sonin.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэлэв.

Тэрбээр "Элэгний вируст гепатит өвчнийг эрт илрүүлэх үүднээс иргэн бүрийг вируст гепатитын шинжилгээнд хамруулах, энэ төрлийн халдвартай хүмүүсийг улсын хэмжээнд бүртгэн цаг алдалгүй эмчилгээ хийх шаардлагатай байна. Мөн таргалалт, бодисын солилцооны эмгэг, архи буюу эмийн хэрэглээтэй холбоотой үүсэх элэгний өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг цаашид улам илүү эрчимжүүлэх хэрэгтэй. Элэгний В, С вирусын халдвар нь цус цусан бүтээгдэхүүн болон эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ариутгал бүрэн хангагдаагүй байдалтай шууд холбоотой тул халдвар дамжих замыг таслан зогсооход анхаарах ёстой. Иймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр элэгний өвчлөлийг бууруулах арга зам, урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой зохион байгуулах тухай, цаашид авах арга хэмжээг тодорхойлох нь чухал юм” гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсад 750 мянган хүн түүний дотор 300 мянга нь “В” вирусын, 450 мянган хүн “С” вирустэй архаг вируст гепатитын халдвартай байна гэсэн статистик үзүүлэлт байгаа бөгөөд энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр, “Засгийн газраас элэгний өвчлөлийг бууруулах чиглэлээр бодлого төлөвлөлт хийж, эрхзүйн баримт бичгүүдийг гаргаж байна. Тухайлбал, Халдварт өвчинтэй тэмцэх хөдөлгөөн, Вируст гепатиттай тэмцэх үндэсний стартеги, Хорт хавдраас сэргийлэх, хянах үнэдсний хөтөлбөр зэргийг дурьдаж болно. Цаашид аливаа эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө халдвар тарах болсон зүй тогтлыг судлан, урьдчилан сэргийлэх стратегийг боловсруулах нь зөв юм. Мөн иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулах шаардлагатай. Гипатит вирусын халдварыг таслан зогсоох эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.

Харин ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт-У, “Вируст гепатиттай тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улс дэлхий нийтийг манлайлан оролцож байгаад талархаж байна. Вируст гепатит өвчний тархалтыг зогсоох ажлыг дайн гэж үзвэл үүнд ялах ганц л арга нь олон улсын хамтын ажиллагаа юм. Монгол Улс хүн ам цөөтэй учраас энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх боломжтой гэж ДЭМБ үзэж байгаа. БНХАУ, Энэтхэг улсад энэ төрлийн өвчний гаралт их байдаг ч хүн ам их учраас вируст гепатиттай тэмцэх боломж хүнд. Тиймээс Монгол Улсад энэ төрлийн өвчлөлтэй тэмцэхэд нь дэмэлэг үзүүлж, элэгний өвчлөлийг бүрэн дарж чадвал бусад улсад ч энэхүү туршлагыг нэвтрүүлэх томоохон алхам болно” гэв.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа болон ХӨСҮТ, Нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгүүдийн төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: