sonin.mn

МАН-ын бүлгээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрийг нь өөрчилсөнтэй холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэхүү хэвлэлийн хуралд жанжин Д.Сүхбаатарын гуч Д.Сүхжаргалмаа оролцсон бөгөөд түүнтэй ярилцаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхдөө танайхны хэн нэгнээс асуусан уу?

-Ардчилсан ёсонд иргэдийнхээ саналыг харгалзан үздэг байтал биднээс асуулгүй нэрийг нь өөрчилсөнд ард түмнийхээ өмнөөс гомдолтой байна.

-Нийслэлийн Төв талбайг таны буурал өвөөгийн нэрээр нэрлэж байсан нь танай удмынхны бас нэгэн бахархал байсан болов уу?

-Сүхбаатарын талбай бол дан ганц манай гэр бүлийн төдийгүй монголчуудын бахархалт бүтээн байгуулалт. Учир нь, тусгаар тогтносон Монгол Улсыг цогцлоон байгуулахад сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийн хөдөлмөрөөр бүтсэн, өнгөрсөн зууны том бүтээн байгуулалт бол энэ талбай юм. Ер нь Сүхбаатарын хөшөө бол Монгол Улсын нийслэлийг дэлхийд төлөөлдөг бэлгэдэл. Олон улсын мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотыг энэ хөшөө л төлөөлдөг биз дээ.

 -Та Монголын шинэ түүхийн нэрт төлөөлөгчийн удам. Энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Монголын шинэ түүхийг бичилцэж явсан маршал Х.Чойбалсан, Самбуу даргын үр удам өнөөдөр ч тасраагүй байна. Хэдийгээр бидний гэр бүлийнх мэт боловч энэ бол улс орны асуудал. Манай гэр бүлийн түүх Монгол Улсын түүхтэй холбоотой учраас хэл ам, маргаан үүсгэхийг бид хүсдэггүй. Тиймээс анх хэл ам хийгээгүй юм, Тухайн үед талбайн нэрийг өөрчилсөнтэй холбоотой МАН-аас мэдээлэл хийж байсан. Ер нь сүүлийн үед бүхнийг шинэчлэх гэж зүтгэдэг болж.

Э.Бат-Үүл дарга хүртэл ийм зүйл хийж байгаад гайхаж байна. Тэрбээр Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Сэнгийн Эрдэнэ хэмээх агуу хүний хүү. Магадгүй хэдэн жилийн дараа одоогийн эрх баригчдаас ондоо үзэл баримтлалтай нөхдүүд гарч ирээд “С.Эрдэнэ гэдэг зохиолчийг өөр хэн нэгнээр солих нь зүйтэй, Энэ хүний буруу байж" гээд яривал С.Бат-Үүл даргад гомдолтой л санагдах байх даа.

-Д.Сүхбаатар жанжны хойч үе гэсэн нэр хүндийг авч явах амаргүй биз. Энэ хүний үр удам хэчнээн хүн байна вэ?

-Би эцэг, эхээс тавуулаа. Бидний нэр Сүхээр эхэлдэг. Хүн бүр өвөг удмаараа бахархдагтай адил манай гэр бүл буурал өвөөгөө хүндэтгэдэг. Тийм ч учраас буурал өвөөгийнхөө нэрийг би үр хүүхдүүддээ өгөөгүй юм.

Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: