sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Хэт даврагчдын “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийн эхнэр их хэмжээний мөнгийг Сири дэх террористуудад нууцаар хүргэдэг байжээ. “The Washington Post” сонинд мэдээлснээр, өнгөрсөн оны 12 дугаар сард баривчлагдсан Сажа ад-Дулейми 2014 оны хугацаанд олон арван мянган долларыг хэт давруу үзэлтнүүдэд хүргэж чадсан байна.

“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдадигийн эхнэртэй холбоотой хэргийг мөрдөн шалгаснаар “лалын шашинтнууд гэр бүлийн гишүүдийнхээ тусламжтайгаар Ойрхи Дорнод даяар мөнгө зөөвөрлөдөг аргыг илрүүлжээ”. Тухайлбал, Ливаны Батлан хамгаалах яамны мэдээллээр, ад-Дулейми доод тал нь 200 мянган доллар хүлээж авсан байна. Буяны байгууллагад шилжүүлж буй мэтээр цахим мөнгөн гуйвуулга хийх аргаар АНУ-д шилжүүлснийх нь дараа Ливан-Сирийн хилийн орчим орогнодог хэт давруу үзэлтнүүдэд хүргэж өгдөг байна. Энэ мөнгөний нэлээд хэсгийг Персийн булангийн орнуудын иргэд хандивласан болохыг мөрдөн шалгалтын явцад тогтоожээ.

Ийм ажиллагаа явуулахад террористуудын төрөл төрөгсөд бүгдээрээ оролцдог байж магадгүй гэж Ливаны тагнуулын албаныхан таамаглаж байна. Ливаны шинжээч Салем Захраны үзэж байгаагаар, “Аль-Каида” гэх зэрэг бүлэглэлүүд үнэт зүйлсийг хууль бусаар хил давуулахад ихэвчлэн эмэгтэйчүүдийг ашигладаг аж. Учир нь тэднийг хил дээр бараг нэгжин шалгадаггүй байна.

Өөрийгөө үнэнч лалын шашинтнуудын “халифаар” өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд зарласан аль-Багдадигийн эхнэрүүдийн нэг болох Сажа ад-Дулеймиг өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Ливаны хойд нутагт хууль бусаар хил давах гэж байхад нь баривчилжээ. Ливаны "Ас-Сафир" сонинд мэдээлснээр, түүнтэй хамт хэт давруу үзэлтнүүдийн “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн толгойлогчдын нэг Абу Али аш-Шешений эхнэр Аниса Шеркеса баривчлагджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: