sonin.mn

ТОКИО./RIA Novosti/. Иргэдийг нь барьцаалж, 200 сая доллар төлөхгүй бол цаазална гэж сүрдүүлж буй “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос Японы эрх баригч нар одоогоор ямар ч мэдээлэл аваагүй байна. Киодо агентлагийн мэдээлснээр, барьцаалагдсан иргэдийнх нь аюулгүй байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга “бид үүнийг хараахан тогтоож чадахгүй байна” гэж хариулжээ.

72 цагийн дотор барьцааны мөнгөнд 200 сая доллар төлөхгүй бол цаазална гэж сүрдүүлж буй “Лалын улс”-ынх байж магадгүй босогчдын дүрс бичлэг мягмар гарагт интернэтэд тавигдсан билээ. Барьцааны мөнгө нэхсэнийг “Лалын улс”-тай тэмцэхэд Япон санхүүгийн тусламж үзүүлж буйтай холбож байна. Япон улс “Лалын улс”-тай тэмцэхэд 100 сая доллар, мөн энэ бүлэглэл өргөжихийг зогсоохын тулд нэмж 100 сая доллар илгээсэн гэж босогчид мэдэгджээ.

Дүрс бичлэг хуурамч биш бөгөөд “Лалын улс”-ын босогчид авсан гэж Японы Засгийн газар таамаглаж байна. Ийм дүгнэлтэд шинжээчид дүрс бичлэгт цогц дүн шинжилгээ хийсний эцэст хүрчээ. Барьцааны мөнгө төлөх хугацаа Японы цагаар 14 цаг 50 минутад дуусна гэж Токиогийн эрх баригчид таамаглаж байна. “Улс орон нь терроризмын өмнө хэзээ ч бууж өгөхгүй” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ урьд нь мэдэгдсэн бөгөөд иргэдийг нь суллахын тулд дипломат бүх сувгаар ажиллахыг эрх баригч нарт уриалжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: