sonin.mn


Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор 1980-аад оны содон яруу найрагч, чөлөөт хэвлэлийн түүхэнд өөрийн орон зайгаа тамгалан үлдээсэн сэтгүүлч О.Содномпилийг урив. Өнөөдөр ч өдөр тутмын “Үндэсний мэдээ” сонинд даацтай нийтлэлүүдээ туурвисаар яваа найрагч маань хэзээний л инээмсэглэсээр угтсан юм. Гадаа нэгдүгээр сарын зөөлөн цасан бударч, цонхны цаана их хотын жирийн нэгэн оройн хөл хөдөлгөөн түчигнэнэ. Намуухан хүүрнэх найрагчийн яриа цэгцтэй хэрнээ ямархан нэгэнд сэтгэл яаруулах нь аргагүй л бичгийн хүн гэдгийг нь илтгэнэ.

-Сүүлийн үед таны нэрийг “Үндэсний мэдээ” сонин дээрээс хардаг боллоо. Урд нь арай өөр сонинд байсан санагдах юм?

-Тийм ээ. Өдөр тутмын бусад сонинг бодвол шинэ залуу гэж хэлж болох “Үндэсний мэдээ” сонинд залуучуудтайгаа бужигнаад л сууж байна. Бас ч гэж хөөрхөн хугацаа өнгөрсөн байна. Саяхан СГЗ болсон Б.Ганчимэгийн эрхлэн гаргадаг “Орen fооr” сонинд ч хааяа юм өгнө. Зүгээрч үгүй тэр сонинд бас нэг жаахан хувь эзэмшдэг ухаантай.

-Хажуугаар нь яруу найраг, уран зохиолын ажлаа амжуулсаар л явна уу?

-За тэр талын ажил их маруухан даа. Хамгийн сүүлд хүмүүсийн хөрөг тэмдэглэлийн нэг ном гаргасан. Бага сага жаахан юм бичиж байгаа ч эмхтгэж  цэгцлэх ажил нь нэг л амжиж өгөхгүй юм. Бодож, санаж яваа юм бол бий бий.

-Цонхны цаана, замын гэрэлд зөөлөн цасан будрахыг харан суухад таны сэтгэлд юу бодогдох юм бэ дээ?

-Яг одоо 1980-аад оны яруу найрагч нөхөдтэйгөө III,IV хорооллын замаар шүлэг уншин замын голоор цас манаруулан алхалж явсан гэгээн сайхан үдшүүд минь эрхгүй бодогдож байна. П.Баярсайхан, О.Дашбалбар, Д.Энхболд,    Ц.Чимэддорж, Д.Төрбат, Д.Нямаа, А.Мягмаржав, Б.Батхүү, Д.Чинзориг, Д.Галбаатар, Бя.Энхтуяа, Д.Сумъяа, Ц.Түмэнбаяр, Д.Батжаргал, М.Амгалан, Ц.Цагаанхүү гээд анд сайн нөхөд минь тэр л цагийнхаа дүр төрхөөр инээлдэж байх шиг бодогдлоо. Зарим нь буцаж ирдэггүй мөнхийн аяндаа мордсон ч он цагийг эргүүлэн баринтаглаж дурсах, санаашрах гэдэг нь хамгийн онцгой мэдрэмж юм даа.

-Ингэхэд та яагаад хэвлэл мэдээллийн салбар руу яваад орчихсон юм бэ. Уг нь таныг “тоон доторх үсэг” шиг мэргэжилтэй нөхөр гэж сонссон юм байна?

-Ах нь 1952 оны Луу жил Архангай аймагт төрсөн ч гэлээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Өөлд угсааны хүн. Дунд сургууль төгсөөд ажил хийж байгаад хожуухан МУИС-ийн Авто инженерийн ангид орж суралцаад 1982 онд төгссөн. Харин сургуулиа төгсөнгүүтээ есдүгээр сарын нэгнээс шууд л “Залуучуудын үнэн” сонинд сурвалжлагчаар ажилд орсон ховорхон азтай хүн байгаа юм. Тэр үед төвийн том сонинд ажилд орох, хотын паспорт авах эд нар чинь ихээхэн нэр төрөөс гадна тун аз хийморьтой явдал байлаа шүү дээ. Өмнө нь миний бичсэн “Эх орны толгод” гээд найраглал, бас бус мэдээ, материалууд “Залуучуудын үнэн” сонинд нийтлэгдсэн нь тэр үеийн эрхлэгч Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуайд анзаарагдаж, өчүүхэн намайг ажил амьдралын зах руу хөтлөхөд нөлөөлсөн нь дамжиггүй.

-Тэр үеийн “Залуучуудын үнэн” сонины редакци гэдэг ёстой л “ланжгар”-ууд цугласан газар байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Д .Хатанбаатар, Д.Цэмбэл, Б.Буянцог, Навчаа эгч, Өлзийбат гээд л байлаа. Намайг ороод жил болсны дараа Батын Эрдэнэбаатар Комсомолын дээд сургууль төгсөөд ирж байв. Тэр үед “Залуучуудын үнэн” сонины дэглэлт, бичлэгийн чөлөөт байдал нь бусад сониноос ялгарч байсан юм шүү. “Ням гарагийн зочин" гээд том ярилцлагын нүүр нь тэр үедээ хүмүүсийн хамгийн унших дуртай нүүр байсан. Миний хувьд “Алтан хараацай" гээд сонин доторх сонинд “Би сурагч байхдаа” гэдэг булан хөтөлдөг байв. Одооны нэр алдартай хүмүүсийн сурагч насны амьдралыг дэлгэсэн тэр булангийн зочноор 20 гаруй алдартан уригдаж байлаа. Ардын жүжигчин Жанцанноров, төгөлдөр хуурч Цолмон зэрэг хүмүүсийн хэвлэлд гарсан анхны ярилцлагуудыг бараг л би авсан юм билээ.

Яагаад ингэж дүгнэв гэхээр Жанцанноров гуай хэвлэлд гарсан бүх л ярилцлагуудаа эмхтгээд ном гаргасан байсан. Тэр номын хамгийн эхний ярилцлага нь миний хийсэн ярилцлага байна лээ. Тэр үед МУИС-ын багш байсан, одоогийн УИХ-ын дэд дарга Гончигдоржийн тухай “Алтан босго” гэдэг сурвалжилсан тэмдэглэл хийсэн юм. Геометрийн бүх л өгөгдөхүүнүүдээр жижиг гарчиг хийсэн тэр тэмдэглэл маань хэлбэрийн хувьд тэр үедээ сонин содон л байлаа. Ер нь сэтгүүлзүйн амин сүнс нь агуулга, хэлбэр хоёр л байдаг юм шүү дээ.

-“Залуучуудын үнэн” сонинд ингэж амжилттай ажиллаж байснаа хэдийд нь “Хөдөлмөр” сонин руу дүрвэчихсэн хэрэг вэ?

-Залуучуудын байгууллага чинь бас нас хамаарна л даа. 1987 гэхэд миний нас 30 хол гараад явчихсан. Ингээд Монгол телевизийн Үзэл суртлын хэлтэст очиж жил гаруй ажилласан юм. Тэнд яагаад ганц жил болсон гэвэл ажлын арга барил таарахгүй газар байсан л даа. Би чинь ерөөсөө л ганцаараа суугаад бичдэг хүн байсан. Харин телевиз бол олон хүний хамтын бүтээл, тэгээд хөдөө гадаа их явна. Тэр үед Октябрийн хувьсгалын 70 жилийн ой болж телевизийнхэн энэ ойд зориулан 70 нэвтрүүлэг хийсэн юм.

Миний хувьд хуучны ЗХУ-д сургууль төгссөн хүмүүстэй уулзаж, тэдний амьдрал, уран бүтээлээр хэдэн нэвтрүүлэг хийсэн юм. За байз хөгжмийн зохиолч Шарав, зураач До.Болд зэрэг нэлээн хэдэн хүмүүсийн хөрөг нэвтрүүлэг хийсэн санагдаж байна. Тэр бол 20 минутын хөрөг нэвтрүүлэг байсан л даа. Тэр нэвтрүүлгүүдийн дараа “Хаа хамаагүй залуу хүмүүсийн тухай нэвтрүүллээ” энэ тэр гээд хэл ам гарч л байсан. Одоо бодоход тэр нэвтрүүлгээр орсон хүмүүсийн ихэнх нь Төрийн болоод өөр бусад том шагналууд авсан байна. Телевиз бол миний ажиллах, хоолоо олж идэх газар биш байсан. Тэгээд л 1988 онд “Хөдөлмөр" сонинд ирсэн дээ.

-Дассан сурсан сониныхоо ажилд эргээд ирэхэд нуруун дээрх ачаагаа аваад шидчих шиг л болсон байх даа?

-Тийм юм билээ. “Хөдөлмөр” сонинд хоёр жил болж байтал хуучин “Залуучуудын үнэн”-д хамт ажиллаж байсан С.Цэрэндорж “Найрамдлын зам” сонины эрхлэгч байхдаа “Хариуцлагатай нарийн бичгийн дарга болооч ээ, жил болоод байр өгье” гээд дуудахаар нь яваад очсон. Тэр үед хойно өөрчлөн байгуулалт ид цууриатаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн өөрчлөлтөд хүмүүсийн оюун санааг бэлдэж байсан үе л дээ. Тэгээд л Цэрэндорж маань “Найрамдлын зам” сонинд өөрчлөн байгуулалт хийхээр зориг шулуудаж, намайг дуудсан хэрэг.

Бид хоёр хамгийн эхэнд сонины нэрийг “Өдтэй бичиг” болгож жинхэнэ утгаар нь шуугиулж эхэлсэн. 2000 гаруйхан уншигчтай байсан сонин нэг жил ч хүрэлгүй нийтийн захиалгад оруулж, 30 гаруй мянган захиалаттай сонин болгож байсан шүү. “Найрамдлын зам” байсан сонины нэрийг “Өдтэй бичиг” болгохоор тэр үедээ л зориг гарган Төмөр замын Орос дарга дээр ороод “Летаюший лист” хэмээн орчуулж, Лениний анхны ухуулах хуудас “Искра”-тай зүйрлэн тайлбарласаар байгаад зөвшөөрөл авч байлаа. Тэр үед найрамдал гэдэг эмзэг сэдэв байсан.

-Салбарын жижигхэн сонинг ганц жилийн дотор тийм их амжилтад хүргэсэн нууц нь олон хүчин зүйлээс улбаатай байх даа?

-Ерөөсөө л маш чөлөөтэй нийтлэлийн бодлого баримтласан. Анх удаа “Жиба” гээд биеэ үнэлэгчдийн тухай материал нийтлүүлсэн нь жинхэнээрээ шуугиан дэгдээсэн. Маргааш нь өнөө сонинг энд тэндээс асууж шалгаагаад амар заяа үзүүлэхгүй байхаар нь дахиад 20 мянган хувь хэвлүүлж байсан юм даг. Тэр чинь 1988 он л доо. Хүмүүс мэдээллээр тэгж их цангаж, жаахан шуугиантай мэдээлэлтэй сонинг дугаарлаад авдаг, сонингийн жинхэнэ алтан үе байсан юм шүү. Манай сонины тэдгээр шуугиантай материалыг бичдэг байсан хүүхэд нь дээд сургууль төгсөөгүй нэг жаахан сувилагч л байсан юм. Тэр бол жинхэнэ натурал авъяастай, тэгсэн хэрнээ хар ярианы хэлээр юунд ч баригдалгүй бичиж чаддаг нэгэн байсан. Дээд сургууль төгсөөгүй түүнийг дур мэдээд л сониндоо авч байлаа.

-“Өдтэй бичиг”-ээ хэдэн он хүртэл нисгэсэн бэ. Тэр үеэр нийгэм солигдож эхний үед эх толгой нь мэдэгдэхгүй бужигнаан , болсон болохоор л ингэж асуугаад байгаа хэрэг л дээ?

-Монголд ардчилсан хувьсгал өрнөж, нийгмийн байгууламж өөрчлөгдөнгүүт эхний үед ч яах аргагүй барьц алдацгаасан л даа. “Өдтэй бичиг”-ээ нисгээд явж байтал нэг жил харвасан сум шиг л өнгөрч би ч амласан байрыг нь асууж эхлэхгүй юу. Тэгтэл хэрэг бишидсэн. 1989 оны өвөл Төмөр замын удирдах газрын үүдээр хүмүүс суулт хийж “Ганц хоёр жил ажилласан хүмүүст байр өгөх гэж байна” гээд сүйд болсон. Тэгэнгүүт нь би олон ч юм яриагүй “Хөдөлмөр” сонин руугаа буцаж ирээд Хариуцлагатай нарийн бичгийн дарга хийсэн дээ. Ер нь ч манайхан буцаад ир гээд дуудаад байсан болохоор ёстой л хувьсгалын тохироо бүрэлдэхгүй юу.

-Тэр үеиийн “Хөдөлмөр” сонин бас л зангарагтай, ланжгар сонин байсан даа, тийм ээ?

-Яриа юу байх вэ. Б.Төмөртогоо, СУИС-ийн захирал Сонинтогос, гадаадад Ерөнхий консул байсан Ц.Ганболд, яруу найрагч С.Оюун, “Ардчилал” сонины эрхлэгч байсан Амарсанаа, гээд маш нарийн торгон мэдрэмжтэй сэтгүүлчид ажиллаж байсан юм. Тэр үед эмэгтэй сэтгүүлч их цөөхөн байлаа. Манай Сонинтогос чинь зөөлхөн мөртлөө тун сонирхолтой бичдэг сэтгүүлч байсан. За тэгээд Чинаагийн Галсан, Т.Мандир гээд авьяас нь багтахгүй чихэлдсэн сэтгүүлчид цугларсан газар байлаа.

-Таны ярианаас дүгнэхэд ажилласан газар болгондоо янз бүрийн туршилт, шинэчлэлт хийж тэр нь ч ихээхэн амжилттай болдог байж. “Хөдөлмөр” сонинд буцаж очоод ямар шинэчлэлт хийсэн бэ?

-Буцаж очоод “Зохиогчийн сонин”, “Дээжис” нэртэй сонин гаргасан.

-Таны эмхэтгэсэн “Монголын сонины шинэ давалгаа” нэртэй номыг уншсан. Тэнд ардчиллын эхний жилүүдэд хэвлэгдэн гарч байсан бүх л сонин байх шиг байна. Мөн ч замбараагүй олон сонин гардаг байжээ?

-Аа тэр ярих юм биш. Ер нийгмийн шилжилтийн дараа гарсан бүх сонинг тоолбол мянга хол гарна шүү. Тэр үед сонин гаргах зөвшөөрөл энэ тэрийг авах шиг амархан зүйл байгаагүй. Тэгэхээр дуртай хүн бүр сонин гаргана аа даа. Эхний үед сониноор мөнгө олдог байсан юм шүү. Би эхлээд сонины макет их хийдэг байлаа. Сонин амжилттай болох хамгийн гол үндэс нь ерөөсөө л макет шүү дээ. Би тэгээд их зоригтой туршилт хийж, ёстой л дураараа макет хийдэг байлаа. Их муу материалыг гарчиг, макетаар хүний анхаарал татаж болно шүү. Сонинг амжилттай борлуулахын тулд агуулгыг нь илэрхийлэх хэлбэр хамгийн чухал. Хувийн сонингуудын макетыг орой үдшийн цагаар халтуур маягаар хийдэг байсан, сонин гарсны дараа найз нөхөд ганц хараад “Аа чи л хийсэн байна шүү дээ” гээд яалт ч үгүй таньдаг байж билээ. Одоо техникийн ийм сайхан боломжтой болсон хэрнээ сонинуудын макет гэж барагтайхан юм харагдах юм.

-“Хөдөлмөр”сонинд хэдэн он хүртэл ажилласан бэ?

-1994 он хүртэл ажилласан. Сүүлд нь МҮЭ ч тарж бутраад сонинтой манатай болоо биз дээ. Дараа нь хувийн “Дээжис”, “Айдас”, “Сонин ном” энэ тэр гэсэн сонинууд гаргаж байсан. Хамгийн сүүлд “Тойм” гэж сонин хийгээд л миний сонины бизнес шувтарсан даа.

-Таны бодлоор Монголын сэтгүүлзүйд гавьяа байгуулсан нэрийг нь зайлшгүй дурдах ёстой ямар хүмүүс байна вэ?

-Хамгийн эхлээд “Үнэн” сонины эрхлэгч байсан Л.Түдэв гуайг хэлнэ. Дараа нь их авьяастай сэтгүүлчдийг нэрлэх учиртай. Жишээлбэл “Залуучуудын үнэн” сонинд байсан Т.Даваадорж, Болгарт төгссөн Чинтогтох, за тэгээд “алмас” Батбаяр, Х.Бүрэнтогтох, Д.Батсүх, Б. Галаарид, идэвхтэн бичигчдээс Туяа багш, физикч Цэрэн, Ганхуяг, И.Цоодол Ц.Сайннямбуу гээд нэрлэвэл барагдахгүй дээ.

-Өөрийг тань 1980-аад оны онцгой найрагч гэх юм билээ. Өнгөрсөн хугацаанд яруу найраг, үргэлжилсэн үгийн хэдэн ном гаргасан бэ?

-Онцгой нь ч юув. Би ерөөсөө “Толгод”, “Өөр шүлгүүд” гэж хоёрхон номтой их удсан хүн. Гурав дахь ном нь түрүүний хэлдэг байх шүү. Сонины ажил ялангуяа хурган дарга гэдэг өөрийнхөө юмыг амжуулах ямар ч завгүй явсаар он жилүүдийг үддэг юм билээ. Өмнө нь дандаа хүний бичсэнтэй зууралдаж суусан бол сүүлийн ганц хоёр жил л өөрийнхөө юмыг барих цаг, зав гарч байна.

-Та МЗЭ-ийн шагналыг нэлээн орой, хожуухан авсан байх аа. Хэдэн онд ямар бүтээлээрээ авсан бэ?

-2004 онд “Өөр шүлгүүд” номоороо “Алтан өд” авсан. Би тэр жил Завхан аймагт тууврын мал бэлтгэх ажил хийгээд явж байлаа. Тэгээд Завхан голын гүүрэн дээрх айлд наадмаар зурагт үзэж суугаад МЗЭ-ийн шалнал авснаа анх мэдэж дотроо баярлаад л өнгөрч байлаа.

-Та нэг хэсэг өдөр тутмын зангарагтай сонины нэг “Үндэсний шууданд”-д Б.Ганболд, Г.Отгонбаяр, Б.Ерэнтэй, Б.Пүрэвдаш, Б.Ганчимэг, З.Дамдиндорж зэрэг архагуудтай хамт ажиллаж байсан. Харин тэр үедээ отгон гавьяат Б.Ганчимэгийн шүлгүүдээр бүтэн нүүр гаргахдаа өөрт нь үзүүлээгүй дуулдсан. Ингэж ажиллах нь таны арга барил уу?

-Тэгж хэлж болох юм. Өөрсдөд нь хэлдэггүй юм аа. Шилж сонгож л сониндоо тавьдаг юм.

-Радио телевизийн сургуульд багшилж байгаа дуулдсан. Яруу найраг, гоо зүйн талын хичээл зааж байна уу?

-Радио телевизийн дээд сургуулийн хоёр, гуравдугаар курсын оюутнуудад редакторлах арга зүй, гадаадын уран зохиол гэдэг хоёр хичээл зааж байгаа. Гадаадын уран зохиолын хичээлийг нь хожуухан зааж эхэлсэн. Товчхондоо ийм л байна даа, дүү минь.

Д.Энхтүвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"