sonin.mn

Бидний монголчууд цөөхүүлээ. Харин төрөх өтлөх нь хорвоогийн жамаар явж байгаа бөгөөд энэ бол бурхны төөрөг заяа, тэнгэрийн хишиг биз ээ. Энд сэтгэл эмзэглүүлсэн нэгэн зүйлийн талаар өгүүлье. Сүүлийн арван сарын хугацаанд 500 эрдэнэт хүмүүн хорвоогоос явжээ. Энэ тоог бодохоор зүрх шимширч, сэтгэл дэнсэлж байна.

Монголчууд Халхын голын дайнд хоёр зуу гаруй зоригт эрсээ алдаж байв. Тэд газар шорооныхоо төлөө харийнхны өөдөөс тэмцэн тулалдаж, бидний энэхүү амьдралын төлөө чулуун хөшөө болон үлджээ. Тэгвэл авто замын ослын улмаас гарсан осол, хэргийн 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

Автомашин эзэмшигчдийг өдөр шөнө, өглөө үдэшгүй машин барих дархан эрхээр хангадаг. Өнөөдөр гагцхүү мөнгөний хойноос улайран хөөцөлдөж, машин мэддэггүй хагас дутуу жолоо залдаг жолоочонцоруудыг тэнгэрийн одоос хавьгүй олныг цаг тутам төрүүлж, үүнээс үүдэн жолооч болох хүсэл хорхойтнууд учир зүгээ мэдэхгүй замын хөдөлгөөнд сэтгэлийн хөөрлөөр оролцох боллоо.

Жолооны сургалт бол мөнгө хялбар олох бизнесийн хөнгөн арга гэж үзэх хүн ч байна. Иймээс жолооны сургалтын чанар жолооч гэгчдийн сэтгэхүйд эрс шийдмэг миний, чиний гэлгүй ухаарал оруулах цаг болжээ. Өөрөөр хэлбэл, машиныхаа эд ангийг адаглаад дугуйгаа хагарахыг мэдэхгүй хагас дутуу бэлтгэгдсэн жолооч гэсэн нэр хүндтэй картыг авангуут гайхуулан сайрхаж, мэдлэггүйн уршгаар гудамж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байсан гэсэн үг.

Согтуугаар автомашин жолоодож онгирч бардаж хүүхэд, хөгшдийг дайрч, зам гарц, уулзвар, гэрэл дохио, эгнээ байрлалаа олохгүй байна. Жинхэнэ жолооч болгон бэлтгэж гаргаагүйгээс “жолоочонцор” гэр байшингийнхаа гадна нарлаж суугаа өвгөд, эмгэд энхрий нялхсыг очиж дайрахгүй яах юм. Жолооны үнэмлэх нэртэй том эрхтэй энэ картыг хүн болгон хийж зараад байгаа юм биш биз гэх хардлага ч байна.

1960-1970-аад оны үед Улаанбаатар хот хөдөөд машин ховорхон байсан ч жинхэнэ жолоочийг жилийн курсээр сурган бэлтгээд, дараа нь зургаан сарын хугацаанд дагалдуулан сургаад одоо машинаа мэддэг болсон, жолоодож болно гэдэг сургалтын комиссын шийдвэрээр жолоочийн гуравдугаар зэргийн үнэмлэх олгож байв. Энэ чухамдаа одоотой харьцуулбал урт хугацаа хэдий ч өсч өндийж яваа хэдэн хүнийхээ амь насыг зохих ёсоор хамгаалж байсан хэрэг.

Хотын эрхэм дарга хогны ногоон уут санаачлан гаргачихлаа гээд тайландаа тусгаад ярьдаг. Автын сургалтын, жолооч нарын сэтгэхүйд ухаарал ухамсар хайрлах талаар ганц хоёр санаачилга санаа бодлоо хэлэх шаардлагатай байх.

Хагас дутуу дөнгөж жолоо залагч нараа хаацайлахын тулд “Уучлаарай шинэ жолооч" гэсэн хаяг наагаад хөдөлгөөнд оруулж байгаа нь сургалтын чанар сул шүү гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч буй. Та нар минь буруу, зөрүү үйлдэл хийвэл өршөөгөөрэй гэсэн эерэг энэрэнгүй сэтгэл боловч чанаргүй жолооч бэлтгэлээ шүү гэсэн нөгөө их том хаягтай газар бүхэнд данхайсан сүржин нэртэй сургалтаа өөрөө баллаж байгаа хэрэг.

Харин үүний оронд дөнгөж жолооч болох гэж хорхойсоод байгаа иргэдээ чөлөөтэй газар орчинд хөдөлгөөнтэй байдлаар талбай байр гаргаад, тодорхой хугацаагаар сургаж хөдөлгөөнд оролцож болох үед нь хөдөлгөөндөө оруулж байвал зөрчил бараг 90 хувиар буурах бүрэн боломжтой.

Авто техникийн осол хэдхэн хоромд гардаг аюултай. Үүнд олон зүйл нөлөөлнө. Хажуугийн хэн нэгэнтэйгээ харилцан ярилцаж заримдаа залуур дээрээ хөдөлгөөн дунд нялуурч яваа харагдах нь хэдийгээр тэр хүний халдашгүй дархан эрх боловч өчүүхэн төдий жолоо хазайвал юу болохыг хэн мэднэ. Гудамж замын хөдөлгөөнд оролцож яваад хурд хэтрүүлэн амь, эд хөрөнгөө “будаа” болгочихоод хагас дутуу амьтай гарсан гашуун түүх олон бий.

Дэд бүтэц саяхнаас бүрэлдэн эхэлж буй манай орны хувьд хагас дутуу жолоо залагчид хорхойсон давхих цаг хугацаа арай болоогүй. 1000 гаруй жолооч нарт жолооны үнэмлэх олгосон гэж бахархан ярьдаг. Энэ нь нөгөө чанаргүй “жолоочонцор" бэлтгээд мөнгийг нь халаасандаа түнтийлгэсэн хүмүүсийн мэдээ тайлан байх. Жолооны сургалтын чанарт яг одооноос анхаарч шийдэхгүй бол маргааш гэвэл хожимдоно.

Хэчнээн хүнийг уй гашуу хүлээж буйг хэн ч үл мэднэ. Баруун, зүүн жолоотой машинууд байх нь хамаагүй түүнийг эзэмшигч нарын сэтгэхүйд үндсэн өөрчлөлт гаргаж, жинхэнэ ёсоор шалгадаг хянадаг байгууллагууд байна уу. Урсгалаараа жолооны үнэмлэх хэн дуртай нь очоод худалдаж аваад сүйрэл гаслан, зовлон учруулаад байх уу.

Олон хүний амь нас, амар тайван элэг бүтэн амьдрахын төлөө бус мөнгөний төлөө жолооны сургалтынхны үлбэгэр чанаргүй сургалтад сэтгэл гонсойж явдаг боллоо. Хүн болгон, хүүхэд багачууд, ахмад настнууд өдөр шөнөгүй машинаас айдаг боллоо. Орой болоод ирэхээр нэгэн гэрийн халуун ам бүл цугларахаас нааш сэтгэл санаа тайван байхаа болилоо.

Машинаас айгаад шүү. Суугаад суналзуулж байхад машин сайхан унаа юм. Догшин морио монголчууд яаж айж цэрвэж байж унаж явдаг билээ, яг түүн шиг. Машин унааны дуунд дөжирч утаанд нь хахаж цацсаар удсан бол одоо хаанаас машин ирээд дайрах бол гэж айж цочсоор дугуйны нөхөөс болох нь. Хөөрхий алаг үрсүүд минь ямар олноороо аюул сүйрэлд нэрвэгдэнэ вэ.

Манайхны машины ченж нэртэй хэсэг нь өдрөөс өдөрт гадаадын бүх машины цуглуулгыг бага үнээр сэлбэг нэртэйгээр хилээр оруулж угсраад нэг нэгнийгээ зуу дахин их үнээр зараад түүндээ эрэмшин зоригжиж баахан хуучин машиныг оруулж газар сайгүй хашаа бариад нөөцлөх болжээ. Нэг талаас харвал морьгүй шахам болчихоод мотоциклоор таван хошуу малаа адгуулж байна.

Амь насаа алдагсдын ихэнх нь жолооны сургалтын чанаргүйгээс үүдэж буй нь харамсалтай. Машиныг жолоодох байтугай, машин гэдэг техникт ямар нэртэй, ямар үүрэг зориулалт бүхий цахилгаан хэрэгсэл, хяналтын багаж хаана байрласан, түүнийг жолооч яаж хянаж явах учиртайг мэдэх байтугай ойлгохгүй “жолоочонцор” замын хөдөлгөөнд оролцож, шоргоолж шиг бужигнасан автозамын хөдөлгөөнд оролцож хаашаа явна вэ.

Жолооны сургалт нэртэй нэг нэгнээ давтсан өрсөлдсөн “жолоочонцор” бэлтгэдэг сэтгэхүйд нь сургалтын үнэргүй зүйл борооны дараах мөөг шиг өдрөөс өдөрт олширч, хөрөнгө чинээгээрээ гайхуулан хөл  алдагсад янз янзын машинаар бахархагчид, миний амины хөрөнгө гэж энгэр заамаа дэлдэгчдийг жолооч болгоход жинхэнэ машин мэдэгчдийн сургалтад хамрагдаасай.

Энэ жилийн машин эзэмшигчийн хувьд 500 хүн зөвхөн гудамж замын хөдөлгөөн зөрчсөн жолоочийн буруугаас архи ууж, согтуугаар машин жолоодож аймшиг, гамшиг учруулсан тухай л цухасхан дурдаж байна. Жолооны сургалтын чанарыг жинхэнэ ёсоор болгож хүн ардаа аврах арга замын нэг бол сургалт нэртэй мөнгөний төлөө улайран зүтгэгчдийг шударгаар хянаж, шалгаж сургаж чадвал олон хүн элэг бүтэн, эрүүл саруул, аз жаргалтай амьдрах заяатай.

Сүүлийн жилүүдэд жолооны сургалтынханд мөнгөний үнэртэй нэг зүйл нь нэг ч жолооны курсын хүнийг унагахгүй 100 хувь сургана гэдэг хэлбэрийн төдий гажиг зүйл дуулдах болсон. Нөгөө өнцгөөс нь харвал энэрэнгүй сайхан үг санж. Энэ нь нөгөө “нойлууд” нүгэл чирч байгаа юм биш үү. Харин жолооны сургалтыг төгс төгөлдөр чанартай болгож байгаа нь энэ гээд нөгөө аймшигт олон шаттай зөвшөөрлийн систем маягтай юм руу хальтран орж хэрхэвч болохгүй.

Манайд нэг нэгнээ хоосон дуурайн хэлбэрддэг хачин моод дэлгэрээд олон жил болж байгаа. “Нээлттэй хаалганы өдөр” гэх сүржин нэртэй, зарласан өдрөө контор байрныхан ажлаа хийхгүй хийдүүлж болохгүй, тэнд очихгүй бол нөгөө авдаг хэдээс нь танана гэдэг сүртэй журамтай үүнийг хэн гээч ухаантан мэргэд гаргасныг бүү мэд. Үнэхээр нээлттэй засгийн ажил нээлттэй л байдаг бол өдөр бүхэн нээлттэй байж түмэндээ үйлчлэхгүй юү.

Ганцхан өдөр хэдэн хүмүүс бичиг баримт дэлгэж үзүүлчихээд маргааш нь дахиад л нөгөө оочер дугаартаа хэрэлдээд, шуугилдаад зогсоод эхэлдэг чинь хэлбэрийн төдий ёстой түр зуурын гажиг гэлтэй. Энэ нь нөгөө хээл хахууль авлигын нууц түлхүүр болоод буй. Жолооны сургалтыг чанартай төгссөн, машинаа мэддэг жинхэнэ жолооч яагаад жолоо барьж архи дарстай нөхөрлөдөг юм бэ?

Жинхэнэ жолооч болж чадсан хүн яагаад гудамж замын хөдөлгөөнийг зөрчиж хүний амь насыг хөнөөх вэ. Хуучин нийгмийн үед болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хүлээн авч шалгадаг, хянадаг, шударга дэглэмтэй Б.Дэжид тэргүүтэй “Намын хянан шалгах хороо” нэртэй байгууллага байв. Тэд зодож жанчдаггүй, аашилж зэмлэхгүй гарцаагүй үнэнийг сэтгэхүйд нь суулгаад засдаг залруулдаг байсан шиг жолооны сургалтыг мэргэжлийн хүмүүс жинхэнэ ёсоор шалгаж хянадаг цөөхөн хүмүүстэй болбол яадаг юм.


Дэд сайдуудыг олноор нь “төрүүлж” байхын оронд тийм мөнгө хөрөнгөөрөө доошоо харж өнөөгийн нийгэмд бухимдал, бузар үйлдээд байгаа хэсгийг арилгахад шилжүүлбэл яасан юм. Бидний нийгмийн баялаг хэрэгцээгүй зүйлд хэт ихээр ашиггүй урсаад байгаа юм биш үү. Томчуул дээшээ хэтэрхий санаа тавьж ширээнээсээ зууралдан сонгуулийн тухай цээжний махаа барж байхын оронд доод, хажуудахаа ганц ч удаа болов эргэж хармаар цаг болоод байна.

Та бүхний нүдэнд томоор өртөхгүй ч “тос дотроосоо өтдөг шиг” юм болж байна. Хэтэрхий дээгүүр хадаар цэмцгэнээд алхаад байхаар хааяа нэг доошоогоо ажиглан харвал ямар вэ гэдгийг бодох юм. Энэ асуудал хэдийгээр нийгэм улс төрийн онцгой асуудал биш байж болно. Харин улс орны минь тусгаар тогтнолын асуудал болоод байна.

Жолооны    сургалтыг чанаржуулах асуудал бол жижиг мэт санагдавч аравхан сарын хугацаанд 500 эрдэнэт хүн амиа алдаад, тэгж байх ёстой юм шиг чихэн дүлий, нүдэн балай ганцхан улс төр лүүгээ хүмүүсийн сэтгэлийг чиглүүлэн бужигнуулж, бодлогошруулаад байх цаг арай л биш санагдна. Жолооны сургалтын хүндэт хүмүүс том, том нэр хаягтай монгол анд нар аа, эргэцүүлэн нэг бодоод үзээрэй. Харин жолооныхоо сургалтад, жолооч нарын оюун сэтгэхүйд жинхэнэ монгол хүний гайхамшигт ухаанаар юм хийж төгсгөөч.

Хуульч, сэтгүүлч Жүгдэрийн БАТТУЛГА