sonin.mn

ШАНХАЙ. /ITAR-TASS/. Хятадын Шанхай хотын эргийн Вайтань гудамжинд шинэ жилийн шөнө болсон шахцалдааны шалтгаан нь олон нийтийн арга хэмжээг буруу зохион байгуулснаас болсон гэж тус хотын захиргааны мөрдөн шалгах комиссын тайланд дурджээ. Шинэ жилийн шөнө болсон шахцалдааны үеэр 36 хүн амиа алдсан билээ. Өндөр барилгуудын нэгээс хуурамч долларын мөнгөн дэвсгэртүүд цацаж эхэлсний дараа шахцалдаан эхэлсэн гэх хувилбарыг хэргийг мөрдөн шалгах комисс дахин няцаасан байна.

Мөрдөн шалгалтын тайлангаас үзвэл, шинэ жилийн ёслолын буудлагын шоуг ойрхноос үзэхийг эрмэлзсэн хүмүүс цагдаагийн бэхлэлтийг нэг бус удаа сэтэлжээ. Үүний улмаас жижиг талбайд асар олон хүн цугларсан байна. Эргийн Вайтань руу очдог шатан дээр зогсож байсан хүмүүс тэнцвэрээ алдаж унаж эхлэх үед аймшигт шахцалдаан үүсч, эмгэнэлт явдал гарахад хүргэжээ. Албан ёсны мэдээллээр, шинэ он гарахаас 20 минутын өмнө эхэлсэн шахцалдааны үеэр 36 хүн амиа алдаж, 49 хүн гэмтэж бэртсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: