sonin.mn

Бид өмнөх дугаартаа нийслэлийн нутаг дэвсгэрээс эрэгтэй хүний занданшуулсан шарил олдож, түүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд өгсөн тухай мэдээлсэн.
Харин өчигдөр энэхүү олдворын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олохыг хичээн сурвалжилснаа хүргэж байна.

Шарилын “эзэн” н.Энхтөр байшин хөлсөлж байжээ

Шарилыг анх цагдаагийн байгууллагад иргэд мэдээлэл өгсний дагуу шалгаж, илрүүлсэн хэмээж байгаа. Гэхдээ одоогоор энэ талаар тухайн дүүрэг, хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийхан тун муу мэдээлэлтэй байгаа аж. Магадгүй үүргийнхээ дагуу дээрх хариултыг өгч байж ч болох юм. Юутай ч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 17 дугаар гудамжны айлаас олж, илрүүлсэн юм байна. Гэвч тухайн орчны хүмүүсийн хэлж буйгаар цагдаагийн гэхээр дохиотой эсвэл ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээтэй машин тухайн өдөр буюу энэ сарын 27-нд очоогүй ажээ.

Харин 17:30-17:50 цагийн хооронд хар өнгийн, суудлын гурван ширхэг машин хэргийн газар ирсэн байсныг иргэд нотолж байгаа юм.

Тус хорооны Хайрханы 17 дугаар гудамжны тухайн тоот хашаанд нэг байшин, нэг гэр байдаг юм билээ. Хашаа, байшингийн эзэн, хороонд бүртгэлтэй хүн нь өрх толгойлсон эмэгтэй байдаг бөгөөд одоогоор эзгүй байгаа аж. Харин гэрт нь дүү нь гэх залуу, эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг аж. Яг цагдаагаас хүмүүс очих үед гэрийн эзэд эзгүй байжээ. Орой нь урд айлынх нь хүн утсаар ярьж хашаанд нь ямар нэгэн асуудал болсныг дуулгаснаар гэртээ ирсэн байна. Түүний хэлж буйгаар байшин эгчийнх нь, тэр хөдөө яваад эзгүй байгаа. Хэсэг хугацаанд эзгүй орхиж байхаар гээд хөлслүүлчихсэн байсан гэнэ.



Биднийг очиход залуу гэрт биш байшинд, галыг нь түлээд сууж байв. Залууд эгч нь “наад хүндээ хөлслүүлчих” гэж утсаар хэлсэн гэнэ. Өөрөөр бол садан төрлийн болон найз нөхдийн ч холбоогүй гэнэ.
Байшингийн дотор байдал нь энгийн болов ч дөнгөж гал түлж байгаа нь илэрхий, зэвэргэн байв. Дотор тавилга зэрэг нь бүгд гэрийн эзнийх /бурхан тахил бүх зүйл нь хэвээрээ/ аж. Байшинг хөлсөлсөн залуугийн хувьд хаяа л ирдэг. Бараг байдаггүй гэнэ. Тийм болохоор Энхтөр гэх нэрнээс өөр, утасны дугаарыг нь ч мэдэхгүй гэдэг хариулт өгөв. Нэгэнт гэрт нь орж, гарч галыг нь түлж өгч байгаа юм чинь тэр шарилыг хараагүй юу хэмээн асуухад “огт мэдэхгүй” гэхээс өөрийг хэлсэнгүй.

Харин 25 дугаар хорооныхны хувьд “Өрх толгойлсон эмэгтэй байдаг. Боломжийн тохьтой хүн байвал хөлслүүлмээр байна гэж байсан юм” гэцгээж байв.
Хачирхалтай нь хотын баруун хойд захад байшин хөлсөлсөн хүн яагаад хаяахан ирдэг байсан сонирхол татсан хэвээр байгаа юм.

Шарил 60х47х58 хэмжээтэй

Юутай ч шарилыг зарах гэж байсан тухай мэдээллийг авсан цагдаагийнхан цаг алдалгүй ажиллаж, одоо Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийг Гэмт хэргийн тухай хуулийн 26.4- Соёлын өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах, 26.1-т зааснаар Соёлын өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 26.2 заалтын дагуу энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна. Ямартай ч хэргийг шалгаж үзээд, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хэрвээ тухайн иргэн дээрх олдворыг салбар яам болон хариуцах байгууллагад нь хүлээлгэн өгсөн бол Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу төрөөс урамшуулал хүртэх байсан.


Анхны мэдээлэл цагдаад хууль бусаар түүхэн дурсгал худалдаалах гэж байна гэж ирсэн учраас нотлох баримт болох 60х47х58 хэмжээтэй шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Бурханч лам Г.Пүрэвбат: Их номтой хүн болох нь тодорхой

Шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүлээлгэж өгөх үеэр бурханч лам Г.Пүрэвбат байсан гэдгийг бид мэдээлсэн. Тиймээс өчигдөр өглөө түүнтэй холбогдон тодорхой мэдээлэл авахыг хүссэн юм. Тэрбээр “Очир завилгаар суулган зүүн мутрыг тэгш агуулсан баруун мутрыг цээжиндээ ном номлохын судартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил. Нэлээд эртний бөгөөд их номтой хүн гэдэг нь тодорхой. Гэхдээ судлах зүйл нэлээд байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээллийг дараа өгнө” гэсэн юм. Тэрбээр зарим хүнд “Сайтар хадгалагдсан “Гогнямба” байна лээ. Их сайхан, гялайтлаа чулуужсан юм. Даан ч сувдаг шунахай хүмүүсийн гараар цагаасаа өмнө гарч ирсэн бололтой” хэмээн халаглаж байжээ.

Түүнчлэн шашны зүтгэл­тгүүдийн хэлж буйгаар занданшуулсан гэж хэлж болно. Гэхдээ шашны ёсонд бясалгалын дээдийг олж ийн занданшсан байдлаараа байхыг “Гогнямба” хэмээн нэрлэдэг ажээ. Хэрвээ бурхан шашны томоохон төлөөлөл байх аваас хэдий цагаас нь эрт гаргаж ирсэн ч тахих боломжтой байдаг гэнэ. Ер нь амьд ахуйдаа хэн байснаас үл хамааран бурхан болоочтой хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг сануулж байлаа.


Ц.Амгалантөгс: Хатмал шарил ч гэж хэлж болно

Занданшуулсан шарил олдсон талаарх мэдээллийг лавшруулахаар бид Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амгалантөгстэй холбогдсон. Гэвч тус хүрээлэнгийнхэн энэ талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэлгүй, зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж, харсан тухайгаа хэлэв.


Ц.Амгалантөгс цааш нь “Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүлээлгэж өгсөн гэсэн. Манай байгууллагад албан ёсны мэдээлэл ирээгүй. Мэргэжлийн байгууллагын хувьд гайхаад л байж байна. Асуудал тодорхой болоод ирэхээр хамтарч ажиллан, нарийвчилсан судалгаа хийх байх. Судалгааны хариу анх олсон газрынх нь нөхцөл байдлаас хамаарч гарна. Өвлийн хүйтэн болчихсон учраас малтлага хийх нөхцөл зэрэг нь цаг хугацаа шаарддаг. Тухайн газар нь очих болон шарилын байдал зэрэгт нарийвчилсан судалгаанууд хийгддэг. Ингэснээр хэзээ, хэрхэн нас барсан, зориудаар болон байгаль, цаг уурын нөлөөгөөр өнөөг хүртэл хадгалагдсан эсэх нь тодорхой болно” гэсэн юм.


Архелогийн мэргэжилт­нүүдийн хувьд зандан­шуулсан шарил гэж нэрлэдэг. үүний англи орчуулга муми хэмээн тайлбарлаж байв. Түүнчлэн хатмал шарил ч гэж нэрлэх тохиолдлууд бий гэнэ. Өөрөөр хэлбэл арьс, мах, үстэйгээ удаан хугацаанд хадгалагдсан шарилыг хатмал гэж нэрлэдэг байна. Одоогийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрээс олдсон 10 гаруй хатмал шарил байдаг гэнэ.

Юутай ч энэхүү шарилыг одоогоор хамгаалалтад авч, хадгалснаас өөр ямар нэгэн байдлаар судалгаа, шинжилгээ хийж эхлээгүй байна. Чухам хэзээ, ямар багаар судалгаа хийлгэх нь ч тодорхойгүй байгаа ажээ.

Занданшуулсан шарилын тухай

Занданшуулсан шарил буюу англиар Муми гэдэг нь зориудаар болон тохиолдлоор агааргүй, маш бага чийгтэй орчинд зарим тохиолдолд эрс хүйтэн орчинд химийн бодисын нөлөөгөөр арьс болон мах нь хадгалагдсан үхдэл, цогцос. Хүн болон амьтдын занданшуулсан шарил дэлхийн бүх газраас олддог бөгөөд байгалийн өвөрмөц нөхцөл, зарим нь соёл иргэншлийн зан үйлийн нөлөөгөөр хадгалагдсан байдаг.
Мөн дундад зууны үед шашны өндөр зэрэг дэвтэй, эрдэм мэдлэгтэй лам хүмүүс суугаагаараа нас бардаг байжээ.
Нас барсны дараа занданшуулах юмуу чандарлах зэргээр оршуулдаг байна. Занданшуулах ёс нь дотроо өөрийн эрхтэй, өөрийн эрхгүй гэсэн хоёр янз байдаг.

Өөрийн эрхгүй гэдэг нь тухайн хүн амьд сэрүүн байхдаа “намайг занданшуулаарай” гэж гэрээслэх, эсвэл өөрийн эрдэм чадлаар биеэ ариусгаж, өөрийгөө занданшуулах сэтгэлийн хүчийг олж чадаагүй хүнд хэрэглэдэг арга юм. Энэ аргыг ихэвчлэн хаад, ихэс язгууртнуудыг оршуулахад хэрэглэдэг. Тусгай аргаар тухайн хүнийг бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохирыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулахыг хэлдэг.


Энэ аргыг ялангуяа дорно дахины орнууд илүү хэрэглэдэг бөгөөд монголын шашны ихэс дээдсүүдийг ингэж занданшуулдаг байж. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг.

Өөрөө өөрийгөө хатааж занданшуулсан хүмүүс байдаг бөгөөд ингэж өөрийгөө хатааж занданшуулсан шарилаас ямар ч эвгүй үнэр гардаггүй байна. Учир нь сэтгэлийн ариусалд хүрсэн учраас бие нь ямар ч хор хөнөөлгүй болсон байдаг. Тийм ариусалд хүрсэн хүний шарилаас гарч байгаа бүх зүйл сайн сайхан байдаг учраас суварганд хийгээд сүм дуганы шүтээн болгон залдаг аж.

 


Эх сурвалж: