, биен дээр зурах урлаг гээд их олон төрөл бий.

-Биен дээр зурах урлагийг ойлгохгүй хүмүүс байх шиг.

-Воdy аrt гэдэг маань хүний биен дээр зураг зурах урлаг шүү дээ. Монголд энэ төрлийг их хожуу хүлээж авч байх шиг байна. Анх бол хүний нүцгэн биен дээр зураг зурдаг гэснээс өөр ойлголтгүй байлаа шүү дээ.

Энэ бол урлаг. Эмэгтэй хүний гоо сайхныг зургаар зөв бөгөөд сайхан илэрхийлэх урлаг. Өнгөнүүдийн уусалт, текник нь цаасан дээр зурахаас тэс өөр. Маш их чадвар шаардсан урлаг юм даа.

-Тэгвэл таныхаар шивээс ч гэсэн урлаг уу. Мөн л хүний биен дээр зурж байгаа шүү дээ?

-Тийм шүү. Өөр өөрийн гэсэн чиг хандлагатай урлаг. Хүний арьс руу шигтгэж зурж байгаа л нэг төрөл шүү дээ.

-Бие дааж “Ноze's make up, art studio"  байгуулсан байна. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?

-Гоёлын будалт, тайзны будалт, биен дээр зурах урлаг, тайз, киноны нүүр хувиргалт гэх мэт чиглэлээр өөрийн гэсэн бүтээлч студиэ нээгээд удаагүй байна. Гурван сар гаруй л болж байна. Эхнээсээ уран бүтээлчидтэй хамтран ажиллаж эхлээд байгаа. Тайзны уран бүтээл дээр ажиллаж үзлээ.

Дэлгэцийн уран бүтээлд ч ажиллаж үзлээ. Манай уран бүтээлчид ч кинонд нүүр хувиргалт маш чухал гэдгийг ойлгож байх шиг байна. Нүүр хувиргагчид киноны найруулагч, зураглаачтайгаа маш сайн хамтран ажиллаж байж кино гоё болно шүү дээ.

Дэлхийн стандартад дүйцэхүйц уран бүтээлүүд Холливудын ч тэр, баруунд ч тэр тэгэж л хийгдэж байгаа. Манай монголын кино урлагт яг энэ төрлийн нүүр хувиргалт их дутмаг санагддаг юм. Тэр ч үүднээсээ энэ чиглэлд ажиллах сонирхолтой байгаа. Их ч хичээж байна.

-Зохиолч Ц.Ууганбаярын зохиолоос сэдэвлэн хийж байгаа “Хүүхэлдэй” аймшгийн киноны нүүр хувиргагчаар ажиллаж байгаа гэсэн?

-Өнгөрсөн гуравдугаар сард богино хэмжээний кинонд ажиллаж үзсэн. Удахгүй үзэгчдэд хүрнэ. Харин энэ удаад бүрэн хэмжээний “Хүүхэлдэй" уран сайхны кинонд нүүр хувиргагчаар ажиллалаа. "Зоорь” уран сайхны киног бүтээсэн хамт олон энэ кинонд дахин нэгдэж ажилласан юм билээ.

Зураг авалт саяхан дууслаа. Зохиолын хувьд ч тэр, зураг авалтын хувьд ч тэр шинэлэг нүүр хувиргалтыг үзүүлэх шаардлагатай болсон. Будалтаа яаж хийхийг найруулагчгайгаа ярьж байж шийдэж хийлээ. Найруулагч аль өнцгөөр харж байгаагаас болно доо.

Нүүр хувиргалтыг үнэмшилтэй хийх гэж их хичээж ажиллалаа. Аймшгийн киног хүнд эффект, цус, нүүр хувиргалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Sресiаl буюу тусгай нүүр хувиргалт маш их хийсэн. Хуруу гар тасдах, нүд толгой руу хутга зоох, амилсан үхдэлүүд, хөгшрөлт зэрэг нүд хальтрам хувиргалтууд хийсэн.

Аль болох шинэлэг зүйл хийхийг хичээлээ. Өмнө нь монгол аймшгийн кино-нуудад ашиглаж байгаагүй эф-фектүүдийг аль болох ашиг-лахыг хичээсэн дээ. Кино дэлгэ-цэнд гарахаар үзэгчид үнэлэлт дүгнэлтээ өгөх байх.

-Тэгэхээр энэ төрлийн дэлгэцийн уран бүтээлийн нүүр хувиргалт хамгийн ажиллагаатай байдаг гэж ойлгож болох нь ээ?

-Манайд ер нь аймшгийн юмуу үлгэрийн кино их бага хийгддэг. Энэ төрлийн кинонууд нүүр хувиргалтын маш өндөр чадвар шаарддаг. Үлгэрийн киног монголд анх 1960 онд “Алтан өргөө” киног германчуудтай хамтарч хийсэн шүү дээ.

Тэрнээс хойш өдийг хүртэл энэ төрлийн кино бараг хийгдээгүй. Аймшгийн киноны хувьд ч тэр. Сүүлд хийгдсэнээс нэрлэвэл “Ядуугийн зовлон”, “Хана”, “03:30” гээд их цөөхөн кино байгаа шүү дээ. Гэхдээ ихэвчлэн хувиргалт нь үнэмшилгүй харагддаг.

Сүүлийн үед техник технологийн хөгжил ямар байгаа билээ. Нүүр хувиргагчдын хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, техникүүд ямар өндөр түвшинд хүрч байгаа билээ дээ. Эдгээрийг ашиглах л хэрэггэй.

-Тодорхой хэмжээний зургийн авьяастай хүмүүс л нүүр хувиргагчаар ажиллах байх. Тийм үү?

-Өнгө, гэрэл, сүүдрээ ялгаж хардаг зургийн ур чадвартай хүн нүүр хувиргагчаар ажиллана л даа. Гоо сайханчид киноны нүүр хувиргагч хийгээд явж байгаад их харамсдаг. Нүүр хувиргагч гэдэг чинь тусдаа мэргэжил шүү дээ.

-Таны хувьд нүүр хувиргалтын ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Монголоос олдоц хэр байна?

-Би германы "Кrуоlаn" брэндийн будаг, хэрэгслүүд хэрэглэдэг. Хүний эрүүл мэндэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй, тогтоц сайтай гэдгээрээ давуу байдаг. Энэ брэндийн бүтээгдэхүүн монголд ороод ирчихсэн байгаа.

Сүүлд герман явахдаа бас монголоос олддоггүй зарим хэрэгсэл, материалаа өөрөө аваад ирсэн. Ер нь бол яваандаа энэ төрлийн мэргэжлийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх нь зөв байх.

-Энэ чиглэлээр дагнасан олон улсын тэмцээн уралдаан болдогуу. Та оролцож байв уу?

-Өнгөрсөн тавдугаар сард дэлхийн аварга шалгаруулах Олон улсын үсчин, гоо сайханчдын тэмцээнд биен дээр зураг урлагийн төрлөөр амжилттай оролцоод ирсэн. Миний хувьд их туршлага боллоо.

-Түрүүн машин дээр зураг зурдаг байсан гэж ярьсан. Энэ төрлийн зургийг зориглож зуруулах хүн манайд ховор л байх даа?

-Саr аrt чинь маш их дэлгэрсэн урлаг шүү дээ. Манайд л тэр болгон хүмүүс сонирхдоггүй болохоос биш. Унаж яваа төмөр хүлэг дээрээ өөрийн хүссэн зургаа зуруулах боломжтой.

Машины зориулалтын будгаар зурдаг л даа. Харамсалтай нь дийлэнхи залуус нэг машин авчихаад хэсэг унаж байга л зардаг болохоор тэр бүр зуруулах нь ховор байдаг юм.

-“Ноze's make up, art studio" сургалт зохион байгуул эхэлсэн гэсэн?

-Манай студи сургалт хичээлүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа төгсөлт хийлээ. Энэ чиглэлээр мэргэшихий хүссэн хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй. Бүр төрлийн будалт, нүүр хувиргалтыг хийж чаддаг, чадварлаг залуусыг бэлтгэхийг хүсч байна.

Мөн “Сити" дээд сургуультай хамтран шинэ сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний mаке uр аrtist бэлтгэх шинэ анги нээж байгаа юм.

А.Халиун

Эх сурвалж: