sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр морин цагт буюу 11.40 цагт Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг айлтгав. Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан монголчууд 3 саяулаа болсныг Төрийн тэргүүнд айлтгалаа. Дүн өвлийн цас бударсан сайхан өглөө, өвлийн адаг сарын шинийн есний балжиннямтай хөх луу өдөр монголчууд 3 саяулаа болсныг айлтгаж байгаадаа бэлгэшээж байна хэмээн тэрээр хэлэв.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Монголын 3 сая дахь иргэн Э.Хатанболдын ууган охин болж төржээ. Тус өдөр Монголчууд 181 шинэ иргэнээр бүл нэмжээ. Тэдний дунд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төрсөн байна.

Монголчууд улам олуулаа болохыг бэлгэдэн 3 сая дахь иргэн мэндэснийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ Монгол Улсын иргэд 1962 онд нэг сая, 1988 онд 2 сая болсон бол ийнхүү 2015 оны 1 дүгээр сард 3 саяулаа боллоо Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.