sonin.mn

Авлигатай тэмцэх газар /АТГ/ олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус шинжээчдийн багийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Хөндлөнгийн шинжээчдээс Төв, Ховд аймгийн авлигын эсрэг үйл ажиллагаанд хангалтгүй үнэлгээ өгсөн бөгөөд үүний мөрөөр АТГ-аас дээрх аймгийн Засаг дарга нарт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа  эрчимжүүлэх чиглэл өгчээ. 

 Төв аймаг дахь төрийн байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигатай тэмцэх зорилго бүхий ТББ, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, үйл ажиллагаандаа татан оролцуулахад чиглэсэн арга хэмжээг хангалтгүй гэж үзсэн ба удирдлагын санал санаачилга, хүсэл зориг ч мөн дутмаг гэж дүгнэжээ. Харин Ховд аймгийн ЗДТГ тайлан, мэдээллээ тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул шинжээчдийн баг үнэлгээг хийхдээ аймгийн ЗДТГ-ын цахим хуудас дахь мэдээлэлд тулгуурласан байна. АТГ-аас авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгууллагуудад тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан аймгийн ЗДТГ-ын үнэлгээ өнгөрсөн оныхоос 16-73 оноогоор нэмэгдэж, зохих үр дүнгээ өгсөн байна.

Гэтэл дээрх аймгуудын нэгэн адил АТГ-аас Ховд аймагт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байтал дахин хангалтгүй үнэлгээ авчээ. Ийнхүү удаа дараа хангалтгүй үнэлгээ авсан Төв, Ховд аймгийн ЗДТГ-т хандан цаашид үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн дээрх асуудлуудад анхаарлаа хандуулахын зэрэгцээ Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлалд тусгасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж ажиллах, ирэх оны авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнг зохих түвшинд хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг АТГ-аас анхаарууллаа.

Б.Туул

Эх сурвалж: