sonin.mn

ТАЙПЕЙ./CNA/. Тайванийн үндэсний мэдээллийн “CNA” агентлагийн ерөнхийлөгч Фань Шань-Линь, Монголын МОНЦАМЭ агентлагийн захирал А.Баатархуяг нар өнгөрсөн баасан гарагт уулзах явцдаа мэдээ харилцан солилцох талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн парк бий болгохын тулд Тайванийн бизнес эрхлэгчдийг татсан гэж А.Баатархуяг мэдэгдэв. Мөн тэрбээр, 2014 оны гуравдугаар сард Тайваньд айлчлах үеэрээ БНХАУ-тай хийсэн  "Тайванийн хоолой" гэдэг худалдаа, үйлчилгээний гэрээг эсэргүүцсэн “Наранцэцгийн хөдөлгөөн”-ий оюутнуудын жагсаалыг нүдээр харснаа дурдсан байна. Тайвань дахь ардчиллын хөгжил, эрх чөлөөт, нээлттэй байдал өндөр түвшинд хүрснийг гайхан биширснээ тэрбээр онцлон тэмдэглэв.

Тус улсын боловсролын салбарт гарч буй асар их ахиц дэвшлийг Монгол Улс өндрөөр үнэлдэг гэдгийг А.Баатархуяг хэлээд "одоогийн байдлаар Монголын 800 гаруй оюутан Тайванийн их дээд сургуулиудад сурч байгааг" дурджээ. Тайвань хөдөө аж ахуйн технологиор тэргүүлдгийг Фань дурдаад, Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт Тайванийн хөдөө аж ахуйн технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрбээр, Тайванийн үндэсний мэдээллийн “CNA” агентлаг нь Японы “Киото”, Португалийн “Луса” зэрэг агентлагтай харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байгаа талаар дурджээ. Хамтын ажиллагааны гэрээг ойрын үед байгуулна гэдэгт Фань найдаж байгаагаа илэрхийлээд МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, редакторуудыг “CNA” агентлагт зочлохыг урьсан байна. МОНЦАМЭ агентлагийн захирал урилгыг талархан хүлээн авсныхаа дараа ерөнхийлөгч Фанийг ирэх долдугаар эсвэл наймдугаар сард Монголд зочлохыг урьжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: