sonin.mn

Монгол Улсын нэрт туульч Увхийн Батын хайлсан «Бум Эрдэнэ», «Далайн шар бодон», «Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ» гэдэг гурван туулийн бичлэгийг өнөөдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны хөмрөгт хүлээлгэн өгөв. Уг бичлэгийг өмнө нь Унгарын иргэн, дипломатч Л.Кадараас тус улсад ажиллаж буй Монгол Улсын ЭСЯ-нд хүлээлгэн өгч байв.

Дипломатч Л.Кадар ХХ зууны дундуур БНМАУ-д элчин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа баруун аймгуудаар явж, монголчуудын соёл, түүхийн холбогдолтой олон арвин баримт хэрэглэгдэхүүн цуглуулж байжээ. Энэ үедээ туульч У.Баттай уулзаж, дээрх бичлэгүүдийг хийсэн байна. Л.Кадар уг бичлэгүүдээ профессор Б.Катуугийн хамт эрдэм шинжилгээний галиг үсгээр буулгаж, өмнөх үг, удиртгал, тайлбар үйлдэж, “Аврагдсан туульс” нэрээр 2012 онд Будапешт хотноо нийтлүүлжээ.

Туульч У.Бат /1899-1973/ нь хуучин Дөрвөд далай хан аймгийн арван баядын Сайд вангийн хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутаг Билүүтийн гол хэмээх газар 1899 онд баяд омгийн цагаагч ястай Увхийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 15 наснаас өөрийн амьдралын зам мөрөө хөөж, хүрээ хийдийн газар түлээ мод хөрөөдөх, хоол хүнс бэлтгэх зэрэг ажил хийж байв. Энэ үедээ Дэжээлэнгийн хүрээнд сууж байсан авга ах Б.Дарамын тууль хайлахыг сонсдог байсан нь түүний тууль сурах хүсэл эрмэлзлэлийг бадраасан гэдэг.         Ийнхүү 20 гаруй  насандаа орон нутагтаа туульч хэмээх алдар хүндтэй болсон байна.

Түүний тууль хайлах аялгуу хөг нь давтагдашгүй бөгөөд монгол туулийн аялгууны хамгийн эртний шинж төлөвийг хадгалсан байдгаараа онцлогтой. Тэрээр тууль хайлахаас гадна өдий төдий үлгэр домог зэрэг ардын аман зохиолын баялаг сантай байжээ. Академич Б.Ринчен нэгэн бүтээлдээ, «...монгол тууль Хан Харангуйгаас үүссэн учраас Хан Харангуйг туулийн хаан гэдэг байсан. Үүнээс үзэхэд «Хан Харангуй» хэмээх туульсын мөчлөг нь хэд хэдэн түмэн шүлэгтэй маш их зохиол байжээ. Саяхан болтол Хан Харангуй тууль гэж гучин бүлэг байсан нь, тус тус  нэгэн сэдэв даасан гучин салаагий нь Бат туульч гэдэг хүн нэгэн сар хайлан хүүрнэж хэлэн дуусдаг... байсан» хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Туулиудын үндсэн эх бичлэг буюу анх бичиж авсан хувилбар нь бидний гар дээр ирж буй нь монгол тууль судлалд чухал эх хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй монгол үндэстний биет бус соёлын ховор нандин өв нэгээр нэмэгдэж буй чухал үйл явдал болж байна гэж эрдэмтэд үзэж байна. Энэхүү ёслолд Унгарын ЭСЯ-ны төлөөлөл болон манай талаас БСШУЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд, туульч У.Батын ач охин, гэр бүлийнхэн оролцов.

Ж.Болор

Эх сурвалж: