sonin.mn


Сүрэнхорын Цэгмид гэх энэ эгэл монгол эмэгтэй амьдралын ер бусын замыг туулан 90 шахам насыг наслаж, өдгөө энх тунх аж төрж байна. Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд эцэг өвгөдөөс өвлөсөн мал ахуйгаа түшин ач зээ нарынхаа асрал хүндэтгэл дунд суугаа түүнтэй саяхан утсаар холбогдож ярилцлаа.

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Цас багатай боловч мал тэнхлүүн сайхан л өвөл болж байна. Би зун нь малын дэргэд зусаж, өвөлдөө сумын төв дээр том хүү Гомбосүрэнгийндээ өвөлждөг болоод удаж байна. Өвдөх өвчингүй, сэтгэл санаа өөдрөг сайхан л байна даа хүү минь.

-Эх орны дайны ялалтын 70 жилийн ой болно гээд сэтгэл догдлож суугаа биз дээ. Цэргийн сониноос ярилцлага авахаар ярьж байгаа юм. Уугуул нутаг усны талаар ярилцлагаа эхлэх үү?

-Говь Түшээ гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 1924 оны хаврын дунд сарын шинийн 8-нд төрсөн гэдэг юм. Багаасаа малын дэргэд өсч, мал сүргээ адгуулан малласаар 18 насандаа "Улсын сайн малчин” цол хүртэж, Хөдөлмөрийн гавьяаны одонгоор энгэрээ мялааж явлаа.

-Таны фронтод бэлэг хүргэж яваа үнэгэн лоовуузтай шавилхан бүсгүйн зураг олон түмний сэтгэлд хоногшиж, дайны тэртээх он жилүүдийг эрхэдгүй санагдуулдаг юм.

-1942 оны 11 дүгээр сард маршал Х.Чойбалсангийн тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж монголын ард түмний тусламжийн барааг Зөвлөлтийн армид гардуулахаар Москвад очсон. Бид Метрополь гэдэг, Улаан талбайгаас холгүй орших зочид буудалд байрласан. Монголоос нийт 40-өөд хүн ирсэн. Бид 4 хэсэг болон хуваагдаж байлдаж буй ангиудад бэлэг гардуулсан.




-Бид цуваанаас 10-аад хоногийн өмнө Москвад очсон. Монголоос хүрэлцэн ирсэн 271 вагон бүхий цувааг Москвад ирэхэд галт тэрэгний буудал дээр цуглаан болж, дараа нь шууд цэргийн хамгаалалтад авсан. Бид, хоёр сар гаруй хугацаагаар бэлэг гардуулсан. Очих ангийнхаа дайчдын тоо, мэргэжлээс шалтгаалан бид бэлгээ сонгон авч явдаг байсан.

-Голдуу ямар зүйлийг бэлэг болгон гардуулдаг байв?

-Өвөл цагт хэрэгтэй бүхэн байсан. Нэхий дээл, бээлий, эсгий гутлаас авахуулаад мах, цагаан идээ гээд монголын ард түмний юу байгаа, түүгээр тусласан бүхнийг хаягласан эзэдэд нь хүргэж өгч байгаа даа сэтгэл тун өндөр байсан.

-Таныг бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хэрхэн оруулав?

-1941 онд Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэнд гуай надад “Улсын сайн малчин" цол, тэмдгийг гардуулж өгч    байлаа. Манайх тэмээ хариулж байсан. Сүүлийн 3 жил дараалан ботгоо 98-100 хувь бойжуулсан амжилтыг маань үнэлж, сум, аймаг маань намайг энэ эрхэм алдарт тодорхойлсон юм билээ. Энэ эрхэм цолыг хүртэхэд миний ээж Сүрэнхор надад их тусалсан. Малч ээжийнхээ зааж сургаснаар явж энэ алдарт хүрсэнийг энд дурдах учиртай. Сайн малчин цол хүртэх гэж бас хөглөж явлаа шүү дээ.

-Яаж хөглөсөн гэж...

-Тэр үед холбоо харилцаа ч тааруу байж дээ. Намайг хотод бэлэн байлга гэсэн зар шуудангаар дамжсаар сумын төвд хүрэхэд би тэмээгээ оторлуулаад явчихсан байсан. 3 хоног үлдсэн байхад би бэлчээр дээр урилгыг хүлээн аваад зогсож байлаа шүү дээ. Тэр өдрөө Зис-5 машины ачаан дээр сууж аймгийн төв орсон. Аймгийн дарга Мижид гэж сайхан хүн байлаа. Намайг хүлээн аваад өөрийн машинаа гаргаж өгч хот руу хүргүүлж байлаа. Нутгийн удирдлага, олон түмний тусламж, дэмжлэгээр 3 хоногийн дотор хотод ирж, Бумцэнд даргын өмнө сэтгэл догдлон зогсож байлаа.

Хүмүүс намайг ийм залуугаараа “Улсын сайн малчин” боллоо гэж баяр хүргэж, одоогийн залуучуудын хэлээр бол “од” болж явсан. Фронтод бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бас санамсаргүй багтсан. Цэл залуугаар сайн малчин болсон амжилт гол түлхэц болсон гэж боддог. Маршал Х.Чойбалсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд намайг оруул гэж хэлсэн гэсэн.

-“Хувьсгалт монгол” танкийн цувааг Та бүхэн гардуулж өгсөн үү?

-1943 оны 1 дүгээр сард дөнгөж үйлдвэрийн цехээс гарсан шинэхэн 48 танкийг байлдаж буй ангиудад гардуулах ёслол болсон. Танкуудын цамхаг дээр маршал Х.Чойбалсан, Д.Сүхбаатар болон аймгуудын нэр бичигдсэн байсан. Миний хувьд Дундговь аймгийн хөдөлмөрчдөөс гэсэн бичигтэй танкийг Сергей Волков даргатай экипажид хүлээлгэн өгсөн юм. Манай төлөөлөгчдийг төлөөлж Улсын баатар Ш.Гонгор үг хэлж, улаан армийн дайчдад амжилт хүсч, монголын ард түмний тусламжаар бүтээгдсэн эдгээр төмөр хүлгүүдээр харгис дайсныг даран сөнөөхийг ерөөсөн.

-Тусламжийн эд материал дотор багагүй хэмжээний алт явсан гэж сонссон юм. Энэ талаар Та юу хэлэх вэ?

-Хэдэн том модон хайрцагтай зүйл байсан. Манай төлөөлөгч нар дотор нь алт, мөнгөн эдлэл, бусад үнэ цэнэтэй зүйл байгаа гэж ярилцаж байсан. Маршал ч бидэнд нэг удаа яриа хийж байхдаа манай ард түмчий бэлэглэсэн алт    үнэт эдлэлээр Зөвлөлтийн дайчдад хэрэгтэй танк, нисэх онгоц бүтээлгэхээр авч яваа гэж хэлж байсан. Би 3 цэнийн алтан бөгжөө Зөвлөлтийн ард түмний ялалтад зориулж бэлэглэж байсан.

Миний хувь нэмэр ч байлдааны хүчит техник болж Гитлерийн харгис цэргийг бут цохих болно гэж бодохоор сайхан санагдаж байж билээ. Дээр ярьсан танкуудыг тэрхүү үнэ цэнэтэй зүйлүүдээр авсан юм билээ. Би ч тэр үед залуу байсан болоод зарим юмны утга учрыг сайн ойлгодоггүй байж дээ.

-Таны дурсамжид дайсны талд хохирол учруулж байсан гэж дурдагддаг. Энэ тухайд тодруулж ярина уу?

-Бид Москвад хоёр сар шахам хугацаагаар байхдаа хэд хоноод л фронтод байлдаж буй ангиудад очиж бэлэг гардуулж байлаа. Нэг удаа их бууны ангид очсон    юм. Хорооны дарга нар биднийг хээрийн нөхцөлд ч гэсэн гүн хүндэтгэлтэй хүлээн авсан. Галын шугаманд байгаа их буунуудаа үзүүлж, дайчидтайгаа уулзуулсан. Би их бууны дайчдаас “Энэ үхэр буугаар яаж бууддаг юм бэ” гэж асуухад тэд элгээ хөштөл инээлдэж, үхэр бишээ, их буу байхгүй юу гэж залруулсан. Тэгээд намайг буудаж үзэхгүй юу гэж урилаа. Би хэдийгээр айж байсан ч монгол бүсгүй айгаад буудаагүй гэж дараа нь инээлдэх байх даа гэж болгоомжилж, буудъя гэв. Нэг байлдагч их бууны урт сум барьж ирээд шохойгоор ямар нэг зүйл бичих үү гэлээ.

-Юу гэж бичмээр санагдаж байв?

-“Фашистууд тонил” гэж бичмээр санагдсан. Орчуулагчаараа дамжуулж хэлбэл зөвлөлт нөхдөд маань таалагдсан бололтой инээмсэглэн толгой дохиж байна. Ингээд суман дээр миний хэлсэн үг орос хэл дээр бичигдэж, надад урт олс атгууллаа. Би нүдээ аньж байгаад их бууны оньсыг татсан. Газар тэр чигээрээ доргиж, шороо манараад явчихсан. Би нүдээ тас аниад мөрөө хавчаад зогсчихсон. Буудлага дууссан гээд хэн нэг нь намайг арагш татаж байлаа. Их буу гэдэг аргагүй л “их" нэрэндээ тохирсон асар их дуу шуутай эд байсан.

-Буудлагын үр дүнгээ мэдэж чадсан уу?

-Орой нь буудалдаа ирээд амарч байтал их бууны ангиас утас цохиж, миний буудсан сум дайсны талд амьд хүчний багагүй хохирол учруулсан тухай баяртай мэдээ дуулгасан. Бэлэг хүргээд зогсохгүй, их ялалтад хувь нэмрээ оруулсандаа сэтгэл өег явдаг. Дараа нь бид нисэхийн ангид очлоо. Би тэнд нисгэгч Носов гэдэг залуутай танилцаж, өөрийн бөгжөө дурсгаж байсан юм. Тэрээр намайг онгоцондоо суулгаж , пулемётоор хэрхэн бууддагийг үзүүлж байсан. Онгоцны бүхээгний хажууд олон таван хошуу зурагдсан байж билээ. Асуухад дайсны онгоцыг сөнөөх бүртээ таван хошуу зурж тэмдэглэдэг гэж байсан. Хожим бид дайны дараа уулзалдсан сонин тохиолдол байдаг юм.

-Хаана, хэрхэн уулзсан гэж...

-1976 онд баяр наадмаар манай аймагт Зөвлөлтийн төлөөлөгчид айлчилсан. Тэдний бүрэлдэхүүнд ирсэн    гвардийн хошууч намайг сураглаад байна гэсэн хэл ирсэн. Хүрч очвол Носов дүрээрээ мөн дөө. Түүний энгэрт ЗХУ-ын баатрын тэмдэг, алтан таван хушуу гялалзаж байгаа нь түүнийг улам сүртэй харагдуулж байсан. Бид ах дүүгийн ёсоор тэврэлдэн уулзаж, нулимс дуслуулж байлаа. Носов найз маань миний бэлэглэсэн бөгжийг надад үзүүлж, насан туршийн нөхөрлөлийн билэг тэмдэг болгон хадгалж яваа гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Түүнийг гэртээ урьж, тэмээ унуулж, цайлган сэтгэлийн илэрхийлэл ингэний хоормогоор дайлж явлаа би. Бид 1980-аад он хүртэл захидлаар харилцаж байгаад сураг тасарсан. Дайнаас олсон шарх найзыг маань урт наслахад саад болсон байх гэж бодож сэтгэл хөндүүрлэж явдаг.

-Дайны цагийн Москваг товч дүрслэж хэлбэл...

-Гудамж бүрийн эцэст агаарын их буунууд суурилуулсан, хүн ард нь дүнсгэр царайтай ч ялалтад итгэл төгс байдаг байсан. Орой болохоор хөл хориотой цаг эхэлдэг. Өглөө ажил цуглах хүртэр гудамжаар цэргийнхэн голдуу явж харагдана. Хаана ч очсон дайны цагийн хатуу дэг журам, сахилгаар ажлаа зохицуулж байгаа нь ажиглагдана. Дайн болж байгаа болохоор засвар тохижилтын ажил хийгдээгүй. Нурсан байшин, барилга, онгоцны бөмбөгөөс үүссэн хонхор энд тэндгүй тааралдана. Москва тэр үед бүдэгдүү саарал гэх юм уу даа, тийм нэг өнгөтэй байсан. Одоо бол өнгөт зураг шиг гоё болсон.

-И.В.Сталинтай уулзалдаж байв уу?

-Төлөөлөгчдийг ахлаж явсан маршал Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ч.Сүрэнжав гуай нарыг Москвад очсоны дараа И.В.Сталин хүлээн авч уулзаж, талархал илэрхийлсэн. Биднийг буцахын өмнөхөн И.В.Сталин оройн зоог барьсан. Маш энгийн сайхан хүн санагдсан. Бид нартай бүгдтэй нь халуун дотно гар барьсан. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Манай ард түмэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалах хүнд амаргүй ч нэр төртэй дайнд оролцож байна. Та бүхний бэлэглэсэн нэхий дээл шиг халуун дулаан сэтгэл бидний урам зоригийг бадраалаа" гэсэн утгатай үг хэлж байсан.

-Фронтод бэлэг хүргэсэн хүмүүс эх орондоо дуулгах сонин ихтэй ирсэн биз?

-Бид 1943 оны 2 дугаар сарын эхээр ирсэн. Биднийг үйлдвэр аж ахуйн газруудад хуваарилж хөдөлмөрчидтэй уулзалт хийлгэсэн. Дайны фронт дээр байдал ямар байна. Бидний явуулсан нэхий дээл, бусад бараа жинхэнэ эзэддээ хэр таарч байна. Зөвлөлтийн дайчид юу хүсч байна гээд олон зүйлийг асууж байлаа. Эдгээр уулзалт цуглааны үеэр ч хүмүүс норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх, идэх хоол, өмсөх хувцсаа хасч Зөвлөлтийн ард түмэнд туслах амлалт үүрэг авч байсан.

-Тэр үед дайны үе байсан болохоор манай ард түмний амьдрал ч сайнгүй байсан даа?

-Лаа олдохгүй өөхөн дэн барьдаг, гурил ховор хивэг, арвай зэргээр хооллодог байлаа. Үйлдвэрийн ажилчид ээлжээр өдөр шөнөгүй ажилладаг байсан. “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриа энд тэндгүй хадаатай. Манай ард түмэн хоолоо хагаслаж, нойроо хасч байж агуу их ялалтад хувь нэмрээ оруулсан. Түүхийн энэ үнэнийг хойч үеийнхэн сайн мэдэж, өмнөх үеийнхээ туулсан зам, амжилт бүтээлийг хүндэтгэж яваасай л гэж би хүсдэг юм.

-Их ялалтын ойд ирж оролцоно биз дээ?

-Миний тэсч ядан хүлээдэг баяр шүү дээ. Жил бүр ялалтын баяраар нийслэлдээ очиж, Зөвлөлтийн дайчдын болон маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөхөд оролцдог. Оросын элчин сайдын яамнаас намайг их харж үздэг юм. Байсхийгээд хэдэн төгрөг өгнө. Бас салхин сэнс, нарны зай хураагуур авчирч суурилуулж өгсөн гээд байнга анхаарал тавьж байдагт баярлаж явдаг. Энэ жил төр засаг маань хөгшин надад боломж олговол алтан Москва орж, алдарт Улаан талбайд дахин хөл тавих юмсан гэж мөрөөдөж сууна. Бие тэнхлүүн байгаа дээрээ ялалтын ойдоо оролцох бодолтой, хэрэндээ л биеэ тордож суунаа би. Өнгөрсөн хавар нуруундаа бага зэрэг гэмтэл авсан. Одоо гайгүй илааршиж байна.

-Манай сонины уншигчдад хандаж юу хэлмээр байна?

-Ялалт их үнээр олдсон гэдгийг ойлгож, хоёр орны ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлд үнэнч яваарай гэж захья даа. Цэргийн хүмүүс харахаар тэртээх он жилүүд нүдэнд харагдах шиг болдог. Эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж буй цэргийн хүүхдүүддээ амжилт хүсье дээ. Улсын сүр цэрэгтээ байдаг юм шүү.

-Баярлалаа. Танд урт удаан наслахыг ерөөе.

Г.Нямдорж
Эх сурвалж: "Соёмбо" сонин