sonin.mn

Нэрэн өвгөний буурал ат хувалзанд бариулчихаж. Өвгөн анхандаа анзаарсангүй.

Өрвөлөг нь бууралтаад эхэлмэгц л тогоогоо тосолчихоё гэж бодсон ч чаддаггүй байв. Элсэн хамрын цаадтайх цаазын талбай руу хөтлөж аваачих бурантагаа амихандаа нуумаглан нуруу тушаагаа бүсэндээ хавчуулаад гэмгүй царайлан очиход нь буурал ат нэг их баярласан амьтан хэвтрээсээ босож хүүгэтэл амьсгалаад хүзүү сунган гунганахад нь өвгөний цийлгэр нүд хар аяндаа чийгтэж туулай хамрыг нь хормойгоороо арчиж, буйлных нь товхонд наалдсан нусны үлдэгдлийг хумсаараа хусаж цэвэрлээд, хурууны өндгөөр нуухыг нь салгаж өгнө.

Тэгээд нэгэнт зориулж бүсэлсэн бурантагаа авч буйланд нь домоглож торгоогоод хүзүүнд нь эвхэж орхих. Гэр рүүгээ буцаж явахдаа буурал аттайгаа ханьсаж сунагар бүрчлэн адил урт хэдхэн алхамд багтан сэтгэл дундуур нь тавчиж өнгөрөхүйд хөөрхийдөө зөнгөөрөө нүд аниг гэж бодох бөлгөө. Энэ үйлдэл жил бүрийн мал тооллогын өмнө давтагдана.

Буурал атны хоёр бөх холоос Хөхшөө Шугшаа хоёр уулын орой шиг дүгнийж харагдахад сэтгэл нь ханаж яахав хөөрхий сүргийн нөмөр амьтны нүд сэтгэл чимээд явж байг гэж бурантаг нууж очсон үйлдлээ бүтэн жил цайруулж бодно. Гэтэл нэг хавраас буурал ат нэг л нунж харагдах болсноо харсаар байтал турж эхлэв.

Буурал атыг хаа ч явсан дагаж явдаг хориод атдайлаг зүв зүгээр улам л өнгө зүс орж таргалцгаагаад хондлойнх нь ховилд хутганы ир ч багтамгүй гүн нарийн болцгооно. Иддэг уудгаасаа болоогүй нь тодорхой боллоо. Ужиг өвчин тусчихав уу гэж ажихад онц юм мэдэгдсэнгүй.Нэг өдөр өвгөн буурал атаа зориуд авч үлдээд биеийг нь нэг бүрчлэн нэгжиж шалгалаа. Цавинд нь нэг мэнгэнээс өөр юү ч байсангүй.

Хөөрхийг минь өтөл нас дотроос нь мэрж байх нь гэж бодоод сангийн бойпортоо арц унгасгаж хамарт нь ойртуулбал буурал ат мэгзэм уншиж байна уу гэлтэй уруул умалзуулан хэнхийтэл санаа алджээ. Өвгөн ч бурантагийг нь тайлж бүсэндээ хавчуулаад хаан дээр нь зөөлөн алгадвал буурал ат хотны захад очуут эргэж харан гунганаснаа бэлчээртээ зорив.

Зусангаа намаржингаа буурал ат ягуухан турж мянган бээрд ч тэнгийн хүндийг үүрч алхахдаа цуцаж байгаагүй хоёр босоо бөх нь ялагдсан цэргийн туг сүлд шиг ягуухан бөхийсөөр өвлийн эхэн сард хойт бөх нь зүүн бөөрөө урд бөх нь баруун хаагаа дарж шалчийн хэвтэв. Гэвч амьтны сүр сүлд гэж байдаг бололтой одоо бол буурал атнаас хавьгүй том товир болцгоосон сунагар ат,мөн ч сүр бараагаар буурал атнаас яагаад ч дутахгүй болсон тайлагнууд буурал атыг бараадан дагадаг хэвээр, хотны захын хэвтэртээ тойрон шахаж хэвтэцгээнэ.

Өглөө буурал ат тамирдан нүд анилдуулан хэвтэхэд ижлүүд нь босчихоод хотны захад гунганан дуудаж хүлээцгээнэ. Тэгсэн нэг өглөө буурал атаа цааш алхахыг нь араас нь харж зогссон Нэрэн өвгөний нүдэнд буурал атны цавинд яалт ч үгүй нэг юм зүүлттэй яваа нь харагджээ. Өвгөн атныхаа араас сандчин гүйж өмнө нь гарч хоргоон зогсоогоод цавийг нь тонгойж хартал бурхан минь том буурал хувалз зүүгдээтэй байх нь тэр.

Өвгөний мэнгэ гэж харсан юм нь хувалз байж. Аттай нь өнгө нэгтэй болохоор өдий болж тэнтийтэл нь анзаарсангүй. Аттай нь өнгө нэгтэй болохоор өдий болж тэнтийтэл нь анзаарсангүй. Муу золигийг зулгааж аваад хүйтэн элсэнд булчихая гэж бодоод угзартал дунд гарын хөөргийн чинээний хувалз дийлдсэнгүй.     Арьсанд нь биш маханд нь шүдээ яргатал шигтгэсэн туучий болж таарлаа.

Бүдүүн хар дааман хайчаараа тас хяргах юм хуна гэж занаад хайчилтал хайч нь даадаггүй бүр гайхшийг нь барж орхив. Хувалзны биш атны шир шиг арьстай амьтан болж таарав. Өвгөн хүүгээ хурдан унаагаар нь сум руу шурхийлгэж малын эмч Лувсанпэрэнлэйжамцыг дуудуулав.

Малын эмч нуруу үүрэн таадаганаж атны цавь руу ёс болгон тонтойж харснаа

-Өвгөн хараа мууджээ. Энэ хувалз биш ургацаг байна гэж оношлож өвгөний хоёр муу цийлгэрийг аяганаас нь нисгэчихээ шахдаг байгаа.

-Ургацаг ч байна уу юү ч байна хамаагүй чи тарьдаг юмаараа шипхиилгээд наадахаа унагаад өг гэсэнд

-Тэр ярихгүй ээ тариа бол хувалзанд зориулагдсан эд. Ургацагт тарьдаггүй номтой гэчихээд яваад өгдөг байгаа. Лувсанпэрэнлэйжамцын увайгүй зан атаа аврах өвгөний хүслийг бүр шатааж шунал дэв болгон буцалгав. Өвгөн өөрөө сум руу шогшуулж очоод үүдтэй өрөөтэй болгоны чихэнд хонх уяж хомисс гээч юм байгуулалцав.Уг нь энэ хомиссийг өвгөн хүсээгүй ч Лувсанпэрэнлэйжамц хүсчээ.    

Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан малын эмчийн оношийг улайтал    эсэргүүцэж байгаа өвгөнд    дургүй    нь хүрч эрэгчин эмэгчнээ үзэлцэхээр шийдчихсэн хэрэг. Хомисс ирж буурал атыг хоёр гурван өдөр тал талаас нь шинжив. 

Зургийг нь харин ч нэг авлаа. Өнөө ургацаг хувалз хоёрын алин болох нь мэдэгдэхгүй байгаа зүйлийн зургийг бүрч олон авав. Буурал атыг тал тал тийш нь нухаж ядарсан дээр нь бүр сульдааж орхив. Сум дээр хомисс хуралдаад л байгаа сураг өнжөөд л өвгөнд ирнэ.

Өвгөн хураасан жаал өвснөөсөө өглөө болгон хормойлж буурал атандаа өгнө.Буурал ат хоёрхон үмхээд л хормой өвс цааш нь хийчихнэ. Өвгөн ч уйгагүй хормойлоод л гүйнэ. Эмгэнийх нь

-Хавар ботго тором сульдсан ингэнд өгөх гэсэн жаал өвс барчихлаа гэж хангинах нь өвгөний чихэнд хүрэлгүй замдаа хөлддөг бололтой даанч нэг ажрахгүй. Өнжөөд л хоёр дөчийн битон ус уучихна. Гэвч энэ их тэжээл хаашаа шингэчихээд байгаа нь бүү мэд.

Ат нь улам бүр тамирдаж хүүгэтэл амьсгаадан налж хэвтэх болов. Сар гарны дараа хомиссын маргаан ашгүй нэг талдаа орсон дуулдаж хоёр хоногийн дараа захиргааны жижүүр нэг бичиг авчирч өглөө. Мөнөөх зүйлийг хувалзны шинж агуулсан ургацаг мөн гэсэн онош гарчээ. Сүүлдээ буурал ат хөлөө сарвайлган тэрийж хэвтэх болов.

Өвгөн нөгөө ургацаг руу загийн мөчрөөр хатгаад үзлээ. Гэтэл нэг юм атигасхийх шиг болох нь тэр. Тэгэлгүйдээ. Ургацаг мөн зулзагалана даа. Хувалз болох нь гарцаагүй. Бүдүүн хувалзны цаана гурав дөрвөн хувалз нууцхан томорч байгаа нь тодорхой боллоо.

Хүүгээ дахиад л сум руу давхиулж дахиад л хомисс ирж хурал нь мөн сар гаруй үргэлжиллээ. Ургацаг болгон үрждэггүй боловч хувалзны шинж агуулсан ургацагаас жижиг ургацаг ургаж болно гэсэн шийдвэр гарчээ.

Муу санаа хүнд л байдаг гэж боддог асан өвгөний бодол хуучирсан болох нь удалгүй тов тодорхой болов. Хувалзны шинж бүхий ургацаг буурал атыг үхүүлэх дургүй аж. Тэр бас Нэрэн өвгөн буурал атандаа хайртайг ч мэдээд байна.

Атандаа тэжээл өгөхөө болчихоор хувалз шимэлтээ зогсоодог бололтой буурал ат тэнхээжин өндөлзөвч босохоосоо өнгөрсөн тэр амьтан хий л гунганан нүднээсээ гомдол цөхрөлийн нулимс тасралтгүй унагаж өвгөний сэтгэлийг урна. Тэжээл өгчихөөр хувалз мэдэгдэм томроод л байна. Ингээд Нэрэн өвгөн хотондоо нэг тэжээлгэгчтэй болов.

Нарийн дээрээ нэг ч юм уу дөрөв тав ч юм уу бүү мэд. Ай хөөрхий хувалзны шинж агуулсан ургацаг аа гэж. Хөөрхий энэ буурал ат одоо дөрвөн бэрхний тэмээ шиг босож чадахгүй, бага үдэд илүү гэр шөргөөж бүр ч чадахгүй, Сэлэнгийн буурал замд асгарсан үр тариаг ачаандаа түүртэлгүй явдал дундаа хэлээ шөвөлзүүлэн долоохгүй.

Хэвтэр дээрээ хормой хормой өвс битон битон ус гударч цус болгон хувалзны шинжтэй ургацаг тэжээгч л болжээ.

Д.Болд

Эх сурвалж: