sonin.mn

Монголын Угсаатны хөгжмийн товчооны тэргуун, хөгжмийн зохиолч, соёл урлаг судлаач Д.Ганпүрэвтэй уулзаж, ярилцлаа. Уншигчид түүнийг “Бөртэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, Герман улсын пянз үйлдвэрлэгчдийн 2005 оны шилдэг уран бүтээлийн шагнал, АНУ-ын Манннхэттэн мужийн XIII Хэмптоны олон улсын кино наадмын “Arttemis records orginal movie score award" шагнал, 2010 оны Үндэсний хөгжмийн урлагт шинэ стиль, жанр оруулж ирсэн номинациар бүх урлагийн тэргүун дээд "Гоо марал” шагнал хүртсэн гэдгээр нь сайн таних байх.

-Сүүлийн үед таныг эртний нүүдэлчдийн археологийн хөгжмий зэмсгийг судлаж, дахин нутагшуулсан гээд олон хүн талархаж байх шиг ээ.

-Би 2010 оноос эхлэн Монгол угсаатны хөгжмийн товчооний тэргүүнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд эртний дуу хуур, хөгжмийг гаргаж ирэхийн тулд нэлээд ажиллалаа. Бас ч чамгүй зүтгэлээ гэж болно. Үүнийхээ үр дүнд өнгөрсөн онд 1400 жилийн өмнөх Алтай ятгыг нутагшуулан гаргаж ирсэн. Энэ бол аль ч утгаараа гайхамшиг гэж бодож байна. Археологийн олдвор талаасаа Алтай ятга эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг яах аргагүй мөн.

-Алтай ятгаас гадна Аху ятгыг олж илрүүлсэн байх аа?

-Тийм ээ. Аху ятга бол зөвхөн хааны ордонд тоглогддог. Үндсэндээ дээдсийн хөгжмийн зэмсэг л дээ. Үүнийг бас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард илрүүлэн, гаргаж ирсэн. Бид хятад биш, Монгол хүн. Тиймээс монгол хөгжмөө тоглодог байх ёстой. Харамсалтай нь тэр уламжлал тасарсан. Гэхдээ эрж, хайх ёстой гэдэг утгаараа эртний хоёр ятгыг гаргаж ирлээ. Энэ удаа Алтайн талаар түлхүү ярьмаар байна.

-Бололгүй яах вэ. Алтай ятгыг яг хаанаас олж, илрүүлсэн тухайгаа дурсаач?

-Бид Алтай ятгыг 2008 оны зургаадугаар сарын 25-нд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны булшнаас олж илрүүлсэн. Дайчин баатрын бунханд толгой дээр нь тахиж оршуулсан байдалтай олдсон. Хадны булш гэдэг чинь маш нарийн том соёл. Эдүгээ 1400 жил болоход үер байтугай ямар ч чийгэнд автаагүй байсан. Өөрөөр хэлбэл, тэртээ XIII зууны үед Их Монгол Улсыг байгуулж байх үеийн дайны, морин туурайнд талхлагдаагүй гарч ирсэн том хөгжмийн зэмсэг.

-Алтай ятганы хийц нь мод байсан гэсэн. Тэгсэн хэрнээ огт өмхөрч унаагүй байсан гэх юм билээ?

-Тийм ээ, үнэн. Модоор хийсэн зэмсэг бол цагийн эрхэнд өмхөрдөг. Гэтэл Алтай ятга тэгээгүй. Агаарын солбилцол хийгээд тухайн хадны булш түүнийг 1400 жил хадгалж ирсэн байсан. Нүүрэн дээрх тэвх нь хүртэл наалттай байсан гээд бод доо. Алтай ятга нь өөрөө эртний нүүдэлчдийн хөгжлийг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, эртний нүүдэлчид сэлэм эргүүлж, газар нутгийнхаа төлөө байлдаж ирсэн ч өв соёлоо тээж ирсэн гэсэн үг.

Дуу хууртай, өөрийн гэсэн ёс заншилтай ард түмэн байсан гэдгийг хэлж өгч байна л даа. Алтай ятга маань таван чавхдастай. Зөвхөн үүнээс харахад л соёлынхоо хувьд маш их, том үнэт мэдээллийг бидэнд өгч байна. Түүнчлэн хөгжим нь өөрөө сүг зургийн аргаар сийлж гаргасан. Ард талдаа анчны үйл явдлыг харуулсан, гурван цаг үед бичигдсэн байх магадлалтай энэ нь өв уламжилсан байх гэж байгаа юм.

Энэ зэмсэг өөрөө маш том нууцлалыг бидэнд өгсөн гэж ойлгож болно. Тиймээс ч би Алтай ятгыг 2010 оноос дахин нутагшуулж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд том хэмжээний ёслол хийж шүү дээ. Аливаа улсын үнэ цэнэ нь соёл байдаг. Энэ соёлыг хамгийн бодитойгоор баталж өгдөг, олонд харуулж чаддаг зүйл бол археологи.

Манай улсын хэмжээнд археологийн олдвороор баталгаажсан ганц зэмсэг бол аман хуур. Хэрэв санаж байгаа бол тухайн үед аман хуур Ноён уулын булшнаас олдож байсан шүү дээ. Харин дараагийнх нь Алтай ятга болж байгаа юм. Үүнээс үзэхэд эртний нүүдэлчид ятга тоголдог байсан нь батлагдаж байна. Гэхдээ үүнийг улсын хэмжээнд ач холбогдол өгч, авч үзэх ёстой.

-Улсын хэмжээнд ач холбогдол өгч, авч үзэх ёстой гэдэг тань юу гэсэн үг вэ. Манайхан археологийн олдвороо тоодоггүй гэсэн үг үү?
 
-Манай улс археологийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн төв гэгддэг Монголын газар нутгаас урд хөршийнхөөс өмнөх үеийн зэмсэг гарч ирэх аваас маш том дархлаа болно.

-Хэрэв таныхаар гаргаж ирж чадахгүй бол яана гэсэн үг вэ?

-Бүх зүйлийг Хятадынх гэх л байх даа. Тиймээс Археологийн хүрээлэнгийн бүхий л үйл ажиллагааг улс орон нь дэмжин, түүгээр дамжуулж мартаж, орхигдсон соёлоо мэддэг, таньдаг, олж болдог, чаддаг байх хэрэгтэй. Үүнийгээ бид маш сайн ойлгох ёстой. Гэтэл дэлхийн бусад оронд археологи нь маш сайн хөгжсөн. Тэр хэмжээгээрээ дэлхий нийтээрээ сүлжээ маягаар хамтарч ажилладаг.

-Манай улсын хувьд?

-Яах вэ, манай улсын хэд хэдэн эрдэмтэн хамтарч ажилладаг. Зарим нь мэргэжил дээшлүүлж байна. Үнэндээ би археологи, түүний үнэ цэнийн талаар хэдэн зүйл хэлэхийг хүсдэг юм.

-Юу тэр вэ?

-Архелогийн хүрээлэн бол нүүдэлчин соёлыг маань баталж өгөх цор ганц байгууллага. Энэхүү байгууллагаар дамжуулж эртний соёлоо олон түмэнд таниулна. Тиймээс эл байгууллагыг энэ чигээр нь байлгах хэрэгтэй. Сая Засгийн газар солигдлоо. Бүхэл бүтэн Соёлын яамыг Боловсролын яамны хэлтсийн хэмжээнд аваачих нь өрөөсгөл юм. Үүнээс үүдэж олон улс дахь бидний үйл ажиллагаанд доголдол гарч эхэлнэ.

-Хамтын ажиллагааны доголдол үүснэ гэж үү?

-Тэгнэ шүү дээ. Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал өөр байгууллагын хавсрага болчихсон байвал хэн гэрээ, хэлцэл хийх юм бэ. Бид өөрөө өөрсдийнхөө соёлын эсрэг маш том гэмт хэрэг хийж байгаагаас өөрцгүй. Гэтэл Германд 1270-аад оны ресторан одоо ч байсаар байгаа. Анх байсан тэр газраа өнөөг хэр нь байж л байдаг.

Аливаа юм нэг газраа удаан байх тусам үнэ цэнэтэй болдог. Ийн байтал манайх улсын хэмжээнд байх ёстой чухал байгууллагаа ийш, тийш нь болгох, ямар нэгэн байгууллагын хавсрага болгосноороо цаад хамтын ажиллагааг давхар устгаж байгаа хэрэг юм. Наад зах нь олон улсын байгууллагын хоорондох итгэлцэл гэж байх ёстой. Тэр итгэлцэл нь байхгүй болно.

Бид өөрсдөө л ийм алхам хийгээд байна л даа. Энэ тал дээр буюу эртний хөгжим судал талаасаа манай Монгол угсаатны хөгжмийн товчоо их ажил хийж байгаа. Археологийн хүрээлэн байнга үйл ажиллагаагаа явуулаад Монгол Улсынхаа хөрсөн доороос тухайн цаг үеийг хамарсан ямар ч олдворуудыг гаргаад ирэх юм бол түүн шиг гайхалтай үнэ цэнэтэй зүйл гэж хаана байна.

Гэтэл ийм том чухал ач холбогдолтой хүрээлэнг хавсарга болгох, үйл ажиллагаанд нь ямар нэг сөрөг үйлдэл үзүүлэх бодлого гаргаад ирэх вий гэж эмзэглэж байна.

Ж.Нарангэрэл
Эх сурвалж: