sonin.mn

НҮБ. /АР/. НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ Өмнөд Суданы босогчдын Ардчилсан армиас 3000 хүүхдийг халуулж чадсан тухай тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. Эдгээр хүүхдүүдийг Засгийн газрын эсрэг байлдааны ажиллагаа явуулахын тулд цэрэгт элсүүлсэн байжээ.

Мэдээлэлд дурдсанаар, “Кобра” бүлэглэлийн удирдлага 14-17 насны 280 хүүхдийг чөлөөлсөн байна. Үлдсэн хүүхдүүдийг нэг сарын хугацаанд цэргээс чөлөөлөх аж. Эдгээр хүүхдүүд 2011 оноос хойш цэрэгт татагдсан байна. Өнгөрсөн онд босогчид 12 мянга орчим хүүхдийг цэрэгт элсүүлжээ.

“Хүүхдийн үзэж амсах ёсгүй зүйлийг энэ хүүхдүүдээр хүчээр хийлгэж байсан” гэж ЮНИСЕФ-ийн Өмнөд Судан дахь төлөөлөгч Жонатан Вейтч мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, цэргээс чөлөөлсөн хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, хоол хүнс, хувцсаар хангах болон сурах боломж олгохыг санал болгохоор төлөвлөж байгаа аж. ЮНЕСЕФ-ийн тооцоолж буйгаар, хүүхэд бүрийг чөлөөлөх, тусалж дэмжихэд хоёр жилд 2330 доллар зарцуулна.

Өмнөд Суданд улс төр болоод угсаатан хоорондын тэмцлээс үүдэлтэй мөргөлдөөн 2013 оны 12 дугаар сарын дундуур эхэлсэн юм. Тухайн үед тус улсын Ерөнхийлөгч Салва Киир улс оронд цэргийн эргэлт хийхийг оролдсон гэж мэдэгдэн, босогчдын удирдагч Риека Машарыг хуйвалдааныг зохион байгуулсан гэж буруутгасан байна. Өмнөд Суданы мөргөлдөөнд динк болон нуэр үндэстэн оролцож байгаа юм. Салва Киир нь динк үндэстний төлөөлөгч аж.

Д.Жаргал

Эх сурвалж: