Хэт хутга:
Монгол эрчүүдийн бүснээсээ зүүж явдаг гоёл бол хэт хутга юм. Хэтэн дээр дүрсэлдэг хээ нь цэцэг, болон эвэр угалз, тохомтой угалз зэрэг юм. Энэ бүгдийг мөнгөөр хийдэг. Хутганы хажууд хос савх хатгаастай байдаг. Хутгаа ар нуруу бүсэндээ хавчуулан зүүж, айлд орохдоо сугалан унжуулдаг ёстой байв.
 
Гаанс:
Нэгэн төрлийн тамхины хэрэгсэл бол гаанс. Гаансыг соёо хэлбэртэй сэтгүүр, хагас дугуй хэлбэртэй цохилбортой хамт хэрэглэж, гутлын түрийндээ шургуулан хийж явдаг. Гаанс нь толгой, их бие, соруул зэргээс бүрдэнэ. Гаансны толгойг ган, гууль зэргээр, их биеийг модоор хийх бөгөөд заримдаа бүхэлд нь ясаар хийх нь буй. Гаансны аманд зуугдах хэсгийг соруул гэнэ. Хамгийн үнэтэй нь цагаан өнгөтэй, уртавтар хаш соруул юм. Сэтгүүр, цохиурыг мөнгөн гинжээр тамхины савтай холбодог. Гаанс ихэвчлэн 30-40 см урттай байх бөгөөд зөвхөн соруулын урт нь 10 см хүртэл урт байх нь бий. 
 
Хөөрөг:
Xамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров зэрэг үнэт чулуугаар хийсэн эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлана. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эвэрний яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх нь ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлж хэрэглэдэг байж. Хожим уламжлал ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ. Хөөргийг эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгана. Бэл чинээтэй өндөр хэргэмтнүүд хавтганы, ямбаны, ширээний хөөрөг гэж хэд хэдэн хөөрөг хэрэглэдэг байв. Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байсан бөгөөд ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёсон байв. Монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц их чухал байдаг.
 
Даалин:
Эрчүүд зөвхөн гараар урлаж, оёсон даалинд хөөргөө хийж, бүсэндээ зүүх буюу өвөртлөн явна. Даалинг сайн даавуу, хоргой торго, булигаар савхи зэргээр оёж, элдэв хээ угалз хатган, гоёж чимдэг. Даалин бол эхнэр, бүсгүй хүнийг хэр зэрэг уран оёж шагладагийг, хадам нь бэрийнхээ оёдол хатгамалд ямар уран болохыг харах нэг ёсны шалгуур байжээ.
 
Аяганы уут:
Эрэгтэйчүүд өөрийн аягыг зориулалтын уутанд хийж, бүсэндээ хавчуулан явдаг байв. Голдуу мөнгөн аяга авч явах бөгөөд тухайн хүний бэл бэнчингээс шалтгаалж модон тагш ч авч явах нь бий. Айлд ороод гэрийн эзэнтэй мэндэлж тамхилаад өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Аяганы уутыг торго, бүс даавуугаар хийж, гоёмсог хээ угалзыг зүү ороон оёж, саа самнан хатгаж, чимэглэсэн байдаг.
 
Бусад гоёл: 
Монгол эрчүүд дээл, гутал, хувцаснаас гадна эмээл хазаар, сайн модоор хийж яс, мөнгө зэргээр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйлаар гоёдог. Түүнчлэн мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж хэрэглэх зэргээр “эдээр биеэ чимж , эрдмээр толгой, ухаанаа” чимж иржээ. 
 
Эх сурвалж: "Хөдөлмөр сонин"