sonin.mn

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” хуулийн төсөл өргөн барилаа Антарктидийн тухай гэрээ нь нийт 14 зүйлтэй ба тус гэрээнд Антарктидийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан Антарктидийн тухай анхны олон улсын эрх зүйн баримт бичиг юм.

Монгол Улс анх удаа 1972-1974 онд Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт өөрийн мэргэжилтнээ оролцуулж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд монголын туйл судлаачид тус тивд судалгаа шинжилгээний ажил хийхдээ бусад улсын /ЗХУ, Болгар, Испани, Чили, Аргентин зэрэг/ Антарктид судлалын судалгааны багийн бүрэлдэхүүнд орж ажиллах замаар судалгаа хийж ирсэн болно. Ингэхдээ тэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд өөрсдийн хувьд нэмрээ оруулсан байна.

Одоогийн байдлаар нийт 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байгаа бөгөөд тэдгээр нь тус гэрээний Зөвлөлдөх уулзалтаар баталсан “Антарктидийн гэрээний зөвлөлдөх уулзалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн дагуу Зөвлөлдөх уулзалтад саналын эрхтэйгээр болон урилгын дагуу тус зөвлөлдөх уулзалтад саналын эрхгүйгээр оролцдог юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.