sonin.mn



Улаанбаатар хотын Цагдаагын газрын Замын цагдаагийн газраас зам тээврийн хөдөлгөөний соёл, сар шинээр хөдөлгөөний урсгал нэмэгддэгтэй холбогдуулан өнөөдөр  мэдээлэл хийв. ЗЦГ-аас гаргасан судалгаагаар сар шинийн баярыг угтсан өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу дунджаар 100.000 орчим тээврийн хэрэгсэл орж ирдэг. Тэдгээр тээврийн хэрэгслүүд орон нутгийн зам болон хотод замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг байна.

 

Мөн зогсоолын талбайн хүрэлцээ муутайгаас томоохон худалдааны төвүүд, зах орчим тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл, саатал үүсдэг. Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, хэт төлөвлөлтийг бууруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх иргэд олон нийтэд хурдан шуурхай үйлчлэх зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн тооны тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулдаг. Хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт ч гэсэн хамааралтай байдаг тул цаг төлөвлөлт ажлаа зөв зохион байгуулалттай зохицуулахыг зөвлөж байна.

Нийслэл хотод Наран туул худалдааны төв, Дүнжингарав, Хүчит шонхор, Хар хорин, Барс, Бөмбөгөр зэрэг худалдааны төв хамгийн ихээр ачаалал түгжрэл саатлыг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс тухайн худалдааны төвүүд гаднах  авто зогсоолын тоог нэмэх,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргээр дотооддоо байгууллагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг УБХЦГ-ын ЗЦГ-аас сануулав. Мөн эдгээр өдрүүдэд цагдаагийн алба хаагч нар уртасгасан цагаар ажиллах тул иргэд жолооч та бүхэн зохицуулагчийн дохиог хүндэтгэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой хэмээн анхаарууллаа.

Ж.Батсайхан