sonin.mn

Морин дэл дээр дарцаглан мандаж толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж явсан их эзэн Чингис хааны үр сад, төрөлх нутаг орноо сахин үлдсэн хөх толбот Монголчууд морин жилийн өвлийн адаг, улаагчин үхэр сарын долоон улаан мэнгэтэй ам цагаан хулгана өдрийн луу цагт гурван сая дахь иргэнээ тосон авсныг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаан цасан бударсан өвлийн адаг сарын шинийн есний өлзий дэмбэрэл бүрдсэн балжиннямтай хөх луу өдрийн морин цагт элгэн садан, түмэн олондоо зарлан тунхаглав. Амандаа шар тос зуусан хулгана өдрийн луу цагт эхийн алтан хэвлийгээс дуугаа хадаан Монгол сайхан эх орноо олж төрсөн тэрхүү азтан нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин бөгөөд 50 см урттай, 3.5 кг жинтэй эрүүл чийрэг, тэнгэрлэг хувь заяатай нэгэн юм.

 

Албан ёсоор Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорхойлогдоод байгаа Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин өнгөрсөн бямба гарагийн өглөөний 8:27 цагт мэндэлсэн бөгөөд тэр өдөр бүртгэгдсэн нийт төрөлтийн 73 дахь нь байжээ. Өнгөрсөн бямба гараг буюу 24-ний цагаан хулгана өдөр Монгол даяар болон хилийн чинадад 181 хөх толботой шинэ иргэнээр Монгол Улс бүл нэмсэнээс 178 нь эцэг өвгөдөөс өвлүүлсэн төрөлх гал голомтондоо, гурав нь алс хол далайн цаадах АНУ-д мэндэлжээ.

Сонирхолтой нь Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнууд буюу 180 хөх толбот шинэ иргэний дөрөв нь ихрүүд байсан бөгөөд Улаанбаатар хот, АНУ-д тус тус мэндэлсэн байна. Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон азтай, тэнгэрлэг охины аав ээж хоёр нь хоёулаа 22 настай бөгөөд залуухан аав Э.Хатанболд ууган охиндоо Х.Сэлэнгэ хэмээх нэр хайрлаад байсан бол түүнийг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулсныг зарласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин хэмээн нэрийдсэн юм. Монгол угсаатны эхлэл гэж үздэг Боржигидай мэргэн Монголжин нэрт хатантай байсан бөгөөд Торголжин баян нэрт хүүтэй байсныг “Монголын нууц” товчоонд өгүүлдэг. Торголжин баяны хатан Борогчин гоогоос Дува сохор, Добу мэргэн хоёр төрсөн нь та бидний элэнц, хуланц билээ.

Ийнхүү нэгэн цагт морин дэл дээр дарцаглан дэлхийн талыг түвшитгэж, нэгэн их эмх цэгцэд оруулан хожмын түүхэнд арилшгүй гавьяа байгуулсан их эзэн Чингисийн үр сад, хөх толбот Монголчууд гурван саяуулаа боллоо. Буян заяа нь дэлгэрмэл, амны хишигтэй Монголчууд “Хүн нэмвэл хүнс нэмэгдэнэ” гэж зүгээр ч нэг айлддаггүй ажгуу. Монгол Улсын иргэд 1962 оны 10 дугаар сард нэг сая, 1988 оны долоодугаар сард хоёр сая болсон бол ийнхүү 2015 оны нэгдүгээр сард гурван саяулаа болж хөгжил дэвшлийнхээ замыг гурван саяуулаа тэгшитгэх чадалтай болов. Хөх Монголын үр хойч сая, саяаар нэмэгдэх болтугай.

Эх сурвалж: