sonin.mn

Монголын чөлөөт бөх, бокс, жүдо, гандбол зэрэг 10 гаруй спорт холбоодын төлөөллүүд өчигдөр буюу мягмар гарагт Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн талаар мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

Энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид “Д.Загдсүрэн нь Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгэгдсэн ч Өршөөлийн хуулиар биеэр эдлэх ялаас чөлөөлөгдсөн. Ийм хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Спортын зөвлөхөөр ажиллах нь Монгол Улсын болон олон улсын хууль, дүрэм, ёс зүйд нийцэхгүй. Мөн ял шийтгэгдсэн хүн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь 2012-2014 онуудад Олон улсын Олимпийн хороо/ОУОХ/-ноос гишүүнчлэлээ хасуулж байсан Энэтхэгийн Олимпийн хорооноос ч хүнд асуудал үүсгэх магадлалтай” гэдгийг онцлон мэдэгдлээ.

Уг мэдээллийг хийсэн спортын холбоодоос Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн ил захидалд “Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр болох Олимпийн их наадамд Монгол Улсыг төлөөлдөг байгууллага болох МҮОХ-ны ерөнхийлөгчөөр 2001 оноос эхлэн ажиллаж байгаа Д.Загдсүрэн нь уг байгууллагын “Хууль ёсны эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэх хэргийн улмаас 2014 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын шүүхээс “Албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих” ялаар шийтгэгдсэн. Улмаар 2009 онд өршөөлийн хуульд хамрагдан биеэр ял эдлэхээс чөлөөлөгдсөн. Түүний ийм ял авч байсан нь Олон улсын олимпийн Харти, ОУОХ-ны ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл юм” гэжээ.

Тус хэвлэлийн бага хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын даамын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ зэрэг холбоодын төлөөлөгчид оролцлоо. Тэд МҮОХ-ны тэргүүн Д.Загдсүрэнг эсэргүүцэн, түүнийг олимпийн  хороог тэргүүлэх эрхгүй хүн гэдгийг онцлоод өнгөрсөн оны 12 дугаар сард болсон МҮОХ-ны  хурлаар түүнийг дахин энэ хорооны даргаар сонгосон нь шударга бус үйлдэл болсон гэдгийг хэлж байв. Д.Загдсүрэн нь цаашид МҮОХ-г удирдвал энэ нь ОУОХ-ны сонорт хүрвэл манай тамирчид олимпийн наадамд оролцохдоо Монгол Улсын далбаагаа мандуулж чадахгүй байдалд орно гэдгийг  онцлов.


                                                            

Тэд тодорхой баримт, жишээ дурдсан юм. Тухайлбал, Энэтхэг улс 2012 оны Лондонгийн олимпийн наадмаар ийм нөхцөл байдалд орж байсан. Олимпийн өмнөхөн тус улсын олимпийн хорооны удирдлагууд хээл хахуулийн хэрэгт  холбогдсон тул ОУОХ-ноос тэдний эрхийг хасч, Энэтхэгийн тамирчдыг ОУОХ-ны тугийн дор жагсаан оруулсан юм. Харин Энэтхэгийн олимпийн хорооны удирдлагуудын хувьд  хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон асуудлаа шийдвэрлэж эрхээ сэргээлгэсэн. Манай олимпийн хорооны нөхцөл байдал үүнээс хэд дахин дор байгаа гэв. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн шүүхээс ял авчихаад ОУОХ-нд өөрийгөө гүтгэгдсэн учраас уг хэргийг цагаатгасан хэмээн худал мэдээлдэг. Харин түүнийг шүүхээс ял авсан гэдгийг мэдвэл Монголын тамирчид улсынхаа далбааг мандуулах бус ОУОХ-ны тугийн дор жагсан олимпийн наадамд оролцох болно. Иймд энэ асуудалд Ерөнхийлөгчийг анхаарал хандуулаач хэмээн хүслээ хэмээн мэдэгдсэн юм.

Д.Өлзий

Эх сурвалж: