sonin.mn

Цас хялмаалж, жавар тачигнасан өвлийн өдрүүдэд улаанбаатарчууд гялайсан зам дээр арайхийн явах нь өрөвдөлтэй харагдана. Өвлийн улиралд өдөрт хэдэн арван хүн гулгаатай зам, албан баигууллагын гялгар шал, шатнаас хальтирч эрүүл мэндээрээ хохирч байна.

Ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд халуун дулаан оронд зориулсан гялгар чулуун зам тохиромжгүй. Гэтэл нийслэлд хаа сайгүй тавьсан гөлгөр гөлтгөр зам дээр хүн хальтирч унах нь энгийн үзэгдэл мэт хүмүүст санагддаг.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан явган хүний гарцын хашлагыг намсгасан нь сайшаалтай. Гэхдээ тэрхүү налуу хэсэгт зориулалтын наалт наагаагүйн улмаас зам хөндлөн гарах гэсэн иргэд гулсч унах сул талтай аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 15 хүн зам дээр хальтирч унан Гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Энэ мэт түмэн асуудал нийслэлчүүдийг өдөр тутам зовоосоор. Замын цас, мөсийг цэвэрлэх ажилд улсаас олон сая төгрөг төсөвлөдөг. Гэтэл автомашины зам дээр хальтиргаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацаж цэвэрлэдэг атлаа явган хүний замд анхаарал хандуулдаггүй нь хачирхалтай. Уг нь хүний амь нас, эрүү мэнд автомашинаас үнэ цэнэтэй баймаарсан.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: