sonin.mn

ВАШИНГТОН. /VOA/. Калифорни муж улсын Анахейм хот дахь Диснейлендийн хүрээлэнгээс улаан бурхан тархжээ. Үүнтэй холбогдуулан вирусийн гаралтай уг өвчний вакцинжуулалтад хамрагдахыг америкчуудад хандан тус улсын эрүүл мэндийн байгууллагууд уриалж байна. Уг өвчний халдвар авсан хүмүүст халуурах, байнга ханиалгах, бүх биеэр нь улаан юм туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм.

Амьсгалын замаар халдварладаг учир энэ өвчин амархан тархдаг бөгөөд тархи нугасны үрэвслээс гадна өөр бусад ноцтой өвчний эх үүсвэр байж болзошгүй. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, өнгөрсөн оны сүүлээр уг өвчин Диснейлендийг үзэж сонирхсон хүмүүс болон ажилчдад анх халдварлажээ. Өнгөрсөн оны эцсээс хойш тус улсын долоон муж улсад улаан бурхны халдвар авсан 67 тохиолдол бүртгэгдсэн байна.

Вакцинжуулалтад хүмүүсийг өргөнөөр хамруулсны ачаар улаан бурхангүй улс болсноо 2000 онд АНУ зарлаж байсан юм. Гэхдээ тэр үеэс хойш улаан бурхны халдвар авсан 100-200 тохиолдол жил бүр бүртгэгдсээр байжээ. 2014 онд өвчтөнүүдийн тоо 600-гаас давж эрс нэмэгдсэнээр вакцинжуулалтад хамрагдахыг олон нийтэд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв уриаллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: